СОНСГОЛ: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам 7 төрлийн бүтээгдэхүүнд урамшуулал олгосон ч үнийн дүн нь 349 тэрбум төгрөгөөр зөрүүтэй байна
39 минутын өмнө

Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос зохион байгуулж буй Ерөнхий хяналтын сонсгол өчигдөр эхэллээ.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт төрөөс долоон төрлийн урамшуулал олгожээ.

Аудитаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар 174,127.1 тэрбум төгрөгийн таван албан шаардлага өгч, 18 сая төгрөгийн нэг акт тогтоон, хууль хяналтын байгууллагад хоёр асуудлыг шилжүүлж, ХХААХҮС-д зөвлөмж өгч, Улсын Их Хуралд аудитын тайлангаар холбогдох асуудлыг толилуулсан гэдгийг Ерөнхий аудиторын орлогч онцолсон юм.
Үргэлжлүүлэн Төрөөс сүү, мах, ноос, ноолуур, хүнсний ногоо, арьс шир, улаанбуудайн чиглэлээр зарцуулсан урамшууллын хэмжээ, үр дүнгийн хэрэгжилтэд хийсэн хөндлөнгийн шинжээчийн дүгнэлттэй танилцлаа.
Шинжээч ирүүлсэн материалын хүрээнд авч үзэхэд, 2008-2025 онд төрөөс долоон төрлийн бүтээгдэхүүнд урамшуулал олгосон бөгөөд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас ирүүлсэн тушаал, шийдвэр, санхүүгийн бусад баримтуудад дүн шинжилгээ хийхэд үнийн дүн 349 тэрбум төгрөгөөр зөрүүтэй байгаа нь салбарын яамнаас мэдээллээ бүрэн ирүүлээгүйтэй холбоотой гэв.

Мөн шинжээч төрийн урамшууллыг асуудал шийдвэрлэгдсэн эсэхээр бус олгосон дээр төвлөрч хэрэгжүүлсэн, урамшууллын шалгуур үзүүлэлтийг боловсруулж, ил тод мэдээлээгүй, урамшууллын олголт, үйлдвэрлэлийн бодит үр дүн, төсвийн зарцуулалтын мэдээлэл хоорондоо уялдаагүй байна хэмээн дүгнэжээ. Иймд урамшууллын талаар холбогдох журам, тогтоолд үр дүн буюу хэмжих шалгуур үзүүлэлт, чиг үүрэг, хариуцлага байхгүй, урамшууллыг үр дүнтэй эсэхэд дүгнэлт хийх боломжгүй байна хэмээн дүгнэлтдээ дурдсан байлаа.
М.Мандхай: Тоо төдий бус үүний цаана иргэдийн амьдралд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх зорилготой хэрэгжүүлж буй арга хэмжээний үр дүн
Сонсгол даргалагч М.Мандхай: Салбарын сайдын танилцуулгыг нэгтгэн дүгнэхэд мах махан бүтээгдэхүүний дотоодын хангамж 2021 онд 97 байсан бол 2025 онд 93 хувь, сүүн бүтээгдэхүүний дотоодын хангамж 2021 онд 61 байснаа 2025 онд 59 хувь, гурилын дотоодын хангамж 2021 онд 98 байснаа 2025 онд 81 хувь болон буурч, харин өндөгний дотоодын хангамж 2021 онд 51 байснаа 2025 онд 66 хувь болж өссөн гэдэг нь харагдлаа.
Эдгээр үзүүлэлт өсөж, буурч байгаа нь зөвхөн тоо төдий бус үүний цаана иргэдийн амьдралд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх зорилготой хэрэгжүүлж буй арга хэмжээний үр дүн харагдаж байгаа гэдгийг бодох ёстой
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан: ХХААХҮ-ийн салбар чинь мафижчихсан юм биш үү дээ
-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаасын хэрэгжилтийг нягтлах шаардлагатай байна. Олон жилийн хугацаанд энэ салбарт төрөөс их хэмжээний дэмжлэг, урамшуулал олгож ирсэн.
Гэтэл төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, зээлийн хүүгийн татаас бодит үйлдвэрлэгч, малчин, тариаланчдад хэр хүртээмжтэй очсон, хэн ямар шалгуураар хүртэж ирсэн бэ гэдгийг сонсголоор тодорхой болгох ёстой. Энэ салбарт ашиг сонирхлын сүлжээ бий болсон юм биш үү, ХХААХҮ-ийн салбар чинь мафижчихсан юм биш үү дээ гэсэн асуудал тавигдаж байна.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: 30 байгууллага хуурамч материал үйлдэж, 562 сая төгрөгийн урамшуулал авсан
-Улаанбуудайн урамшуулалтай холбоотой материалыг харахад 30 аж ахуйн нэгж материалыг хуурамчаар үйлдэж, 562 сая 200 мянган төгрөгийн урамшуулал авчихсан байна. Энэ бол мэдээлэлд ойр, эрх мэдэл, албан тушаалд ойр нөхдүүдийн хийж байгаа ажил.Төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал бол татвар төлөгчид, ард түмний мөнгө. Тиймээс төрийн дэмжлэгийг хэн, ямар шалгуураар авсан, хууль бусаар болон хуурамч материал бүрдүүлж авсан эсэхийг нэг бүрчлэн нягтлах шаардлагатай.Энэ бүхэнд хяналт тавих үүрэгтэй байсан, төсвийн мөнгийг хариуцаж байсан албан тушаалтнуудын хариуцлагын асуудлыг ч ярих ёстой. Ард түмний мөнгөөр туйлсан албан тушаалтнууд бүгд ажлаа өгөх хэрэгтэй.






