УИХ-ын гишүүн Гантөмөрийн Уянгын “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлага
 
-УИХ-ын чуулган завсарласнаас хойш багагүй хугацаа өнгөрчээ. Улстөрчид ч чимээ аниргүйхэн байна. Энэ зун ямар ажлуудын ард гарав?
 
- Миний санаачилсан хэд хэдэн хуулийн төслийг ирэх намрын чуулганаар хэлэлцэнэ. Ашигт малтмалын хуулийг дахин өргөн барихаар болсон. Хаврын чуулганы төгсгөлд хийсэн өөрчлөлтөөр баялгаа үнэлэх схемийг хуульчилж чадаагүй. Мөн “Шударга ёс” эвслийн хэд хэдэн чухал санаа хуульд тусаагүй юм. Тиймээс энэ заалтуудыг оруулж уг хуулийг дахин өргөн барихаар ажиллаж байна. Түрээсийн хуулийг ирэх намрын чуулганаар өргөн барих бэлтгэл ажлыг бас хийж байна. Судалгааны ажил бараг дуусч байна. Хуулийн төслөө боловсруулах ёстой. Тиймээс миний хувьд энэ зун өөртөө амралт өгөөгүй, өдөр бүхэн ажиллаж байгаа.  
  
-Удахгүй ээлжит бус чуулган, хоёр хөршийн төрийн тэргүүний айлчлал гээд л бужигнах бололтой. Хүндэтгэлийн чуулган хуралдаад үргэлжлэн ээлжит бус чуулган хуралдаж магадгүй гэж байна. Гишүүдэд хэлж, мэдээлсэн зүйл байна уу?
 
-Одоогоор мэдээлсэн зүйл алга.
 
-Хэрэв ээлжит бус чуулган хуралдвал та хамгийн түрүүнд ямар асуудлыг барьж аваасай гэж бодож байгаа вэ?
 
-Тулгамдсан асуудлаар Монгол дүүрэн байна. Юуны өмнө эдийн засгийн хүндрэлтэй асуудлыг яаралтай шийдвэрлэх ёстой байх.
 
-Эдийн засаг сайжирсангүй. Танайх засагт хамтарч байгаа учраас энэ асуудалд та бүхэн бас л санаа тавих хэрэгтэй байх?
 
Хамтарсан эсэхээс үл хамаараад бүгд л санаа тавих хэрэгтэй. Эрх баригч нь санаа тавиад бусад нь улдан чангаадаг байж болохгүй. Эдийн засгийн өсөлтийн хурд эрс саарлаа. 17 гаруй хувийн өсөлттэй байснаа сүүлийн жилүүдэд саарч арваас доош хувь болсон байна. Ер нь бол эдийн засагт 8 орчим хувийн өсөлтийг хамгийн зөв баримжаа гэдэг юм билээ. Нэг талаас хөөсөн эдийн засгийн хөөс хагарч, нөгөө талаас эдийн засагт хуримтлагдсан асуудлууд, өнгөрсөн хугацааны манай эдийн засгийн гажуудлууд ил болж байна гэж ойлгож байна.  
 
Хамгийн энгийнээр  эдийн засгаа яаж мөнгө олж, түүнийгээ яаж зарж байгаагаараа л харах хэрэгтэй л дээ. Бид чинь ДНБ-нийхээ бараг тэн хагастай тэнцэх төсөвтэй, тэр төсвөөс тендер нэрээр угжуулдаг хувийн нэртэй боловч нидэр дээрээ улстөрчдийн зохиомлоор бий болгосон үй олон компанитай улс байж. Тэднийг бизнес эрхэлж байсан гэж үзэх үнэхээр хэцүү. Үй олон компани дампуурлаа гэж МАН хэлж байгаа ч үнэндээ олонх нь тийм л компаниуд. Тэд л тендерийн чанаргүй гүйцэтгэлээс ашиг олж эзэд нь үнэтэй машин унаж, эхнэрээ үнэтэй үсээр хулдаж, улс төрчдийг санхүүжүүлж төсвийг шатаажилж, өнгөц харахад их л эрчимтэй хөгжиж буй дүртэй байжээ гэдгээ одоо бүх нийтээрээ эхлээд ойлгомоор байгаа юм. Тэд өнгөрсөн зуны төгрөгийн ханшны уналтад л сүйрч байна. Нэг удаагийн эрсдэл даах чадваргүй байна. Зах зээлд тэмцэж хөлөө олоогүй, төрөөс мөнгөөр цутгуулж байсан паразит компаниуд сүйрч байгаа нь нэг талаас зүгээр биш үү? Би бол тэгж бодож байна. 
 
