Өнгөрсөн оны онцлох мэдэгдлүүдийн тоонд Хотын мээрийн “мэргэн” шийдвэрүүд  зайлшгүй багтана. Хотын мээр ч үүрэгт ажлаа хүлээж авсан даруйдаа дугаарын хязгаарлалт, том оврын автобусыг нэгдүгээр эгнээгээр зорчуулах зэрэг иргэдийн таашаалд нийцсэн “мэргэн” шийдвэрүүдийг ар араас нь гаргасан юм.

Гэтэл олны талархлыг хүлээгээд байсан “мэргэн”  захирагч маань сүүлдээ “будаач, будаач гэхээр сахлаа будах” гэв үү яав. Амьдралаас нэг л хол хөндий шийдвэрүүдийг гаргаж эхэлсэн юм. Үүний нэг нь оны өмнөхөн иргэдийн эсэргүүцэлтэй тулж, бөөн хэрүүл, маргаан дагуулсан буруу жолооны хүрдний асуудал байв. Үүнээсээ болж мэргэн  захирагч маань иргэдээсээ хатуухан шүүмжлэл сонсоод зогсохгүй Ерөнхийлөгчид хүр­тэл загнуулаад авсныг эрхэм уншигчид маань санаж буй биз ээ. Эхний удаагийн санал асуулгад бүдэрч, Ерөнхийлөгчөөс  “банга” хүртсэн энэ шийдвэр тэгсхийгээд намдсан. Гэхдээ л иргэдийн дунд буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг хориглох тухай шийдвэр амнаас ам дамжин яригдсан хэвээр байгаа юм. Тиймээс ч бид энэ удаад  Хотын мээрийн шийдвэр автомашины борлуулалтад хэрхэн нөлөөлж байгааг сурвалжлахаар “Да хүрээ” захыг зорилоо.

Хотын даргын шийдвэрт наймаачид эгдүүцэж байна


Цас хаялсан өвлийн жихүүн өдөр “Да хүрээ” зах хөл хөдөлгөөн багатай. Харин нэг ч болов наймаа хийх юмсан гэсэн наймаачид дороо дэвхцэн, өөрсдийгөө дулаацуулах аж. Автомашин сонирхох хүн ч бага байгаа харагдана. Харин миний хувьд зорилгоо биелүүлэхээр наймаачидтай яриа өдлөө. Тэд­ний хувьд Хотын захирагчийн шийдвэрийг дэмжихгүй  байгаа­гаа дуу дуугаа авалцан ярьцгааж байв.

Б.Одбаяр: Үнэхээр баян юм бол зөв хүрдтэй машинаа аваад унаг л дээ


-Миний хувьд энэ шийдвэрийг дэмжихгүй байгаа. Буруу талдаа жолооны хүрдтэй автомашины импортыг хориглох тухай яригдаж эхэлсэн даруйд л борлуулалт эрс буурсан. Ер нь оны өмнөөс л автомашины борлуулалт буурсан юм шүү дээ. Өмнө нь бид сардаа 3-4 машин зарчихвал баярладаг байсан бол одоо бид “горьдлого” компанийн эзэд болчихоод л зогсч байна. Хэн, хэзээ ирж, машин авах бол гэж өдөржингөө горьдож зогсдог боллоо.

Хэдийгээр энэ шийдвэр яг батлагдчихаагүй байгаа ч иргэдийн хувьд зөв хүрдтэй машины эрэлд гарах болсон. Тэглээ гээд яах вэ дээ. Зөв хүрдтэй машиныг авч унах гэхээр дундаж орлоготой иргэдийн мөнгө нь хүрэхгүй юм чинь. Хамаа алга. Үнэхээр тасархай баян юм бол Lexus- 570-аа аваад унаг л дээ. 200-300 сая төгрөгийн машинаа ав л даа. Харамсалтай нь ийм үнэтэй машин унах чадалтай нь хэд билээ. Өнөөдөр иргэдийн хувьд аксент, эксель унахгүй гээд өр, зээл тавиад л япон машин худалдаж авч байна шүү дээ. Тэгээд ч япон машин чанар, эдэлгээний хувьд Монголд шалгарсан. Японы машинаар амьдралаа залгуулдаг иргэд олон байгаа. Авто засварын газраас эхлээд сэлбэг, дугуй зардаг хүмүүс япон машинаар л хоолоо олж идэж байна шүү дээ.

