Би ГОМДОЛТОЙ байна
2014/08/10
Төрсөн хоёр үрээ хазаж тамалсан хэрэг өнгөрсөн 3-р сард гарсан билээ. Тэгвэл энэ хэрэг өнөөдөр шүүхээр шийдэгдэнэ. Хүүхдүүдээ хазаж тамалсан Д-д Эрүүгийн хуулийн 100.1 буюу байнгын тарчлан зовоох гэсэн заалтаар яллаж байгаа бөгөөд энэхүү заалт нь 2 жилийн ялаар шийтгэх хуулийн заалттай юм. Өнгөрсөн хугацаанд хүүхдүүдийн ээжид багагүй дарамт, шахалт ирсэн бөгөөд тэрбээр өөрийнхөө чин сэтгэлийн үгийг бичсэнг бүрэн эхээр нь хүргэж байна.
БИ ГОМДОЛТОЙ БАЙНА
“Би гомдолтой байна” энэ үг өнөөдөр миний амнаас гарна. Яг одоо хоёр бага хүүгээ зэрлэгээр тамласан хүүхдүүдийнхээ эцэгтэй дөрвөн сарын дараа уулзана. Түүний нүдэнд харуусал гэмшил байгаа эсэхийг харахыг хүсч байна. Тийм ээ гэр бүлийн хүчирхийлэл дунд бидний хамтдаа туулсан 13 жилийн амьдрал өнгөрсөн. Гурван хүүхдийн минь эцэг, хүүхдүүдийн минь эмээгийн бие нь тааруу байгаа гээд надад шийдвэрээ өөрчлөх олон хүчин зүйл байгаа ч хүчирхийллийг таслан зогсоох хэрэгтэй мөн хэрэг үйлдсэн бол хариуцлага байх ёстой гэж үзэн өнөөдөр гомдолтой гэдэг үгийг хэлэхээр шийдсэн.
Олон мянган эхчүүд, хүүхдүүд согтуу хөлчүү эрийн гарын шүүс, амны зугаа болон шаналан суугаа. Тэд минь яахаа ч мэдэхгүй хандах газраа ч олохгүй байгаа нь лавтай. Мөн олон гэр бүлийн хүчирхийллийн хэрэг шүүхийн шатанд буюу шүүх хурлын үеэр хэрэгсэхгүй болох эсвэл тэнсэн харгалзах гэсэн хувилбарт хүрдэг нь нууц биш. Хэдэн жилийн өмнө хойд эцэг нь охиноо хүчиндэж эх нь шүүх хурал дээр гомдолгүй гэж хэлснээр хэрэг хэрэгсэхгүй болж дахин эцгийн дарамт охинд ирж байсан тухай сонсоод сэтгэл эмзэглэж байлаа. Харин өнөөдөр энэ сонголт надад ирлээ. Би хэний талд шийдвэр гаргах гэж байнаа. Гомдолгүй гэж хэлснээрээ хүүхдүүдийнхээ өмнө ямар нэгэн буруу зүйл хийж байгаа юу?
Саяхан би хүүхдүүдтэйгээ ууланд гарлаа. Өнгөрсөн жил модон дотор тоглож байсан охин минь ойн захад очоод айгаад “үгүй ээ орохгүй” гээд уйллаа. Түүний минь бяцхан зүрхэнд хэзээ ч арилшгүй айдас хорогдсоныг гэнэт ухаарсан юм. Хэзээ ч арилшгүй. Тэр тамлалаас миний хүүхдүүдэд энэ л үлдэж. Аавдаа үнсүүлж тоглох хүүхдүүдийг хараад өөрийн эрхгүй санаа алдана. Энэ бол миний сонголт байсан. Сайн хүнтэй сууж сайхан амьдарна гэсэн мөрөөдөл минь, бас маргааш сайхан болно, одоо л уучилья гэсэн тэнэг уучлал эцэстээ хүүхдүүдийн минь аминаас наахнуур аймшигт зүйл бий болоход хүргэсэн. Харин өнөөдөр би өөрийнхөө болон хүүхдүүдийнхээ өмнөөс гомдолтой гэдэг үгийг хэлнэ. Тийм ээ би гомдож байна. Өнгөрсөн бүх амьдралдаа хэтэрхий зөөлөн байсандаа бас гомдож байна. Буруу, болохгүй зүйлийг тэр дор нь залруулж, таслах хэрэгтэй байдгийг одоо ухаарсандаа харамсана. Гэхдээ хэдэн жил хийж чадаагүй тэр шийдвэрийг одоо гаргаж БИ ГОМДОЛТОЙ БАЙНА гэж шүүхийн өмнө би хэлнэ.
Гурван хүүхдийн минь авга ээж, эгч, ах, дүү нарт би “уучлаарай” гэж хэлэхийг хүсч байна. Би хэн нэгнийг үзэн ядсандаа, төмөр торны цаана суулгах гэсэндээ ийм шийдвэр гаргаагүй шүү. Хүчирхийлэл үйлдэж болохгүй, хариуцлага хүлээх ёстой гэдгийг тэр хүнд ойлгуулахыг хүсч байна. Бас хүүхдүүддээ ч ойлгуулахыг хүссэн юм. Өөрөөс дор хүнийг хүчирхийлж болохгүй, хариуцлага шийтгэл заавал ирдэг гэдгийг. Та нарыг бас сэтгэлээр зовоож байгаад уучлаарай намайг.
Ямартай ч би шийдвэрээ гаргасан “БИ ГОМДОЛТОЙ БАЙНА”. Харин хууль хэрхэн шийдэхийг би хэлж чадахгүй.
Зочин · 2014/08/15
argagui l ex xun yum.bi baisan bol oorii n barag ustgatsan baixoo
зочин · 2014/08/12
зөв шийдвэр гаргасан байна. Зэрлэг адгууст зохих шийтгэлийг өгч ойлгуулах хэрэгтэй. Гомдолтой гэж байгаа эхийн сэтгэлийг хад******д нь бас ойлгох хэрэгтэй.
Зочин · 2014/08/11
Uneheer ih zorig gargajee. Yag tsagaa tylahar ingej heleh tiim ch amarhan bish gedgiig olon olon emegteichud medej bgaa. Sain bnaa
Зочин · 2014/08/11
ингэх л ёстой. яаж нээрээ гомдолгүй гэж хэлэх юм бэ
Зочин · 2014/08/11
eh hun ta ur huuhdiinhee tuluu mash zuv shiidver gargaj baina.Huchirhiileled urtuj baigaa olon eejuud ch bas zorig gargan shi*******.Tegvel ta huchirhiilliig zogsooj chadna.
Зочин · 2014/08/11
sain bn.busad ni bs iim zorigtoi bh heregtei.
Зочин · 2014/08/11
Зүйтэй
Зочин · 2014/08/11
зэрлэг адгууст бууж өгөлгүй хуулийн дагуу арга хэмжээ авхуулах нь зөв шүү
Зочин · 2014/08/11
зөв