Манай толгой компани гэддэг “МCS” улсын эрчим хүчний тендерүүдэд тулгуурлан өргөжсөн түүх бол нэг л тохиолдол бус нийтлэг жишиг болох нь батлагдлаа. Одоо компаниуд улсын тендерт шалгарах гэж хээл хахууль өгч гүйх хэрэггүйг голдоо ортол ойлгож байгаа байх. Энэ хэрээр олон авилгач өлсгөлөнд автаж, эдийн засгийн хурдац саарсан нь тэдэнд хамгийн хүнд тусаж байгаа байлгүй. Тэгээд аргаа барахдаа ядууст тарааж байгаа нүүрсний мөнгөнөөс хулгайлаад баригдаж шоронд орж байна. Түүний оронд чөлөөт зах зээлд хандсан бизнес эрхэлж, хатуу ширүүн өрсөлдөөний орчинд өсч бойжсон нь илүү ирээдүйтэй болчихлоо. Замын тендерт хэдэн тэрбумаар эргүүлдэг хуурамч бизнесмэнээс захын лангуу олон жил түрээслэсэн хүн илүү сайн бизнесмэн байсан байна шүү дээ.  
 
Бүхнийг улс, улсын төсвөөс мөнгөөр зодож шийдэх гэдэг мөнгөнд хахсан эдийн засгийн бодлого анхны хүнд сургамж авч байна. Ийм нөхцөлд эдийн засгийн хүндрэлээс гарчихдаг бэлэн жор бид хайгаад олохгүй. Гэтэл энэ хүндрэл зөвхөн Монголд тохиолдож байгаа Монголын л онцлогтой хүндрэл. “Би хэлээгүй юу, ингэх гээд байсан юм” гэдэг бол байдаг л популизм. 
 
Эдийн засаг дахь тансаглалаа огцом хумих сэтгэлийн тэнхээ дутсанаас сүүлийн хоёр жилд Засгийн газрын гадаад өр нэг нугарч нэмэгдлээ. Анхны сорилтод бүдэрч, ганцхан гадаад валютаас,  тодорхой хэлбэл доллараас уяатай эдийн засаг ямар хэврэг нь мэдрэгдлээ. Гэтэл одоо яаж байна. Эдийн засгийн бүтцээ зөв үр дүнтэй амьдрах, өрсөлдөх чадвартай болгохын оронд өмнөх улстөрийн хурц хямрал авчирсан эдийн засгийн орчин руугаа тэмүүлж байна. Лицензээ буцаагаад зарах, газар нутгийнхаа талаас илүүг лицензээр олгох, ордуудаа үнэгүйдүүлэх, байгалиа сүйтгэх тэр л “бэлэн хоол” маягийн эдийн засгийн бодлогоо сэргээж байна. Энэ буцаад 7 сарын 1-нээс дутуугүй хурц хямрал үүсгэвэл яах вэ? 
Либералчилж байна гээд хамгаа дэлгэсэн янхан шиг аашилсан 24 жилээс сургамж авсангүй. Баялаг сайхан, яг л залуу нас шиг. Түүнийгээ эх захгүй зарж идээд тансаглаж байна. Удахгүй хөгширнө, өөрөөр хэлбэл баялаг дуусна. Бидэнд өвчин шиг өр, зарж идэх юмгүй ухсан шороо үлдэнэ. Хэрэглэх юмтай залуу насаа дуусгаад хэнд ч хэрэггүй болох хөгжиж буй нэртэй орнуудын замаар дахиад л орж байна. Би хүндрэлд орсныг буруутгаагүй, тэртэй тэргүй ийм цаг ирэх л байсан. Үйлдвэрлэхгүй, зүгээр л зарж идээд, тансаглаад суугаад байсан юм чинь. Харин хүндрэлээс гарах гэж буй арга замыг нь шүүмжилж байгаа шүү. Засгийн газрын бүтэц буруу, Сангийн яамнаас гадуур хөгжлийн яам дур мэдэн мөнгө зарцуулдаг байж болохгүйг шүүмжилсэн. Аль эрт л Төв банкинд асуудал байна гэж анхааруулсан. Аль аль нь үндэсний эрх ашгийн үүднээс бус явцуу улстөрийн сонирхлоор асуудалд хандсаар байна. Энэ байдал ирээдүйд юунд хүргэх бол?
 
