Хэрэв бид А4 цаасыг хажуу талаас нь харвал их нимгэн харагдах ба дээрээс нь харвал далбагар зузаан харагдана. Үүний нэгэн адил аливаа зүйлийн хажууд жижиг зүйлүүдийг эргүүлэн тойруулж тавьснаар том харагдуулж болдогийн адил уул уурхайн салбар нь бодит харагдаж байгаа зүйлийг өөр чиглэлд хандуулж улмаар агуулга буюу хэлж ярих зүйлээ сайтар хянамгай сонгосноор хэм хэмжээгээ өөрсдийн хүссэн өнцгөөс харагдуулж чаддаг байна.

Үүний нэг жишээ бол Оюу Толгойн өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй хөрөнгө оруулалтын зардал юм. Анхны төсөл дээр 2.7 тэрбум ам. Доллар байсан бол Хөрөнгө Оруулалтын Гэрээ байгуулагдахад 4 орчим тэрбум ам. Доллар болсон. Гэтэл өнөөдөр 7.9 тэрбум ам. Доллар болсон байх жишээтэй. Энэ нь цаашид 10 тэрбум ам. Доллар гарах сурагтай. Ингэж өсгөх нь хэнд ашигтай вэ?

Уул уурхайн салбар нь өөрсдийгөө сайн сайхнаар харагдуулахын тулд өөрийн гэсэн цахим хуудастай, өргөн цар хүрээг хамрах реклам сурталчилгаа зэргийг байнга боловсруулж түгээж байдаг. Уг салбар нь голдуу уул уурхайн салбар дахь хөдөлмөр эрхлэлт, сургалт, төлсөн татвар, хураамж, өсөн нэмэгдэж буй хувь эзэмшил, уул уурхайн экспортын түвшин зэргийн талаар түлхүү анхаарч ярьдаг байна. Жишээ нь хөдөлмөр эрхлэлтийг аваад үзье. Оюу Толгойн өөрсдийнх нь өнөөгийн ажилчдын тоон дээр үндэслэвэл нийт 8,000 ажилтан гэдэг нь нийт хүн амын 0.3 % харин үйлдвэрлэл эхэлснээс хойшхи 3,000 ажилтан гэдэг нь нийт хүн амын 0.1% байна. Гэхдээ уул уурхайн компани нь уул уурхайн салбарт шууд бус хөдөлмөр эрхлэлтийг оролцуулж бодит байгаагаас хамаагүй их харагдуулахыг хичээдэг. Үүнийгээ мультфликацийн аргачилал буюу үржүүлэгийн нөлөөгөөр тооцож гаргадаг байна. Энэ нь багш, сантехникч, мужаан хүн орлогоо яг адил нийгэмд зарцуулж байгааг зөвхөн уул уурхайн компаниуд эсвэл тухайн салбарт ажиллаж байгаа хүмүүс орлогоо зарцуулахыг нь үржүүлэгийн нөлөөллийн аргаар боддог байна. Энд гол ялгаа нь уул уурхайн компаниуд эсвэл салбарынхан нь бусдыгаа бодвол эдийн засагч, зөвлөх компаниудад мөнгө төлж салбарынхаа үржүүлэгийн нөлөө буюу шууд бус хөдөлмөр эрхлэлтийг, ажлын байрыг тооцуулж гаргаж чаддагт байгаа юм. Оюу Толгойн ачаар ажилтай боллоо гээд рекламдаад байх бус харин Оюу Толгой бий болгосон шууд ажлын байр буюу ажилтныхаа талаар ярих ёстой юм.
Гэтэл бүх салбар ингэж уул уурхайн салбар шиг шууд бус хөдөлмөр эрхлэлтийг тооцоод өөрсдийгөө дөвийлгөөд байвал Монголын хөдөлмөрийн зах зээл байгаагаасаа даруй 3 дахин их болж харагдах юм.  Уул уурхайн салбар нь шууд болон шууд бус хөдөлмөр эрхлэлтийн тоогоо нэмээд түүнийгээ өөр нэг салбарын шууд хөдөлмөр эрхлэлттэй харьцуулж ярих нь шударга биш юм. Энд бид бас нэг зүйлийг анхаарах нь зүйтэй. Уул уурхай дахь хөдөлмөр эрхлэлт тогтворгүй байдаг, хүмүүс байнга л ажлаа сольж эсвэл халагдаж байдаг. Үүний нэг шалтгаан нь уул уурхайн ажил тийм ч сайхан ажил гэж тооцогддоггүйд оршдог. Хэдий өндөр цалин авах ч тэрхүү цалин нь амь насны эрсдэл, нийгмээс хөндийрэх, ар гэрээсээ хол байх, гээс бусад сөрөг нөлөөллүүд нь авч байгаа цалинтай нь харьцуулбал хамаагүй их байдаг байна.  Тэгэхээр уул уурхайн салбарын уналт нь цөөн тооны хувь эзэмшигч болон хэдхэн ажилчдын зовнил болохоос биш бусад салбарын адил хөдөлмөрийн зах зээлд нээх айхтар том нөлөө үзүүлэхгүй гэж олон улсын түвшинд үздэг юм байна.

