МИАТ-ийн Ц.Орхоны эхнэр суллагдвал мөнгө угаасан 20 улстөрчийн нэр ил болно
2013/01/30
МИАТ-ийн гүйцэтгэх захирал Ц.Орхон мөнгө угаасан хэргээр эхнэрийнхээ хамт 461 дүгээр хорих ангид саатуулагдаад байгаа. Түүнийг академи төгсч ирэнгүүтээ МИАТ-д мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн зэрэг ажлыг хийж байхад нь нутгийн ах, Монгол Улсын гавьяат нисгэгч Р.Бат-Эрдэнэ нь тус газрын дэд захирал болж, маркетингийн газрын даргаар томилжээ.
Тун удалгүй Р.Бат-Эрдэнэ нутгийн дүүдээ ажлаа хүлээлгэж өгснөөр Ц.Орхон МИАТ-ийн захирал болсон түүхтэй. Ийнхүү “Хөвсгөлийн фракц”-ийн нутаг нэгтнүүдээ харж хандан, албан тушаалд томилсон ажиллагаа нь мөнгө угаах хэргийн эхлэл болжээ. Мэдээж, энэ хэргийн ард маш том нэгэн эрхэм байсан нь хэнд ч илэрхий. Өнөөдөр Ц.Орхоноос гадна түүний эхнэр Ү.Цэцэгмааг баривчлан хорьсон нь энэ гэмт үйлдлийн цар хүрээ, хэлхээ холбоог харуулах хамгийн тодорхой баримт болж байна.
Түүнчлэн Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын харьяат С.Батхишиг ТӨХ-нд удирдах албан тушаал хашиж байсан ба МИАТ-ийн мөнгө угаасан луйврын гадна үлдсэнгүй. Үндсэндээ МИАТ-ийн мөнгө угаасан хэрэгт хутгалдсан нөлөө бүхий эрх мэдэлтэй дарга нарыг Монголын төр өнөөдрийг хүртэл хамгаалалтдаа авч, дэмждэг байж. Тэд 2001 оны аравдугаар сарын 15-наас эхэлж зорчигч бүрийн тийзний үнэ дээр таван ам.доллар нэмж авч байснаа 2007 оноос эхэлж зарлага болгож бичих замаар мөнгө угаах аргаа шуудруулжээ.
Ингэхдээ зарлага болсон мөнгөө гадаадын нэр нь үл мэдэгдэх компанийн данс руу хэдэн тэрбумаар нь урсан оруулсан байна. “Дайны эрсдэлийн даатгал” нэрээр Ц.Орхон нэг тэрбум гаруй төгрөг завшсан нь тогтоогдсон. Харин энэ даатгалын нэрээр МИАТ-ийг хамгаалж байсан “Вест вэлф” хэмээх компанийг хуулийнхан хайгаад олоогүй. Гэтэл энэ компани нь ямар ч бүртгэлгүй, цаасан дээрх хуурамч компани байсныг цагдаагийнхан тогтоосон байна.
Ц.Орхон гадаад руу гаргасан мөнгөө буцаан Монгол руу татаж, өөрийн компанийн бизнест ашиглаж, хэдэн тэрбумын эх үүсвэрээ далдалдаг байсан нь ч тогтоогдсон. Уг нь, 2004 оноос эхэлж МИАТ болон ТӨХ-ны удирдлагууд хууль хяналтын хараанд өртсөн байдаг. Гэтэл тэдний санхүүг томчууд хаацайлж, шалгалт оруулдаггүй байсан тухай хуулийнхан өдгөө ярьж байгаа.
Одоогоор дээрх хэргийн хохирлыг урьдчилсан байдлаар тогтооход 120 тэрбум төгрөг хүрч байгаа бөгөөд хэргийг шалгах явцад хохирлын хэмжээ тасралтгүй өсч, нэлээд олон албан тушаалтан болон улстөрийн хүрээнийхэн ч татагдах магадлалтай болоод байна. Ц.Орхоны мөнгө угаасан хэрэг нь нотлох баримтаар илэрсэн тул хуулийнханд нэгэн болзол тавьж байгаа тухай албаны эх сурвалж мэдээлж байна.
Тодруулбал, Ц.Орхон “Та нарт мөнгө угаасан хэрэгт оролцсон 20 улстөрчийг нэрлэж өгье. Харин хариуд нь миний эхнэрийг суллах ёстой. Үүний дараа би бүх хэргээ үнэнээр нь мэдүүлнэ” гэж хэлсэн гэнэ. Ямартай ч түүний эхнэрийг суллагдвал мөнгө угаасан улстөрчдийн нэр ил болох бололтой.