Онцгой байдлын байгууллагад энэ сарын 14-17-ны өдрүүдэд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой, хээрийн түймрийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Өнөөдөр буюу есдүгээр сарын 17-ны өдрийн 10:30 цагийн байдлаар 3 удаагийн ой, хээрийн түймрийн дуудлагын дагуу унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

Түймрийн эрсдэл өндөртэй энэ үед иргэдийг сонор сэрэмжтэй байж, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын байгууллагаас анхааруулж байна. Иргэд ой, хээрт зорчихдоо асаасан гал, шүдэнз, тамхины гал, цог, түүдэг гал, үнс нурмыг бүрэн унтраах, халуун үнс нурмыг зориулалтын таглаа бүхий нүх, саванд хийх шаардлагатай.

Мөн айл өрхүүд хог, өвсийг ил задгай шатаахгүй байх, гэр, сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, шашны зан үйл хийхдээ арц, хүж, зул зэргийг асааж орхихгүй байхыг анхааруулж байна.

Түймрийн аюултай энэ үед хог, хаягдлыг зөөж тээвэрлэх, хаяхдаа гал түймрийн аюулгүй байдлыг хангаж, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг иргэн бүрд уриалж байна.