Уул уурхайн салбарынхан бусдын адил аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг төлдөг боловч бусдаас хамаагүй бага татвар төлдөг. Үүний нэг шалтгаан нь уул уулрхайн компаниудад татварын элдэв хөнгөлөлт их үзүүлдэгт оршиж байгаа юм. Жишээ нь Оюу Толгойн Хөрөнгө Оруулалтын Гэрээ (ХОГ) –ний 2.12 дугаар заалт “татварын тайлангаар гарсан алдагдлыг дараалсан 8 жил, татвар ногдуулах орлогоос хасч тооцно. Хасагдах алдагдлын хэмжээ татвар ногдуулах орлогын дүнгийн 100%-иас хэтрэхгүй” гэж заасан байдаг ба энэхүү заалт нь ХОГ байгуулагдахаас өмнө бол 2 жил буюу 50%-иас хэтрэхгүй гэж байсан. Хуулийн заалтыг бүр дордуулж өөрчлөөд улмаар Монгол улс аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг Оюу Толгойгоос 8 жил авч чадахгүй байх бүрэн боломжыг нээж өгсөн заалт болсон гэж үзэх хүмүүс ч их байна. Мөн ХОГ-ний 2.33 дугаар заалт нь “Оюу Толгой төслийн барилгын ажлыг гүйцэтэж дуусах хүртэлх хугацаанд элэгдэл байгуулах үндсэн хөрөнгөд Хөрөнгө оруулагчийн оруулсан хөрөнгө оруулалтын 10 хувьтай тэнцэх татварын хөнгөлөлтийг олгоно. Шилжүүлэн тооцох хугацаа 3 жил” гэжээ. Нэгдүгээрт, барилгын ажил дуусаагүй, дөнгөж 30%тай гэж сураг сонсогдоод байгаа. Одоо далд уурхайн барилгын ажил эхэлнэ. Хэзээ ч энэ барилгын ажил нь дуусах юм бүү мэд. Хоёрдугаарт, хөрөнгө оруулалтын зардал, хэмжээ нэмэгдэх тусам татвар хэлбэрээр буцааж авах хэмжээ нь их байх болно. Жишээ нь 2.7 тэрбум ам.доллар байхад 270 сая ам.долларыг Оюу Толгой татварын хөнгөлөлт хэлбэрээр буцааж авах нь харин ХОГ байгуулагдах үеийн 4 тэрбум ам.доллар байхад 400 сая ам.доллар буцааж авах байж. Гэтэл өнөөдрийн байдлаар 7.9 тэрбум ам.доллар болж өссөн тохиолдолд 790 сая ам.долларыг Оюу Толгой Монголчуудаас татварын хөнгөлөлт хэлбэрээр буцааж авах гэж байна. Энэ нь ядарсан Монголчуудад хэдэн цэцэрлэг, хэдэн сургууль вэ?
Байгалийн нөөц ашигласны төлбөр нь аливаа нэг ресторан хоолны бараа материал нийлүүлэгч нартаа мөнгө төлдөг шиг, эсвэл барилгын компани барилгын материал нийлүүлэгч нарт мөнгө төлдөг шиг уул уурхайн компаниуд нөөц ашигласны хариуд Засгийн газарт мөнгө төлж байгаа нэг хэлбэр юм. Гэтэл бид нөөцөө бага үнэлж роялтигаа 5-хан % байхаар тогтоосон нь маш бага гэсэн шүүмжлэлийг мэргэжлийн хүмүүс өгч байдаг. Тэгэхээр бид үүнийгээ нэг эргэж харах нь зүйтэй.
Уул уурхайн компаниуд ихэнхдээ нөөц ашигласны төлбөр дээр нэмээд аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг бодож хэлдэг. Тэгэхээр тэд их татвар төлөөд байгаа юм шиг харагддаг байна. Үнэндээ энэ нь шударга биш юм. Жишээ нь барилгын компаниуд ч гэсэн төлсөн татвар дээрээ нэмээд барилгын материал нийлүүлэгч нарт төлсөн мөнгөө бодоод яриад байвал аугаа их татвар төлсөн мэт харагдах юм. Хэдий хуульд роялти-г татварын нэг төрөл гэж оруулсан боловч концепцийн хувьд энэ нь аливаа бараа бүтээгдэхүүн, нөөц, материал нийлүүлж байгаа нийлүүлэгч нарт төлж байгаа мөнгө юм. Тиймдээ ч байгалийн нөөц ашигласны төлбөр гэж нэрлэдэг, харин зарим оронд байгалийн нөөцийн түрээсийн төлбөр гэж нэрлэдэг ч бий.
 

нийтлэлч С.ГАНТУЯА