Эхний таарсан ах ийнхүү бухимдалтай яриад он гарснаас хойш ердөө хоёрхон машин зарсан гэдгээ хэлэв. Учир нь хүмүүс сүүлийн үед бурууг хориглоно гэсэн юм чинь зөв талдаа жолооны хүрдтэйг л авах сонирхолтой болсон гэнэ. Бидний ярианд өөр нэгэн ах хүү хөндлөнгөөс оролцож, ийн ярив.

Х.Баасанхүү: Ганц сарын эдэлгээ даахгүй хятад машиныг оруулж ирэх гэж байгаа юм биш үү


-Энэ шийдвэрт санал нэг байгаа хүн хуруу дарам цөөхөн байгаа гэдэгт мөрийцөхөд ч бэлэн байна. Өнөөдөр Монголд явж байгаа нийт машинуудын 70-80 хувийг япон машин эзэлж байгаа. Иргэд ч унаад, хэрэглээд сурчихсан. Монголд ч засвар, үйлчилгээ нь бүх талаараа хөгжсөн байна. Гэтэл одоо хэний бизнесийг дэмжих гээд ийм “хошин шогийн” шийдвэр гаргаад байгаа юм бүү мэд.

Бодвол хэн нэгнийхээ бизнесийг л дэмжих гэж байгаа биз. Угаасаа одоо урд хөршид цахилгаан машин үйлдвэрлээд эхэлчихсэн. Тэр нь Монголд орж ирээд ганц сарын эдэлгээ даахгүй эвдрээд унах л байхгүй юу. Дээрээс нь хятад машин эвдэрсэн л бол дахиж засч, сэлбэх боломжгүй. Хэзээ ч нэгнийх нь сэлбэг нөгөөдөө таардаггүй юм. Угаасаа хужаа нар  “авбаа, хаяваа л” гэдэг биз дээ. Одоо тэгээд япон машиныг хориглочихоод хятадын ганц сарын эдэлгээ даахгүй “цаасан” машиныг оруулж ирэх гэж байгаа юм биш үү. Хэрэв ингэвэл бид жинхэнэ утгаараа урд хөршийнхөө эдийн засгийг дэмжиж, хамаг байдгаа тавиад туух нь байна шүү дээ.

Наймаачдын хувьд иймэрхүү яриатай, бухимдалтай байгаа нь хэд гурван үгнээс нь мэдрэгдэж байсан юм. Харин машины үнэ өнгөрсөн намрынхаас нэг их өсөөгүй байв. Тухайлбал, хамгийн их борлуулалттай байгаа Pruis 20  11 -12.6 сая, Pruis 11 -  7.5 сая, Grand mark II – 14.2 сая, Crown 11.5-18 сая, Corolla – 11.8 сая-18 сая, Allion – 12.5 сая, Verossa -  14 сая, Land 80 – 32 сая төгрөг /бензин/, 42 сая төгрөг /дизель/ тус тус ханштай байв. Харин солонгос машины үнэ бага зэрэг өссөн аж. Энэ нь ч  мэдээж.

Ж.Батхуяг: Зөвхөн гаалийн татварт л таван сая төгрөг төлж байна шүү дээ


 -Монголд хөдөлгөөнд оролцож байгаа нийт автомашины 49 хувь нь буруу хүрдтэй байна гэсэн судалгаа байдаг юм билээ.  Эдгээр нь  мэдээж япон автомашин. Япон машины чанар бусдаасаа хамаагүй илүү байдаг. Мөн монголчууд эдэлж, хэрэглээд сурчихсан, манай нөхцөлд шалгарсан гэж хэлэхэд хэн ч маргахгүй биз. Бензин бага иддэг, байгаль орчинд хор нөлөө багатай хабрид  машин мөн л япон  байдаг. Мэдээж үнийн хувьд Америк, Европ машинаас хамаагүй хямд, засвар үйлчилгээ бага хийгддэг гээд давуу талтай.

