Р.Сэддорж: Төсвийн төслийг засаж залруулахгүй л бол биднээр хэлэлцүүлж яах юм
51 минутын өмнө

Улсын Их хурлын гишүүн Р.Сэддоржтой ярилцлаа.
-Энэ оны төсвийн тодотголыг баталсан. Төсвийн тодотгол дээр та ямар байр суурьтай байгаа вэ?
-Энэ удаагийн төсвийн тодотгол хуримтлагдсан асуудлуудаа шийдсэн, сайн тодотгол боллоо гэж миний хувьд үзэж байгаа. Ялангуяа миний хувьд тэтгэврийн хөгшид маань 700 гаруй мянган төгрөгөөр яаж амьдрах юм бэ гэдгийг сүүлийн 10 гаруй жил ярьсан. Ядаад нэг сая, болбол 1.5 сая төгрөг болгочих хэрэгтэй байгааг хэлсээр ирсэн. Тиймээс энэ асуудлыг шийдсэн нь маш чухал. Төрийн албан хаагчдын цалин, тэтгэврийг нэмэхээр инфляци өснө, үнэ хөөрөгдөнө гэсэн хий хоосон яриагаа болих хэрэгтэй. Тийм болохоор энэ удаагийн төсвийн тодотголд сэтгэл хангалуун байгаа. Монгол мөнгөгүй бас биш. Байгаа мөнгөө зарцуулж чаддаггүй. Зарцуулахдаа эрэмбэ дарааллаа баримталдаггүй. Нутаг усаараа хуйвалддаг. Монгол Улсыг хөгжүүлэхийн тулд нэгт үүнийг, хоёрт түүнийг гэж эрэмбэлдэггүй. Өөрсдийнхөө амин хувиа л боддог. Ийм учраас л болохгүй байгаа юм.
-Нөгөө талдаа төрийн албан хаагчдын цалин, тэтгэврийг нэмчихээр хувийн хэвшлийнхэн хэцүү байдалд ордог. Гэтэл төсвийн тодотголд хувийн хэвшлийг дэмжих үг, үсэг ч байгаагүй гэдэг шүүмжлэлийг зарим нь хэлж байна. Үүн дээр юу хэлэх вэ?
-Одоо татварыг л бууруулах хэрэгтэй шүү дээ. Тэр хүмүүсийн амьдрах орон зай гэдэг чинь ерөөсөө л татвар. Гэтэл үүнийг нь сүүлийн хэдэн жил ч хөдөлгөөгүй юм. Ийм байж данхайсан төсөв үүсгэх гээд хүч бяраар татвар авдаг. Үүнийх нь үр дүнд хувийн хэвшлүүд оршин тогтнох ямар ч боломжгүй болдог. Улмаар татан буугддаг. Тэгэхээр төрийн албаны бүтэц орон тоог багасгах шаардлагатай. Манай улсад 20-иод яам байх ямар ч шаардлага байхгүй. Бэлгэдлийн есөн яамтай байхад л болчихоор юм. Бусад оронд байгаль орчин, хөдөө аж ахуйн салбар нь нэг л яамтай. Дотроо хариуцсан хэлтэс, газартай үйл ажиллагаагаа явуулаад болоод байна. Тийм болохоор төрийн албаны данхар бүтцийг багасгачихвал мэргэшсэн хүмүүс үлдээд, бусад нь хувийн хэвшил рүүгээ орж ажиллана шүү дээ. Дээрээс нь татварыг буулгах маш чухал. Төсвийн орлогыг ингэж хэт тэлэх нь сайн зүйл огт биш. Алгуур, тогтвортой өсөлттэй авч явмаар байна л гэсэн бодолтой явдаг.
-Ирэх оны төсвийн төсөлд Оюу толгойгоос орж ирэх ногдол ашгийн гурван их наяд төгрөгийг бүтээн байгуулалтад зарцуулахаар тусгасан нь маргаан дагуулаад байна. Үүн дээр та ямар байр суурьтай байгаа вэ?
-Тэр аймгуудын төвд барих 10 дулааны станц үнэхээр харамсалтай юм болсон. Үүнийг одоо Монголын төр л дуусгаж таарна. Ер нь явж, явж тэр үлдсэн нэг их наяд төгрөгийг нь говийг усжуулах ажилд зарцуулах ёстой. Оюу толгой говьд үйл ажиллагаагаа явуулдаг. Говийн гүний усаар зэс баяжуулж байгаа. Говийн ард түмний ирээдүйд хэрэглэх усаар өдөр, шөнөгүй ажиллаж байгаа учраас түүнд нь зарцуулах хэрэгтэй.
-Иргэдэд бэлнээр өгөх, өгөхгүй гэдэг дээр юу хэлэх вэ?
-Иргэддээ бэлнээр нь өгөх ёстой. Дээрээс нь говийг усжуулах ажилд зарцуулах хэрэгтэй л гэсэн байр суурьтай байгаа.
-Говийг усжуулах төсөл чинь улсын төсөвт тодорхой мөнгө тусгаад эхэлчихсэн биз дээ?
