Дээрхийн гэгээн XIV Далай лам энэ сард Монгол улсад айлчлал хийхээр төлөвлөж байсан боловч Хятадын дарамт шахалтаас үүдэн энэхүү айлчлалыг цуцлахаар болсон гэж Төвдийн бурхан шашны үйл ажиллагааны талаарх нарийн мэдээлэлтэй байдаг эх сурвалжууд мэдэгдсэн байна.  Учир нь Хятадын тал Төвдийн буддын шашны тэргүүн Далай ламыг салан тусгаарлах үзэлтэн гэж үздэг аж.

Үүний зэрэгцээ Хятадын Ерөнхийлөгчийн Монголд хийж буй айлчлалын хүрээнд далайд гарцгүй хөрш улсынхаа эдийн засгийн хараат байдлыг өөртөө ашигтайгаар эргүүлэхийн тулд Далай ламын айлчлалыг цуцалсан гэх мэдээлэл ч цацагдаж байгаа юм.

 

Эх сурвалжуудын мэдээлснээр сүсэгтэн олон Калачакра буюу Цогт-Очир хөлгөний авшгийг айлдуулахаар Далай ламыг Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод залах ажлыг энэ оны эхэн үеэс эхлэн ярилцаж байсан ажээ.

Харин Монгол улсын Гадаад харилцааны яамнаас Далай ламын төлөвлөсөн айлчлалын талаар албан ёсны мэдэгдэл гаргаагүй боловч айлчлал цуцлагдсан нь Засгийн газрын ажил хэрэгтэй ямар ч холбоогүй гэсэн тайлбарыг өгчээ.

 

Тэрбээр 1979 оноос хойш нийт найман удаа манай улсад айлчилж байсан бөгөөд хамгийн сүүлд 2011 оны арван нэгдүгээр сард гурван өдрийн айлчлал хийсэн билээ.

 

Б.Саруул