2012 оны УИХ-ын сонгуулиар АН төрийн эрх авснаас хойш Монгол төрийн бодлого алдагдаж, засаглалын хямрал бодитой нүүрлээд байна.

Шинэчлэлийн гэсэн тодотголтой Засгийн газар байгуулагдаж шинэчлэл гэх нэрийн дор хүний эрхийг уландаа гишгэж, хууль зөрчих нь хэвийн үзэгдэл болсон. Олон мянган мэргэшсэн төрийн албан хаагчдыг хоморголон халж, оронд нь өөрсдийн ах дүү, төрөл садангаараа төрийн албыг төрлийн алба болгон дүүргэсээр байгаа. Тэдний  засаг барьсан өнгөрсөн хоёрхон жилийн дотор Монгол Улсад хуулиа дээдлэх, шударга ёс, тэгш эрх, ардчилалын зарчим улам бүр хумигдсаар байна.

Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ 20-74 хувь өссөн байхад  иргэдийн бодит орлого нэмэгдээгүй нь хүн амын амьжиргааны түвшинг өдрөөс өдөрт доройтуулж байна. Олон мянган иргэд ажилгүй болж, ажилгүйдэл, ядуурал газар авлаа. Засгийн газар бодлогын олон алдаа гаргаснаар улс орны эдийн засгийг гүн хямрал руу түлхлээ. Валютын ханш өсч, хөрөнгө оруулагчдын өмнө Монгол орны нэр хүнд буурч, Монголын гадаад болон дотоод өр ч урьд байгаагүй хэмжээгээр огцом нэмэгдлээ. Үнэхээр эдийн засаг хямарч, Засгийн газар алдаатай бодлого явуулаад байна гэдгийг ч намынх нь гишүүд дуугарч эхэлсэн.

Нөхцөл байдал өөр тийшээ эргэж байгааг мэдэрсэн эрх баригчдын Засгийн газар 5 сарын 8-ны өдөр эдийн засгийг сайжруулах “Эзэн100” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэх болсон тухайгаа зарласан. Энэ сарын 18-ны өдөр хөтөлбөрийн 100 хоногийн хугацаа дуусч, Засгийн газар тайлангаа тавих учиртай. Уг нь хөтөлбөрийн хүрээнд нэлээд хэдэн ажил засгаас гарсан байх ёстой. Гэтэл хөтөлбөр эхлэхэд дэвшүүлсэн зорилт, хийгдсэн ажил нь бодит байдалд огт хэрэгжсэнгүй. Ядахнаа тулгамдсан асуудал болоод байгаа валютын ханшыг ч бууруулж чадсангүй. Цаасан дээр төлөвлөсөн төлөвлөгөө цаасан дээрээ л үлдэх нь.

Худал ярьдаг, хуулиа зөрчдөг Ерөнхий сайдтай Засгийн газраас ард түмэн ихийг хүлээгээд нэмэргүй болжээ. Ардчилсан Засгийн газар байгуулагдаж, улс орны минь хөгжил одоо л түргэсэх нь гэсэн сонгогчдын итгэл найдварыг “Шинэчлэл”-ийн гэсэн тодотголтой эрх баригчид болхи, бүдүүлэг, явуургүй үйл ажиллагаараа мохоож байна. Тэдэнд итгэх ард түмний итгэл өдрөөс өдөрт буурсаар.

Энэ сарын 3-ны өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант, Тосонцэнгэл, Рашаант, Цагааннуур, Бүрэнтогтох, Мөрөн сумын тав, долдугаар багуудын нийт 7 тойрогт ИТХ-ын нөхөн сонгууль болсон мэдээ дуулдлаа. 2012 оны орон нутгийн сонгуулиар дээрх долоон тойргийн  дөрөвт нь АН ялалт байгуулж байсан бол энэ удаад таван тойрогт МАН-ын гишүүдэд Хөвсгөл аймгийнхан итгэл хүлээлгэсэн нь ард иргэдийн АН-д итгэх итгэл алдарч байгаагийн томоохон жишээ боллоо. Ард түмэн өнгөрсөн 20 гаран жилийн нийгэм эдийн засгийн хөгжлийн үзүүлэлтийг 2 хүрэхгүй жилд унагаасан эрх баригчдын үнэн төрхийг таньж, АН-ын үйл ажиллагаанд хангалтгүй гэсэн үнэлгээг эхнээсээ өгөөд эхэллээ.

Д.Дарь