Өнөөдөр хүүхдээ цэцэрлэгт оруулах нь эцэг эхчүүдийн хувьд тэвчээр хатуужил, мөнгө санхүү, сэргэлэн байдал зэргийг давхар шалгах шалгуур болоод байна.  Өөрөөр хэлбэл  хувийн цэцэрлэгүүд хэтэрхий үнэтэй байгаа энэ цаг үед эцэг эхчүүд хүүхдээ харьяа цэцэрлэгтээ өгөхөөр бүртгүүлэхдээ ар, өврийн хаалгыг ашиглаж байгаа нь нууц биш.  

Хэрвээ харьяа газар нь цэцэрлэггүй бол эцэг эхчүүд гэртэйгээ хасгийн ойр цэцэрлэг рүү чичирдэг нь үнэн. Ингэхдээ нэг юм уу нилээд хэдэн сарынхаа цалинг багш, цэцэрлэгийн эрхлэгчид нь өгч байж хүүхдээ бүртгүүлдэг.

Цэцэрлэгийн хүртээмж тааруу байгаа энэ цаг үед төрийн түшээд нэгийг бодож, хоёрыг тунгаахаар шийдсэн бололтой өчигдөр Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүд Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбаганыг дуудан ирүүлж, мэдээлэл  сонссон байна.  

Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбаганын мэдээлж байгаагаар:   Нийслэлд 2013-2014 оны хичээлийн жилд төрийн өмчийн 178 цэцэрлэг, төрийн бус өмчийн 250 цэцэрлэгт нийт 75579 хүүхэд хамрагдаж, 2-5 насны хүүхдийн 72,3 хувийг хамруулжээ. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 4,6 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.

Өнөөдрийн байдлаар төрийн өмчийн 31683 ор бүхий 178 цэцэрлэгт 59474 хүүхэд хүмүүжиж байгаа нь цэцэрлэгийн барилга хүчин чадлаасаа даруй 1,87 дахин илүү ачаалалтай ажиллаж байгаа.

 

Энэ онд гурван цэцэрлэгийн барилга ашиглалтад орж, 27 цэцэрлэгийн барилга угсралтын ажил эхэлсэн байна. Мөн тендер нь зарлагдсан 32 цэцэрлэгийн барилга байгаа бөгөөд энэ тоог  нэмэгдүүлж 150 хүүхдийн хүчин чадалтай 374 цэцэрлэг барих шаардлага тулгарчээ.

Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбагана газар чөлөөлөлтийн ажил удаашралтайгаас шалтгаалж цэцэрлэгийн барилга барих ажил он дамнах, зохих ёсны хугацаандаа ашиглалтад орохгүй  байгаа гэдгийг учирлав.

Тэгвэл  өнгөрсөн хичээлийн жилд үйл ажиллагаа явуулсан хувийн цэцэрлэгийн 43 хувь нь  хүчин чадлаа бүрэн ашиглаж чадаагүй байна. Энэ нь нийт 71 цэцэрлэгийн 2552 ор сул байна гэсэн үг юм байна. Энэ орон тоог төр хувийн хэвшил тодорхой нөхцөлтэйгөөр харилцан тохиролцож ашиглах боломжтой гэнэ.

Харин УИХ-ын гишүүд  ирэх жилийн төсөвт  20 тэрбум төгрөгийг цэцэрлэгийн чанар хүртээмжийг сайжруулахад тусгуулахаар хичээх болно гэдгээ мэдэгдэв.  

Төрөөс залуу гэр бүлийг харж үзэн орон сууцны хөнгөлөлттэй зээлд түлхүү хамруулна гэж ярьж байгаа ч тэдний үр хүүхдийг цэцэрлэгээр хүмүүжүүлэхгүй л бол аав ээжийн аль нэг нь хүүхдээ хараад гэртээ суух болдог. Гэтэл банкны зээлд хамрагдахад өрхийн сарын орлого төд байх ёстой гэсэн шалгуурыг ганц хүний цалин давдаггүй. Сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгээр хүмүүжүүлээгүй хүүхдийг нэгдүгээр ангид авахгүй.

Тэгэхээр энэ жил төрөөс харж үзэх нь худлаа болсон болохоор хүүхдүүдээ гэр цэцэрлэгт өгөх эсвэл бүсээ чангалаад хувийн цэцэрлэгт өгөхөөс өөр аргагүй болж байх шиг байна. 

Эцэг эхчүүдийн хувьд хүүхдээ гэр цэцэрлэгт өгөх нь харьцангуй ашигтай гэнэ.  Өөрөөр хэлбэл  өнөөдөр улсын хэмжээнд  800 гэр цэцэрлэг ажиллаж байна. Нэг гэрт 20-25 хүүхэд хүмүүжүүлэх багтаамжтай. Тиймээс жилд дунджаар 3200 хүүхэд хамрагдаж чадсан. Гэр цэцэрлэгт хүүхдийн орон тоо харьцангуй бага болохоор хоолны чанар жирийн цэцэрлэгүүдийг бодвол сайн. Хүүхдийн өвчлөлийн судалгаа хийж үзэхэд гэр цэцэрлэгээр хүмүүжиж буй хүүхэд өвчлөл хамаагүй бага, нийт хүүхдүүдийн 10 хувь гэж гарсан. Харин байшинтай цэцэрлэгт хүмүүжиж буй хүүхдүүд 40 гаруй хувийн өвчлөлтэй гэж гарсан байна. Мөн хүүхэд  гэрт өсөж торниход Монгол соёлдоо ойрхон хүмүүждэг.  Био 00-той болохоор хүйтэн сэрүүнд гарч бие засна гэдэгт санаа зоволтгүй ажээ.

 

Т.Энгүүн