-Энэ байдлаас гарах бэлэн жор байхгүй ч бид арга саам хайх ёстой биш үү?
 
-Гол мөнгө олдог баялгаараа өрөнд орох биш түүнийгээ үнэ цэнэтэй болгох хэрэгтэй, эхлээд. Тэгээд олсон мөнгөө буцаагаад доллар болгоод хэрэгтэй хэрэггүй бараа чирч ирэхийг болих хэрэгтэй гэж бодож байна. Эхний ээлжинд дотооддоо үйлдвэрлэж чадаж байгаа бараа бүтээгдэхүүн, тансаг хэрэглээний элдэв бараа бүтээгдэхүүнд импортын  татвар тогтоож дотоодын зах зээлдээ шударга өрсөлдөөнийг бий болгох хэрэгтэй. Зах зээл тэлнэ гээд л яриад байдаг, гурван сая хүн дотор чинь хэдий тэлэх вэ дээ, тэгэхээр баялгаа зарахаас өөр экспортын үйлдвэрлэл зайлшгүй хэрэгтэй болж таарна. Экспортод өөд нь татаад явж болох ноолуур, зэсээр эцсийн бүтээгдэхүүн хийх, мөн импортын гол бүтээгдэхүүн шатахуун, нефтэд чиглэсэн тодорхой бодлого, стратеги төлөвлөгөө хэрэгтэй байна. Өөрийнхөө амийг яаж авч гарах вэ гэдэг биш ийм бодлого хийж чадах тогтвортой засаглал, шинэ систем хэрэгтэй байна, хамгийн товчхондоо бол. Түүнийг хийж чадтал ийм хямралын аюул дор бид байнга л байх болно. Түр зуур  хүмүүсийг хуурах арга хэмжээг би нэг их сонирхохгүй байна.
 
-Ам.долларын ханш 1880 төгрөгт хүрчихэж. Үүнд дамын хүчин зүйл нөлөөлж байна гэсэн тайлбар байхад зах зээлийн зарчмаараа ингэж өсч байна гэх хүн ч бий. Одоо ямар арга хэмжээ авах вэ?
 
Хуулиар Төв банк арга хэмжээ авах ёстой. Саяхан Төв банкнаас бодлогыг хүүгээ нэмчихээд “УИХ эрт арга хэмжээ аваагүйгээс ийм байдалд хүрлээ” гэх маягийн тайлбар хавтгай хийж байна билээ. Үнэндээ УИХ-аас эрт авах ёстой арга хэмжээ нь Монгол банкны өнөөгийн удирдлагуудыг өөрчлөх ёстой байсан. Би үүнийг чуулган, байнгын хороо, бүлгийн хуралдаанд мөн ч олон хэлсэн дээ. Түүнийг хийгээгүй нь УИХ-ын буруу. Монгол банк бол УИХ-ын мэдлийн байгууллага. Хамгийн сүүлд чуулганаар эдийн засгийг эрчимжүүлэх асуудлыг хэлэлцэх үеэр Монгол банктай хариуцлага тооцох асуудал тавихад “Хэлэлцэх асуудалтай холбоогүй” гээд микрофоноо хаалгаж байсан би буруутай юу, Төв банкны асуудлыг хэлэлцэхгүй дарж, хаацайлж байгаа их хурлын дарга буруутай юу? Асуудлыг яриад жил болж байна. Бид сайн төв банкны удирдагч олж томилох ёстой, муу ажиллаж байгааг халах ёстой, М.Фрийдман юу гэж хэлснээс үл хамаараад ханшны тогтвортой байдлыг хангаж чадаагүй Төв банкны удирдлага огцрох ёстой. Оронд нь тэр Мэдрээ нь болно уу, Үнэнбат нь болно уу хамаа алга. Бидэнд үр дүн нь чухал, мөнгөний ханш тогтворжих нь чухал.
 
