Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа
55 минутын өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Холбооны бүгд найрамдах Герман улсад хийж буй айлчлал үргэлжилж байна.
Айлчлалын хүрээнд Их зохиолч Д.Нацагдоржийн суралцсан Лайпцагийн их сургуульд түүний багшийн хамт дурсгалын самбар байршуулав. Энэ бол Д.Нацагдоржийн Германд суралцаж байсан түүх, Монголын утга зохиолын өв, хоёр орны соёлын харилцааг 100 жилийн дараа илүү их бататгаж буй бэлгэдэлт үйл явдал юм. Берлин хот бол

100 ЖИЛИЙН ДАРАА ЗУУ ЗУУН ЖИЛ ТЭР МОНГОЛЫН ОЮУН САНААНЫ ЭЛЧ БАЙНА
Зуун жилийн өмнө эх орноосоо алс холын Герман улсад суралцаж явсан нэгэн монгол залуугийн мөр өнөөдөр дэлхийн боловсрол, соёлын түүхт Лайпцагийн их сургуулийн хананд мөнхлөгдөв. Тэр хүн бол Их зохиолч Дашдоржийн Нацагдорж юм.
1926 онд Монголоос 35 залуу эрдэм өвөрлөхөөр Европын орнуудад суралцахаар илгээгдсэн анхны залуусын төлөөлөл Берлин хотын Лайпцагийн их сургуульд ирсний нэг нь Дашдоржийн Нацагдорж. Д.Нацагдорж герман хэлийг маш сайн эзэмшиж, тухайн үеийн нэрт эрдэмтэн, түүний багш Монгол судлаач Эрих Хэништэй (Erich Haenisch) хамтран ажиллаж, Герман-Монгол толь бичиг зохиох болон «Монголын нууц товчоо»-г герман хэл рүү орчуулах ажилд гар бие оролцсон нэгэн. Европын соёл, боловсролтой танилцсан нь Д.Нацагдоржийн дэлхийг үзэх үзэл, уран бүтээлийн сэтгэлгээнд ер бусын үсрэлт, шинэчлэлийг авчирсан бөгөөд түүнийг Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч болоход гол түлхэц болсон гэж тодорхойлдог.

Герман улсад суралцсан Д.Нацагдоржийг эх орныхоо оюун санааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсныг нь төдийгүй Монгол, Германы түүхэн холбоог бататгасан, хоёр улсын боловсролын салбарын 100 жилийн хамтын ажиллагааг гэрчилсэн, ирээдүйд олон олон “Д.Нацагдорж”-уудыг олноор төрөн гарахад тэрээр өнөөдөр ч бидэнд оюун санааны элч, түүчээ байсаар байгааг гэрчилсэн энэхүү гайхалтай үйл явдал Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ХБНГУ-д 14 жилийн дараа хийж буй айлчлалын үеэр болж буйгаараа онцлогтой.

100 ЖИЛИЙН ДАРАА ҮЛДСЭН МӨР
Хүн бүрийн амьдралд цаг хугацаа хэмжээлшгүй хурдан өнгөрдөг ч түүхэнд үлдсэн мөр хэзээ ч арилдаггүй. Монголын орчин үеийн утга зохиолын нэрт төлөөлөгч Д.Нацагдорж дурсгалын самбар Лайпцигийн их сургуульд байршсан нь нэгэн зохиолчийн дурсгалыг хүндэтгэсэн үйл явдал биш.

Монголын утга зохиолын түүх, Европт суралцаж явсан монгол залуусын мөр, хоёр орны соёлын харилцааг холбосон түүхэн дурсамж юм. Зуун жилийн өмнө энэ сургуульд суралцаж явсан монгол залуугийн тухай бид өнөөдөр юу мэдэх вэ, бидний хойч үе түүний талаар үргэлжид санан дурсч, үлгэрлэж явахад Лайпцигийн их сургуульд байршуулсан дурсгалын самбар дахин зуу зуун жил түүчээлсээр, түүхийн мөр болсоор байх нь. Зуун жил өнгөрчээ. Гэвч их зохиолчийн үлдээсэн мөр цаг хугацаанд бүдгэрсэнгүй. Харин өнөөдөр Лайпцигийн их сургуулийн хананд мөнхөлсөн дурсгал бидэнд эх орныхоо төлөө бүтээсэн үнэ цэнтэй өв хил хязгаар, цаг хугацааг даван үлддэг гэдгийг сануулж байна.
"АЛС ГАЗАР СУРАХААР ЯВАГЧ" ШҮЛГЭЭ 1927 ОНД БЕРЛИН ХОТНОО ЗОХИОЖ БАЙЖЭЭ
Д.Нацагдоржийн Миний нутаг, Дөрвөн цаг, Од, Миний хэнз хурга гээд олон сайхан бүтээлүүд нь өнөөдөр ч бидний сэтгэлд ойр, дотно мэдрэмжүүдийг өгсөөр. Түүний
Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас

Хүний хүү тийнхүү эрдэм өвөрлөнө ирнэ… хэмээх хоёр мөрийг өнөөдөр ч монголчууд үр хойчдоо захиж, ерөөсөөр ирсэн шүлгийн хэсэг. Гэвч энэ шүлгийн нэр, үг өгүүлбэр өнөөдөр бидний дунд ам дамжин өөрчлөгдөж, шүлэг бүтсэн түүх нь ч алсарч үл болох билээ. Тэгвэл Герман улсад ирээд нэг жилийн дараа Д.Нацагдорж “Алс газар сурахаар явагч” хэмээн шүлгээ Берлин хотод зохиож байжээ. Энэхүү шүлгийг бүтнээр нь уншаад үзвэл алс газар сурч буй залуусын сэтгэл, сэтгэгдлийг илэрхийлсэн гүн гүнзгий утга илэрхийлнэ.

"АЛС ГАЗАР СУРАХААР ЯВАГЧ"
Алс газар сурахаар одох замд
Намрын салхи өмнөөс сэржигнэнэ
Өвсний толгой намилзан халиурахын дундуур
Түүний гэрийн утаа цэнхэрлэн холдоно
Зуун уул, мянган голыг нөхөрлөхүй дор
Үдэн өнгөрөх гацаа, хот цугаар хүний
Залуу хөвүүн зочдын гэрийн цонхыг түшиж
Дэмий л үүнийг гайхан, түүнийг сонирхоно
Алжаалыг өөрийн сэтгэлд бясалгаж
Баяслыг харь хэлээр уламжлаад
Шинэ үзэгдэл, өөр амтанд умбахуйяа
Түүний далайгаас сувд тана шүүрдэнэ
Өнгөрсөн ирээдүйг шүүмжлэхүй дор
Олон одон жарав, журав, жирэв
Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас
Хүний хөвүүн тийнхүү эрдэнэ өвөртөлж харина








