Засгийн газрын шийдвэрүүд бэрхшээл, эсэргүүцэл дагуулж байгаа нь үнэн
2013/01/30
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг “Шинэчлэлийн суурь зарчим” сэдэвт уулзалт зохион байгуулж, Засгийн газраас явуулж буй шинэчлэл, өөрчлөлтийн талаар сэтгүүлчидтэй илэн далангүй ярилцсан юм. Уулзалт ярилцлагыг талаар тоймлон хүргэе.
-Бүрэн эрхийн дөрвөн жилд салбаруудад ямар өөрчлөлт, шинэчлэл хийхээр төлөвлөж байна вэ?
-Засгийн газар бүрэн эрхийнхээ дөрвөн жилийн хугацаанд 48 шинэчлэл хийх зорилго тавин ажиллаж байна. Энэ дагуу төлөвлөгөөгөө гаргасан. Ер нь, бүх салбарыг хамарч, улс орноо хөгжлийн шинэ түвшинд гаргах олон ажлын төлөвлөгөө боловсруулсан. Сайд нар салбар, салбартаа шинэчлэл хийнэ.
Миний ахалсан 14 ажлын хэсэг ажиллаж байна. Цаашид маш олон ажлын хэсэг ажиллахаар зэхэж байгаа. Шинэчлэлийн Засгийн газар үйл ажиллагаандаа шинэ хэлбэр оруулсан. Тухайлбал, өглөө бүр 08:00 цагт ажил эхлээд Ерөнхий сайдын өрөөнд шуурхай хурал хийдэг. Хурлаар долоо, 14, нэг сараар ажлын төлөвлөгөөгөө гаргаж байна. Мөн Засгийн газраас зохион байгуулдаг аливаа хурал цуглаан яг цагтаа эхэлдэг зарчим руу шилжсэн.
-Шинэчлэлийн Засгийн газрын төлөвлөсөн 48 өөрчлөлтөд хэдий хэмжээний төсөв шаардагдаж байгаа вэ?
-Бид 48 асуудлаа бүрэн эрхийнхээ хугацаанд бүгдийг нь хийж амжуулна. Нэг үеэ бодвол төсөвт боломж нэмэгдэж байгаа. Урт хугацааны зээл, хөтөлбөр, улсын төсөв ч сайжирлаа. Засгийн газраас бонд босголоо. Засгийн газрын хувьд хөрөнгийн асуудал зохих ёсоор шийдэгдсэн нь өмнөх Засгаас давуу талтай юм. Хувийн хэвшлийнхэн 1.5 тэрбум ам.долларын бонд босгоно гэдэгт итгэдэггүй байсан. Бонд босгоогүй байсан бол бид том төслүүд ярих эсэх нь эргэлзээтэй.
Мэдээж, шинэчлэл хийхэд төсөв их орно. Зөвхөн яаралтай тусламжийн төслийг авч үзэхэд л 23 сая ам.долларын хөрөнгө шаардлагатай байна. Цагдаагийн машин, эмнэлгийн түргэн тусламжийн машиныг нь нэмбэл энэ төсөлд 30 сая ам.доллар орно. Гэхдээ энэ мөнгийг зохицуулах боломжтой. Засгийн газарт урт хугацааны хөнгөлөлттэй зээлээр шийдэх бололцоо бий. Тиймээс сэтгэл гаргаж, зөв зохион байгуулах нь чухал.
-Төр засгаас гарсан шийдвэрүүд дунд, доод шатанд уначихдаг тал бий. Ер нь хороо, багийн Засаг дарга нар намын харьяаллаар хүмүүсээ ангилаад сууж байдаг шүү дээ?
-Засгийн газрын хэмжээнд өөрчлөлтүүд ярьж болно. Бидэнд УИХ, Ерөнхийлөгчийн Тамгын газрын зүгээс дэмжлэг хэрэгтэй байна. Харин дунд, доод шатанд очихоор тэр дарга нар дургүйцдэг. Гэсэн ч бид давах ёстой. Сайд нар долоо хоног бүр шинэчлэлийн талаар мэдээлэл өгч байгаа нь нийгэмд зөв уур амьсгал нэвтрүүлэхэд тустай. Английн Засгийн газар тухайн салбарт тодорхой хугацаагаар ажиллаж байгаад дараа нь Засаг дээрээ асуудлыг шийддэг арга хэрэглэдэг.