-Зах зээлийн зарчмаар нь явуулаад 2000 төгрөгт хүргэчихвэл дотоодын эдийн засаг дампуурна гэж ярих боллоо?
 
-2000 бол тоо. Худалдаа, үйлчилгээ зонхилсон, хэт хөөсөрсөн, тогтвортой бус, хараат эдийн засагтай байсан цагт бид ханшны уналтыг зогсоож чадахгүй нь тодорхой боллоо шүү дээ. Тиймээс үйлдвэрлэл хөгжүүлэх ёстой гэдгээ ухаарлаа. Яахав таавчиг ч болохноо хийе гэж байгаа Засгийнхныг ойлгож байна. Манай либералууд одоо юу гэж ярьж байна гэхээр, “бүх лицензээ нээ, бүгдийг нь ухуул, тэгээд энд тэндээс мөнгө цуглахаар нь түүгээр нь үйлдвэр хөгжүүлдэг байхгүй “ гэцгээх юм. Тэгээд баялгаа үнэлдэг болъё гэсэн бид мэтийг популист гэж цоллоод байна. Харин бид “Баялгаа зөв үнэлэхгүй бол тэр хуримтлал чинь бий болохгүй ээ, ашигт малтмалд тулгуурлаж босох нь үнэн, гэхдээ ашигт малтмалаа зөв үнэлэхгүй бол бид улам ядуурна” гэж хэлээд байгаа юм. Нотолгоо нь 43 тонн алтаа ухуулаад 2,8 тэрбум төгрөгийн НӨТ-ын буцаалтын өртэй үлдсэн түүх, Монголын хөрөнгө оруулалтад монополь тогтоохын тулд сав л хийвэл гадаадад Монголын засгийн газрыг муулж байдаг “Рио Тинто” хоёр байна. Үүнийгээ засахгүйгээр доллар 2000 хүрвэл тэгнэ, 3000 хүрвэл ингэнэ гэж төлөгдөж суух утгагүй. Хэрэв бид ухаантай, үндэсний эрх ашгаа хамгаалж чадвал ханшийг тогтвортой барина, хэрэв чадахгүй бол алдана. Түүний хэмжүүр нь төгрөг ба долларын ханш.    
 
-Эдийн засгийн хүндрэл, ам.долларын ханшийн өсөлтөд юу нөлөөлөөд байгаа юм. МҮАН-ыг хувьд ямар онош тавьж байгаа вэ?
 
-Эдийн засгийн талаасаа шалтгааныг нилээд дэлгэрэнгүй хэллээ гэж бодож байна. Ер нь эцсийн дүндээ, дээр хэлсэн өнгөрсөн хугацааны гажуудал ба түүнийг засч чадахгүй байгаа шийдвэргүй байдал. Манай нийгмийн гажуу тогтолцооны эдийн засгийн шинж тэмдэг ингэж илэрч байна. Харин үүнийг шийдвэрлэж чадахгүй, зогсоож чадахгүй байгаа нь улстөрийн шинж тэмдэг нь гэж оношлох ёстой байх. Бүх зам Ром хүрдэг гэдэг шиг бүх асуудлын шийдэл явж явж Үндсэн хуулийн өөрчлөлт рүү л очино, үүнийг хийхгүйгээр удаан аргацааж бид дийлэхгүй дээ. Бидний ярьдаг хувьсгал хүссэн хүсээгүй хийгдэх л болно.  
 