Дундаж давхаргын амьдралтай хүмүүсийн хөл залгуулж байгаа унаа бол яалт ч үгүй, буруу талдаа хүрдтэй япон тэрэг. Харин яагаад хориглох гээд байгааг нь сайн ойлгохгүй байна. Японы машинаас болж авто осол гарч байгаа гэвэл түүн шиг худлаа зүйл байхгүй. Та нар хараарай. Энд, тэнд явж байхад чинь ихэвчлэн аксент, эксель маркийн автомашинууд “наалдчихсан” зогсч байгаа биз. Тэгэхээр зөвхөн буруу талдаа хүрдтэй машин осол гаргаж байна гэвэл дэндүү өрөөсгөл ойл­голт. Үүнээс гадна ирэх сарын 1-нээс татвар нэмэгдэх тухай ярьж байна. Хэрэв татвар нэмэгдвэл иргэдийн нуруун дээр хүнд ачаа болно. Өнгөрсөн удаад татвар нэмэгдэхэд машины үнэ эрс өссөн. Энэ удаад татвар нэмэгдвэл бид дагаад л өсгөх болно. Хэдийгээр Японоос хямд үнээр худалдаж авч байгаа боловч бид гаалийн татвар гэж таван сая, тээврийн зардалдаа 1.5-2 сая төгрөг зарцуулдаг. Ингээд 6-7 сая нь татвар, тээврийн зардалд явчихаар бид яах юм бэ.

Ямартай ч  импортын хоригийн сураг наймаачдад ингэж нөлөөлсөн байна. Харин эдийн засагчдийн хувьд буруу талдаа жолооны хүрдтэй автомашины имюпортыг хориглох нь өнөө маргаашдаа биш ч хэтдээ Монгол Улсын эдийн засагт эерэгээр нөлөөлөхөөс гадна, өрсөлдөх чадварыг дээшлүүлнэ гэж байгаа юм. Тэгвэл “солгой”  машины импортыг хязгаарлавал улсын талаар ГЕГ-аас  байр сууриа илэрхийлээд байгаа билээ. Тодруулбал, 2011 онд хилээр 56.594 суудлын автомашин орж иржээ. Үүнээс буруу талдаа хүрдтэй машин 38.139 байсан.

Энэ нь нийт автомашины импортын 67 хувийг эзэлж байгаа юм. Харин татварт нийт 212.2 тэрбум төвлөрүүлсэн байна. Үүний 113.1 тэрбум төгрөгийн татварыг буруу талдаа хүрдтэй машин бүрдүүлжээ. Энэ нь нийт татварын 56 хувь болж байгаа юм. Харин 2012 онд 44824 суудлын автомашин орж ирсний 30430 нь баруун талдаа хүрдтэй машин байсан. Үүнээс 199.6 тэрбум татвар цугласны 110.2 тэрбум төгрөгийг буруу талдаа хүрдтэй машин бүрдүүлсэн байна.  Дунджаар жилд импортын машины 67-68 хувийг эзэлж байна. 2012 онд улсын төсөвт 2.1 их наяд төгрөгийн татварыг төвлөрүүлжээ. Үүний 30 хувийг автомашины татвар бүрдүүлсэн байна. Түүнчлэн өнгөрсөн  оны эхний 10 сарын байдлаар нэгдүгээр сард дунджаар 2500 машин Японоос Монгол руу  импортлогдсон судалгаа байна. Үүнээс харахад монголчуудын хөл залгуулах унаа нь япон автомашин буюу буруу хүрдтэй автомашин болжээ. Гэтэл буруу рультэй автомашиныг хориглох нь амьдралд хэр нийцэх шийдвэр вэ.

 

Х.Өнөржаргал