Утааны цаг, өвөл цаг айсуй. Сүүлийн хэдэн жил Улаанбаатарын утааг арилгах, дулаан өвөлжүүлэх тухай ярьж, мөн ч их хөрөнгийг энэ зүгт урсгав.

Түрүүчээсээ буюу Улаанбаатарын утааг “арилгах” гэсэн “Цэвэр агаар сан”-гийн тэргүүн М.Хүрэлсүх шоронд хоригдов. Мөн Улаанбаатарыг дулаан “өвөлжүүлэх” гэсэн Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх ч цагдан хоригдов.

 

Харин өдгөө дулаан, утаа багатай өвөлжих тухай аанай л өнөөх үлгэрээ ярьж эхэллээ. Түүхий нүүрсийг орлохуйц түлш  үйлдвэрлэн хэрэглээнд нэвтрүүлэх ажил эхэлсэн тухай мэдээлэл ч байна.

 

Одоогоор гурван компани түлш бэлтгэн нийлүүлэх гэрээг хийсэн ч ирэх өвөл хэчнээн тонн түлшийг гэр хорооллынхонд нийлүүлж чадах эсэхээ мэдэхгүй суугаа аж. Урьдчилсан байдлаар нэг компани нь 50 тонн түлш нийлүүлэхээ мэдэгдсэн бол хоёр дахь компани нь 25 тонн түлш нийлүүлэх юм байх. Гэтэл гэр хорооллынхныг дулаан өвөлжүүлэхийн тулд 600 мянган тонн түлш бэлтгэн нийлүүлэх шаардлагатай гэнэ. Тодруулбал, дээрх компаниуд тус бүр нь 100 тонн түлш бэлтгэж чадахгүйгээ нэгэнт мэдэгдлээ.  Гэсэн хэрнээ нэг тонн түлшээ 130 мянган төгрөгөөр нийлүүлэхээ мэдэгдсэн бололтой.

 

Өнгөрсөн жил Налайхын нүүрс нэг тонн нь 150.000-160.000 төгрөгөөр борлуулагдсан гэж үзвэл түлшний үнэ доогуур. Харин “Нүүрс” хөтөлбөрийн хүрээнд борлуулж байсан Багануурын нүүрсийг нэг тонныг нь 80 мянган төгрөгөөр үнэлэн зарж байсан. Энэ тухай иргэдийн дунд ч санал асуулга явуулах хэрэг гарна гэнэ.

 

Хэдийгээр хөтөлбөрийг ахалж байсан Л.Гансүх буруутгагдаад байгаа ч 40 кг-аар савласан Багануурын нүүрсийг 3200 төгрөгөөр авах нь иргэдэд хавьгүй хямд тусах аж. Албан бус эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол Багануурын нүүрсийг энэ жил үргэлжлүүлэн түлэх юм байна. Тодруулбал,  Засгийн газраас “Нүүрс” хөтөлбөрийг дахин хэрэгжүүлэх зүй ёсны шаардлага гарч байгаа нь энэ. Тэгэхээр энэ хөтөлбөрийг Л.Гансүхийн оронд хэн нэгэн ахалж таарна.

 

Тэгээд түүн шиг үнэ нэмж зарахад болохгүй зүйл алга. Угаасаа энэ хөтөлбөр бол Н.Алтанхуяг нарын хамтарсан бизнес мөн. Тиймдээ ч Ерөнхий сайдын охин энэ хэрэгт холбогдсон. Тэгэхээр Н.Алтанхуяг нүүрсний наймаагаа үргэлжлүүлэхээс өөр аргагүй. Нэгд, иргэдийн шаардлага, хоёрт, өөрийнх нь босгосон наймаа үргэлжлэх учиртай. Тэгэхээр Л.Гансүхийн хойноос явах зоригтон хэрэгтэй болно. Харин түүний араас явах зоригтон нь хэн байх вэ гэдэг л асуудал дагуулж байна. 
                                                                                                                                                                         А.Гал