-Хоёр төсөл байгаа. Зүүн нь тал хээрийн бүсээс үерийн усыг хуримтлуулж говь руу явуулах ажлынх нь ТЭЗҮ хийгдээд дуусчихсан. Одоо баруун тал буюу Орхон голоо түшиглэсэн Онгийн төслийн ТЭЗҮ хийгдэж байгаа. Энэ чинь 870 сая ам.доллар буюу гурван их наяд төгрөг байхгүй юу. Энэ төслөө эхлүүлчихвэл мөн ч их хэрэгтэй байна. ТЭЗҮ чинь таван жил дотроо хүчинтэй байдаг юм. Энэ хугацаанд эхлүүлж чадахгүй бол өөрчлөгдөөд, дахиад л мөнгө хэрэгтэй болно. ТЭЗҮ хийх мөнгийг нь Оюу толгойгоос гаргуулж хийлгэсэн юм.
-Ирэх оны төсвийн төсөл дээр засаж залруулмаар зүйлс юу байна вэ?
-Тэвчиж болох зардал буюу ширээ, сандлаас эхлээд олон зүйл байна. Дээрээс нь хувийн хэвшил хийчихээр ажлууд, заавал байшин барилга хэрэггүй, цахимаар асуудлыг нь шийдэж болмоор ажлуудыг бид шүүмжилж байгаа. Гадаад явах зардлаа ч багасгах хэрэгтэй. Хувийн хэвшлүүдээр хийлгэж болох ажлуудыг нь хийлгэх л ёстой. Хүүхдийнхээ “Үдийн цай”-г өгч чадахгүй байж гадаад явж, үнэтэй ширээ, сандал аваад яах юм. Одоо чинь 1-5 дугаар ангид нь өгсөн болоод 6-12 дугаар ангийн хүүхдүүдэд өгдөггүй. Гэтэл тавдугаар ангийн дүү нь хоолныхоо талыг долдугаар ангийн ахдаа аваачиж өгч байна шүү дээ.
-Иймэрхүү зүйлүүдээ засаад явах боломж бололцоо хэр харагдаж байна. МАН-ын зарим гишүүн “Ингээд орж ирснээр нь боогоод саналаа өгөөд л явахаар болж байх шиг байна” гэсэн зүйлийг хэлж байна лээ?
-Дүнг нь өөрчилдөггүй юм гэхэд дотор нь солих зүйлс байх л ёстой. Энэ 126 гишүүн чинь үүний төлөө л энд сууж байгаа. Засаж залруулахгүй юм бол биднээр хэлэлцүүлж яах юм. Засахын тулд л бид энд сууж байгаа.
-Ардчилсан намын бүлэг шинэ даргатай болсон. Гэвч даргаа эсэргүүцээд хурлын ирц нь хүрээгүй гэсэн яриа байна. Тийм зүйл байгаа юм уу?
-Тийм зүйл огт байхгүй. Энэ бол гадаад, дотоод томилолттой л холбоотой. Мөн бүлгийн дотоод зохион байгуулалтыг хэлэлцэхийн тулд заавал 22 гишүүн байх ёстой юм байна. Түүнийгээ л хүлээж байгаа. Манай нам чинь 2027 болон 2028 оны сонгуульд ялахын төлөө л явж байгаа учраас ямар ч элдэв ярианд автахгүй. Бид дотроо эв нэгдэлтэй байгаа. Эрх бариагүй 10 жил болчихоод эв нэгдэлтэй байхгүй бол хэн ч биш болно. Тийм учраас улс төрийн ажил хийж байгаа хүмүүс бүгдээрээ хариуцлагатай байж шинэ даргаа сайхан дэмжээд явах хэрэгтэй.
-Таны хувьд бүлгийн даргадаа нэр дэвшинэ гэж яригдаж байсан, дэвшээгүй. Яагаад дэвшээгүй юм бэ?
-Гурван хүн нэр дэвшчихээр аль нэг нь 22 хүний санал авч чадахгүй байдал бий болчих гээд байсан учраас би намынхаа эв нэгдлийг бодоод нэрээ татсан. Миний хувьд Монгол Улсыг тэжээж байгаа говийн бүс нутгаас сонгогдсон. Монголын ард түмэн, Ардчилсан намыг дэмждэг хүмүүст эдийн засаг, уул уурхай, мал аж ахуйг хэрхэн зүй зохистой цааш нь явуулахыг хэлж чадах, мэдэх хүний нэг л дээ. Аймгийн Засаг даргаар ч ажиллаж байсан. Тийм болохоор УИХ дахь намын бүлгийг удирдаад явж чадна гэж зарим гишүүн дэмжиж байлаа. Гэвч гурвуулаа нэр дэвшчихээр 22 хүний саналыг аль нэг нь авч чадахгүй, улам их цаг хугацаа алдана гэж үзсэн учраас бүлгийн даргаас нэрээ татсан.
Т.ДАРХАНХӨВСГӨЛ
ӨДРИЙН СОНИН







Зочин · 35 минутын өмнө
Одоо параламентийн засаглалтай болоод улс хөгжсөнгүй Монгол улсын онцлог ёрөнхийлөгчийн засаглалтай болох үед улс хөгжинө