-Засгийн газар өөрчлөгдөж магадгүй гэх боллоо. Та энэ талаар ямар мэдээлэлтэй байна?
 
-Надад энэ засгийг, үнэндээ бол албан тушаалуудыг Готов нь авна уу Шадав нь авна уу чухал биш. Хэн нь ч авсан том бодлого, эрс өөрчлөлт хийж чадахгүй. Засаг унавал бид Алтанхуягийн засаг унаж байгааг биш энэ систем инерцээ барж нурж унаж байгааг л харж байгаа нь тэр. Энэ засаг өөрчлөгдөх нь том өөрчлөлтөд, Үндсэн хуулийн өөрчлөлтөд, хувьсгалд нэмэр болбол их салхи салхилбал ч салхилаг, шуурга дэгдвэл ч дэгдэг. Би түүнийг арав гаруй жил ярьсан. Хиймээр ч байна.  
 
-Ер нь “Шүд сугалах” зарчмаар ч гэдэг юм уу ямартай ч хариуцлага үүрүүлэх ёстой гэх юм. Та санал нэгдэх үү, хамтарч засаг барьдаг намын гишүүний хувьд?
 
-Харин бид ингээд л шүд сугалах тухай л яриад байгаа юм даа. Уул нь бол амны хөндий тэр чигээрээ идээ бээрт идэгдсэн байна, түүгээр дамжаад бие эрхтэн өөрөө өвчлөөд баларч гүйцээд байна. Тэгэхэд л шүдтэй ноцолдох гээд л, аль нь эрүүл, аль нь өвчтэй шүд юм бол гээд л сууцгаагаад байна даа...
 
 -МҮАН тэр дундаа Ард түмний амлалт нэхэх холбооны Г.Уянга, Д.Батцогт гээд хүмүүсийг улс төрд орж АН-тай засагт хамтрах болсноор чимээгүй боллоо гэцгээж байна. Таны хувьд ард түмнийхээ төлөө юу хийж байгаа юм?
 
-УИХ-ын гишүүд улс орон ард түмнийхээ төлөө ажиллана гэж л тангараг өргөдөг. Би тэр тангаргаа төрийн сүлдний өмнө түмэн олондоо, бас өөртөө, дотроо чин сэтгэлээсээ өргөсөн. Дараа нь, сайн эцгийн нэрийг гутаахгүй түмнийхээ төлөө шударгаар ажиллана гэж аавынхаа алтан шарилд нулимстай тангарагласан. Би тэр тангаргийнхаа төлөө ажиллаж байгаа. 
 
“Би ард түмнийхээ төлөө тийм юм хийж байна!” гэх бардамнал Монгол хүнд тийм ч аятай сонсогдохгүй байх. Уул ус байгалаа хамгаалах, түүний төлөө явсан хүнийг хэлмэгдүүлчихгүй юмсан гэсэн чин хүсэл, эцэг өвгөдийн үлдээсэн баялгийг үр хойчид нь шударгаар хүртээх, түүнийг үнэлдэг болгох, ичгүүр сонжуургүй шударга бусад өршөөлгүй хатуу хандах, Монголыг Монголоор нь авч үлдэх гэсэн миний үндэсний үзлийг хэлж байгаа үг, хийж байгаа үйлдэл, санаачилж байгаа хуулиудын алинаас нь ч харж болох байх гэж бодож байна, хэрэв хүсвэл. Би хэзээ ч дуугүй суугаагүйг Та парламентын сурвалжлагч учраас мэдэж байгаа байх. Харин тэр болгон улстөрийг өдөр бүр үзэж сонирхдоггүй хүмүүс бол “Жагсахгүй байна, Уянга дуугүй болчихлоо” гэж байж магадгүй. Хэн намайг юу гэх нь чухал биш. Би хэн байх, юу хийх нь л чухал. Би дахин сонгогдохын тулд биш юу хийхээ мэдэж энэ ордонд орж ирсэн хүн.  
 
