Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар айлчилж буй ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Чингис хаан нисэх онгоцны буудалд  14.30 минутад газардав. ОХУ-ын Ерөнхийлөгчийг Монгол Улсын ерөнхий сайд Н.Алтанхуяг угтан авлаа.

 Зочдын бүрэлдэхүүнд ерөнхийлөгч В.Путины зөвлөх Юрий Ушаков айлчлалын үеэр том хэмжээний 13 хэлэлцээрт гарын үсэг зурахаар төлөвлөсөн гэж өчигдөр мэдэгджээ. Эдгээрийн дотор хоёр улсын иргэд харилцан визгүй зорчих хэлэлцээр, “Улаанбаатар” төмөр замын шинэчлэл, стратегийн хөгжлийн түншлэлээр Оросын төмөр замын “РЖД” хувьцаат нийгэмлэг болон Монгол Улсын Зам тээврийн яамны хооронд хэлэлцээр хийхээр болсон гэдгийг онцлон тэмдэглэсэн байна. Мөн Хэрлэн, Онон, Улз зэрэг монголын томоохон голууд цутгадаг Амур мөрний зэрлэг ан амьтны нөөц, Монгол Улсад цэрэг техникийн тусламж үзүүлэх тухай протокол, хоёр улсын Хууль зүйн яамдын хамтын ажиллагаа, худалдаа болон эдийн засгийн харилцааг хөгжүүлэх санамж бичиг, “Аэрофлот болон МИАТ”, монголын иргэний агаарын тээврийн компаниудын хооронд харилцан ойлголцлын санамж бичиг, газрын тосны “Роснефть” компанийн түнш байгууллагуудад зориулсан сургалттай холбоотой Монгол Улсын Боловсрол, Шинжлэх ухааны яам болон “Роснефть” хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурах аж.
Оросын талаас эдийн засгийн хамтын ажиллагаа хангалтгүй байгаад сэтгэл хангалуун бус байгаагаа ерөнхийлөгчийн зөвлөх Юрий Ушаков илэрхийлжээ. Тэрээр, Монгол улсын хувьд гадаад худалдааны хоёр дахь томоохон түнш хэдий ч урд хөрштэй харьцуулахад харьцангуй удаашралтай явж байгаа хэмээн үзжээ. Сүүлийн жилүүдэд Монгол-Оросын худалдааны эргэлт хумигдсан үзүүлэлттэй гарчээ. 2013 оны байдлаар хоёр орны гадаад худалдааны нийт эргэлт 1.3 тэрбум ам.доллар байсан бөгөөд энэ  нь өмнөх жилүүдтэй харьцуулахад 16 хувиар буурсан үзүүлэлт юм. Гэтэл энэ жилийн эхний хагасын байдлаар газрын тосны бүтээгдэхүүн, машин тоног төхөөрөмжийн бүтээгдэхүүний худалдаа 13 хувиар буурсан байна.
Оросын хэвлэл мэдээллийн эх сурвалжуудын мэдээлж байгаагаар ОХУ-ын Ерөнхийлөгчийг дагалдан тус улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров,  орлогч сайд Юрий Трутнев, Тээврийн сайд Максим Соколов, Эрчим хүчний сайд Александр Новак, Алс дорнодын хөгжлийн сайд Александр Галушка, Хууль зүйн яамны сайд Александр Коновалов, Байгалийн нөөц, экологийн сайд Сергей Донской, Барилга хот байгуулалт, нийтийн үйлчилгээний сайд Михаил Мень, “Оросын төмөр зам” нийгэмлэгийн ерөнхийлөгч Владимир Якунин болон бизнесийн салбарыг төлөөлж Оросын шууд хөрөнгө оруулалтын сангийн ерөнхий захирал Кирилл Дмитриев, “Роснефть” компанийн тэргүүн Игорь Сечин, хөнгөн цагаан үйлдвэрлэлийн “Русал” компанийн тэргүүн Олег Дерипаска нарын төлөөлөгч багтжээ.
Айлчлалын хүрээнд Батлан хамгаалах яаманд Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ ОХУ-ын Батлан хамгаалахын нэгдүгээр орлогч сайд А.В.Бахиныг хүлээн авч уулзаж байна. Мөн БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар ОХУ-ын зэвсэглэл техникийн холбогдох албан тушаалтнуудтай уулзалт хийх юм. Энэ үеэр Монгол Улсад цэрэг-техникийн буцалтгүй тусламж үзүүлэх асуудлыг хэлэлцэх аж.

Түүнчлэн МҮОНРТ-ийн Ерөнхий захирал М.Наранбаатар, Холбооны нэгдмэл аж ахуйн нэгж болох “Россия Сегодня” олон улсын мэдээллийн агентлагийн Ерөнхий редакторын орлогч П.В.Андреев нар 15 цагт Төрийн ордонд хамтран ажиллах санамж бичиг байгуулж, гарын үсэг зурна.


                                                                                                                                                                                               Д.Эрдэнэсувд