Бид өглөө 08.00 цагт бүх салбарын тулгамдсан асуудлын талаар мэдээлэл сонсдог. Энэ бүхэн нь дунд, доод шатныхныгаа чирэх гэсэн оролдлого. Засгийн газрын шийдвэр бүр бэрхшээл, эсэргүүцэл дагуулж байгаа нь үнэн. 100 хувь алга ташуулдаг шийдвэр ховор. Зарим асуудалд 10 хувь нь алгаа ташиж байгаа ч улс, эх орныхоо төлөө хийхээс өөр аргагүй шийдвэрүүд ч байдаг. Шинэчлэлийн Засгийн газар хэдэн хувь нь алга ташиж байгаагаас үл хамааран ямар нэгэн шинэчлэлийг хийх л болно.
-Засгийн газрын шинэчлэл хувь хүнд ямар үр дүнгээр илрэх вэ?
-Та машины дугаар, гадаад паспорт, орон байр худалдаж авах, төрийн албан хаагчаас өргөдлийнхөө хариуг авах гэж байгаа бол тэр бүх үйл явц 15-хан минутын дотор шийдэгддэг болчихвол хэчнээн олон ажил амжуулах билээ дээ. Татварынхаа тайланг Татварын газарт очилгүйгээр онлайнаар гаргаад өгчихдөг бол хэчнээн их цаг хэмнэх билээ гэдэг асуудал гарч ирнэ.
Яаралтай түргэн тусламж дуудахад нөгөө хүнийг нас барчихсаны дараа очдог байсан бол 10 минутын дотор ирдэг болгочихвол тэр нь шинэчлэлийн үр дүн юм. Бид үүний төлөө л ажиллаж байна. Мөн том хөгжил яригдах ёстой. Замын-Үүдээр орж ирсэн ачаа 24 цагийн дотор Улаанбаатарт ороод ирчихдэг болчихвол бидэнд ямар их боломж нээгдэх вэ гэдэг нь л чухал.
-Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрыг татан буулгахаар тусгасан байна. Тус байгууллагыг татан буулгахад ажилтнуудын эрх ашиг хөндөгдөх үү?
-МХЕГ-ыг татан буулгаж, Хяналтын Ерөнхий газар байгуулна. Төр бүгдийг хянахгүй гэдэг шинэ зарчим руу шилжинэ. МХЕГ татан буугдсан хэдий ч монгол хүнийг тойрсон үндсэн чиглэлээрээ үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ. Тиймээс энэ байгууллагын ажилтнуудыг шинэ чиглэлээр нь сургана. МХЕГ-ынхан үргэлжлээд ажиллана. Харин 100 хувь хяналт, шалгалт хийдэг байсан үйл ажиллагааны тогтолцооны 70 хувь нь иргэдэд чиглэсэн сургалт, зөвлөгөө рүү шилжинэ.
Байгууллагын үндсэн мөн чанар хэвээр байх болно. Харин цоо шинэ эрсдэл дээр суурилсан ажиллагаа руу чиглүүлж ажиллуулна гэсэн үг. Салбаруудад зарим чиглэлийн хяналт шалгалтыг шилжүүлнэ. Ингэхдээ эрсдэлд суурилсан зарчимд шилжинэ. Тухайн чиглэлээр төлөвлөгөө гаргаад, зөвхөн шалгаж буй зүйлсээ л шалгана. Түүнээс биш улстөрчдийн захиалгаар шалгадаг утгагүй тогтолцооноос гарна.
Мөн хяналт шалгалтыг нь төвөөс удирддаг болно. Бүх удирдамж, дүрмүүд нь хамт явагдах ёстой. Салбарын захиргаа хяналт, шалгалт хийхгүй. Мөн байгууллагын удирдагч улсын Ерөнхий байцаагч гэдэг албан тушаал авахгүй.
-Төрийн албыг нийтийн алба болгохоор ярьж байсан. Энэ хууль хэзээнээс бэлэн болох вэ. Хууль гарснаар Төрийн албаны зөвлөл татан буугдах уу?