Далтоник гэж нэг төрлийн өвчин байдаг юм байна. Тэр нь, хүний нүд өнгө ялгаж харж чадахаа больчихдог юм байна л даа, ямар ч юмыг нэг өнгөөр, эсвэл саарал, эсвэл хар цагаанаар хардаг гэнэ. Бидний оюун санаа далтоник тусч болохгүй. Энд байгаа олон өнгө, олон санаа бодлыг ялгаж мэдэрч, тэгээд эцсийн дүндээ улс Монголоо л аварч, өөд нь татах ёстой шүү дээ.  
 
Би л ард түмний түмний төлөө ажиллаад  бусад маань ард түмний эсрэг ажиллаад байна гэж чанга хашгирах хүн энд байхгүй л дээ. Хүн бүр л үүнийг ялгаж таних л асуудал шүү дээ, тэр тусмаа хэн нь төр түмний эсрэг юу хийгээд байнаа гэдгийг . 
 
Чимээгүй болохын тухайд, харин ч жагсаж байснаасаа хоёр гурав дахин их ярьж байна. Парламент бол ярьдаг л газар. Цай ууж хоол идэж байхдаа ч ярьж л байна. “Парлэ” буюу ярих гэсэн франц үгнээс гаралтай гээ биз дээ. Хуулиар хязгаарласан дэгээр 76-ийн нэг болж ярих, жагсаал удирдаж ярих хоёрын хооронд овоохон ялгаа бий. Гэсэн ч намайг чимээгүй болчихлоо гэдэг бол “чимээгүй болчихоосой” гэсэн хэсэг хүмүүсийн хүсэл байж магадгүй болохоос миний бодат байдал биш. Би амьд байвал хэлдэг үгээ хэлсээр, хийж чадах бүх зүйлээ хийх л болно.
 
 -Бас эвсч орсон МАХН-ын хувьд нэлээд хэл амтай байдаг. Саяхан л гэхэд Н.Энхбаяр дарга ирэх гэж байгаад болилоо. Ямар шалтгаантай юм бол?
 
-Ирэх гэж байсныг нь ч мэдээгүй, больсныг нь ч мэдээгүй юм байна. Солонгос явснаас нь хойш миний хувьд уулзаагүй. Тэнд очсон хүмүүсээс, хүүгээс нь биеийг нь асууж сураглаж байдаг. Түүгээр очвол заавал уулзах ёстой гэж бодож байгаа.  
 
-Эвслийн их хурал гэдгийг хийх ёстой  гэдэг ч “Шударга ёс” эвсэлд орсон намууд төр барилцах болсноосоо хойш нэг ч удаа уулзаж ярилцсангүй. Эв түнжингийн тухайд жаахан асуудалтай байдаг уу?
 
-Шударга ёс эвслийн үйл ажиллагааны тухайд сэтгэл ханамжтай байдаггүйгээ би олон хэлсэн дээ, эвслийнхээ хурал уулзалт бүх л зүйлд хэлдэг юм. Засгийн газарт орсон нь эвслийн улстөрийн үйл ажиллагааг туших шалтгаан биш гэж. Үнэндээ 22,3 хувийн санал авсан хүмүүс өгсөн эрх мэдлийн нь хүрээнд ажиллах ёстой байсан. Сонгуулийн өмнө Үндсэн хуулийн өөрчлөлтөөр энэ улсыг засахаас өөр гарцгүй гэж ярьж байсан хүмүүс өнөөдөр тэр яриагаа дэндүү сул дуугаар зориггүй дуугарч, үйл хөдлөл хийж чадахгүй байгааг би хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа юм. Өөрчлөгдөнө гэж найдъя. 
 
-Эцэст нь асуухад энэ төр засагт дүн тавих хугацаа бараг тулчихлаа. Тан бодлоор МҮАН, Шударга ёс эвсэл зорилтоо, амлалтаа хэр биелүүлж байгаа вэ?
 
-Шударга ёс эвслийн амлалт бол “Монголоо аврах хувьсгал” л байсан, тэр амлалтаа биелүүлээгүй байна! 
 
 "Өдрийн сонин"