Прокурорын байгууллага төрийн өмчит “Цемент Шохой” ХХК-ийн удирдлагуудад холбогдох 4.6 тэрбум төгрөгийн авлигын хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. 

Тодруулбал Д.Б нь “Цемент Шохой” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар, Ж.М нь борлуулалтын хэлтсийн даргаар, А.С нь санхүү, удирдлагын газрын даргаар ажиллаж байхдаа бүлэглэн нэр бүхий компаниудын төлбөрийг дараа төлөх нөхцөлөөр худалдан авах гэсэн хүсэлтийг холбогдох дүрэм, журмыг зөрчиж, хуралдаанаар хэлэлцүүлэлгүй, нэмэлт гэрээ байгуулахгүйгээр шийдвэрлэж, “М...” ХХК-д 1 тэрбум 646 сая төгрөгийн үнэ бүхий 5.8 тонн цемент, “Т...” ХХК-д 548.7 сая төгрөгийн гурван тонн цементийг зээлээр олгож давуу бусдад байдал бий болгосон;

Н.Г нь ““Цемент Шохой” ХХК-ийн стратеги төлөвлөлт, бизнес хөгжлийн газрын даргаар ажиллаж байхдаа “Ө...” ХХК-аас гаргасан хүсэлтийг ажлын хэсгээр хэлэлцүүлж, шийдвэрлээгүй гэдгийг мэдсээр байж, үл хөдлөх хөрөнгийн барьцаанд үндэслэн дараа төлбөрт нөхцөлөөр гэрээ байгуулж, 2 тэрбум 446 сая төгрөгийн үнэ бүхий 8.9 тонн цементийг зээлээр олгож, бусдад давуу тал бий болгосон;

П.З нь“Цемент Шохой” ХХК-ийн хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа Т.А, Х.Т, Д.Б нарын албан тушаалтнуудтай бүлэглэн техникийн тодорхойлолтод нүүрсний төсөвт өртөг болон тээвэрлэлтийн хэмжээг дур мэдэн, үндэслэлгүйгээр өөрчилж нийт тоо хэмжээг нэмэгдүүлж, “Ш....” ХХК-д давуу байдал бий болгосон гэх нэр бүхий 10 хүнд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1,2,3 дахь хэсэг (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхэд шилжүүлжээ. 

 

Эх сурвалж: Монгол Улсын Ерөнхий Прокурорын Газар