Өнгөрсөн долоо хоногт нийгэмд нэгэн бичлэг дуулиан тариад авсан. Тодруулбал, Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрөгч сарын 31-ний өдөр ахлах зөвлөх Л.Гансүхтэй уулзаж буй бичлэг. Тэгвэл өнөөдөөр эл бичлэгийг Төрийн тусгай хамгаалалтын газрын үйл ажиллагааг олон нийтэд ил болгосон хэмээн үзэж Төрийн Тусгай Хамгаалалтын албанаас өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.

Хошууч Ж.Гантөмөр "Ерөнхий сайд Н.Алтанхуяг тухайн өдөр хууль зөрчсөн үйлдэл хийсэн үгүй нь бидэнд огт хамаагүй. Манай байгууллага хуулийн дагуу Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн, өндөр хэмжээний гадаадын төлөөлөгчид гээд тусгай хамгаалалтын нэгдүгээр зэрэглэлд хамаарах хүмүүсийг хамгаалах л үүрэгтэй. Гэтэл энэ үүргийнхээ дагуу ажил үүргээ гүйцэтгэж байхад АТГ төрийн нууцын зэрэглэлийг задруулсан үйлдэл хийлээ.

Төрийн тусгай хамгаалалтын үйл явц, арга тактик, хүч хэрэгсэл төрийн нууцын зэрэглэлд хамаарагддаг. Гэтэл дээрх үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 87 дугаар зүйлд заасан төрийн нууц задруулах гэмт хэргийн шинжтэй байгаа. Иймд бидний зүгээс ТЕГ-т хандаж, АТГ-ыг шалгуулах болсноо өнөөдөр албан ёсоор мэдэгдэж байна" хэмээн мэдэгдлээ.

Х.Даваа