-Нийтийн албаны тухай хуулийн гол санаа нь Засгийн газраар ороод батлагдчихсан. Төр иргэнийг дээрээс нь харах биш, зэрэгцэж үйлчилдэг зарчим руу шилжинэ. Үүнийг УИХ-д өргөн барьж, ойрын хугацаанд шийднэ. Нийтийн албаны тухай хуулийн комисс байгуулагдахаар боллоо. Энэ комисс төрийн албан хаагчдын эрх ашиг хохирч буй үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллана. Төрийн албаны зөвлөлийг татан буулгахгүй, харин ингэж шинэчлэгдэхээр болж байгаа.
Мөн УИХ-ын нэр бүхий гишүүд Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ-д өргөн барьсан. Энэ хуулиар Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааг өөрчлөхөөр ярьж байна.
-Яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарыг түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Нийтийн албаны тухай хууль гарснаар эдгээр хүн албан тушаалдаа хэвээр үлдэх үү. Эсвэл сонгон шалгаруулалт явуулах уу?
-Нийтийн албаны хууль гарсан, гараагүй энэ асуудал хуулийн дагуу шийдэгдэнэ. Өнөөдөр түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон бүх хүн жирийн иргэдтэй хамтдаа сонгон шалгаруулалтад орно. Цагаан сарын дараа шалгалтууд явагдана. Мөн агентлагийн дарга нарын шалгалтыг нээлттэйгээр явуулна.
-Сангийн яам, Монголбанктай хамтарч “Чингис” бондын хүүнд менежмент хийж байгаа. Дотоодын ямар банкуудтай хамтарч байгаа вэ?
-Ирэх долоо хоногт Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Батбаяр энэ асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Эхний ээлжинд 1.5 тэрбум ам.доллараар санхүүжүүлэх төслүүд, хүүтэй холбоотой асуудал энэ үеэр тодорхой болох байх. Ер нь, Засгийн газраас шийдвэр гаргаад Монголбанкинд хүүний зохицуулалт хийх чиглэл өгсөн. Өнөөдөр Засгийн газар ямар ч хүү төлөөгүй гэдгийг тодорхой хэлье.
-“Эрдэнэс Таван толгой” болон “Чалко”-той хийсэн гэрээг өөрчлөх боломж байгаа юу. Гэрээг эргэж харах шаардлагатай байна уу?
-Үнэхээр “Чалко”-той гэрээ байгуулсан хүмүүсийн дагзанд буу тулгаж байгаад гарын үсэг зуруулчихсан юм болов уу. Эсвэл хувийн ашиг сонирхол орсон юм болов уу гэсэн дүр зураг харагддаг. Нүүрсний үнэ нь 110 ам.доллар байхад 70 ам.доллараар гэрээ хийчихсэн. Нүүрс нь 70 ам.доллар болохоор нь 53 ам.доллараар өгчихдөг хачирхалтай гэрээ яваад байгаа.
Мөн гэрээнд Зүүн Цанхиас гарч байгаа бүх нүүрснийхээ 80 хувийг “Чалко”-д өгөх ёстой гэж заасан юм билээ. Түүнчлэн Таван толгойн орд ажиллах нь Монгол Улсад ашиггүй байх утгагүй гэрээний нөхцөлтэй. Энэ гэрээг цуцалсан нь Монгол Улсын эрх ашигт нийцнэ. Ойрын хугацаанд энэ асуудлыг шийдэхээс өөр аргагүй.
-Гудамж, талбай, байшин барилгыг хаягжуулна гэж ярьж байсан. Энэ нь ямар зарчмаар хийгдэх вэ?
-Өмнө нь байшин барилга, гудамжуудын хаяг утга учиргүй байсан. Энэ бүх зүйлийг цэгцлэх ёстой. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Шарга морьтын хоёрдугаар хэсгийн 15 тоотын хоёр давхар зуслангийн байшин төрд ийм бүртгэлтэй гээд нэг өөр дугаар, газар өмчлөлтийн дугаар, засаг захиргааны хуваарь, байшин өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаар нь бүгд өөр өөр байсан. Ингэхээр системүүд нь хоорондоо уншигдахгүй. Тиймээс Хаягжуулалтын тухай хууль гаргаж, хаягийн нэгдсэн системтэй болно.