Фэйсбүүкээр худал мэдээлэл тараасан иргэний хэргийг шүүхэд шилжүүлжээ
2014/08/12
Олон нийтийн мэдээллийн сүлжээгээр худал мэдээлэл тараасан иргэнд хуулийн хариуцлага тооцохоор болсон талаар өмнө нь мэдээлж байсан билээ.
Тэгвэл уг хэргийг шүүхэд шилжүүлжээ. Эл хэргийн талаар эргэн сөхвөл, "Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт барилгын ажилтан 3 хятад залуу нийлж 2 охиныг хүчиндээд, тогтоол усанд хаясан" хэмээн өөрийн фэйсбүүк хуудаснаа бичиж олон нийтийг айдаст автуулан төөрөгдүүлсэн мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалт хийсэн юм.
Дээрх мэдээллийг Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Сити төвийн 4 дүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг “Вилд Дижитал” ХХК-д программист ажилтай ХУД-ийн 3 дугаар хороонд оршин суух М.Хашчулуун гэгч нь өөрийн хуудаснаа байршуулсан болох нь тогтоогдсон. Түүнийг дуудаж ирүүлэн мэдээллийн мөрөөр тайлбар авахад “Өөрийн ажлын өрөөний цонхоор харагдах барилгын гадна талбайд тогтсон усыг хараад найзуудаа тоглон санаанаасаа зохиож дээрх агуулга бүхий мэдээллийг бичин, хотын төвөөрөө болгоомжтой байх цаг нь иржээ, үүнийг цааш нь шэйрлээд бусдад анхааруулна уу” хэмээн бичсэнээ хүлээжээ.
Тэрбээр уг үйлдлээрээ Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 т заасан журмыг зөрчсөн байх тул Дүүргийн Эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүхэд материалыг шилжүүлэн, хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр болсон байна.
Мэдээллийн технологи хурдацтай хөгжиж, олон нийтийн цахим сүлжээнд иргэд олноор мэдээ, мэдээллээ солилцох болсон энэ үед нийгмийг цочроосон, айдас хүйдэст автуулсэн, төөрөгдүүлсэн энэ мэт худал мэдээллийг түгээх нь өөрийгөө хуулийн дагуу ял шийтгэл хүлээлгээд зогсохгүй, бусдад ч муу үр дагавартай болох тул цаашид ийм асуудалд болгоомжтой хандахыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Х.Даваа