Монголд сүүлийн жилүүдэд орчин үеийн шийдэл бүхий өндөр барилгууд сүндэрлэсээр байгаа билээ. Их хотын өнгө үзэмжийг нэмсэн барилга баригдах нь зөв ч гэлээ нөгөө талдаа хуулийн дагуу хөдөлмөрийн аюулгүй байдлаа дагаж мөрдөж байгаа барилгын компаниуд гэж бараг л ховор болж. 

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хэдхэн сарын өмнөхөн барилгын чанар, аюулгүй байдлын чиглэлээр сургалт зохион байгуулсан. Сургалт зохион байгуулахын өмнө 350 гаруй барилга угсралтын үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуй нэгжид урилга явуулсан 300 орчим нь хүрэлцэн ирсэн байдаг. 

Уг сургалтын үеэр мэдээлсэн мэдээллээс үзвэл манай улсад сүүлийн гурван жилд 173 үйлдвэрлэлийн осол гарч, 185 хүн өртсөнөөс 67 нь нас барж, 37 нь тахир дутуу болж, 81 хүн хөдөлмөрийн чадвараа түр алджээ

Сургалтын үеэр МХЕГ-ын холбогдох хүмүүс барилгын салбарт гарч байгаа осол, гэмтэлд хаа хаанаа анхаарч ажиллах хэрэгтэйг сануулсан. Гэвч өнөөг хүртэл аюулгүй ажиллагааны дүрмийг бүрэн төгс мөрдөн ажиллахгүй байсаар л дахиад 3 залуу хийж бүтээх насан дээрээ амь насаа харамсалтайгаар алдсан хэрэг өнгөрсөн долоо хоногт гарав.  “River stone” орон сууц­ны барилгын гадна талын пассадны өнгөлгөөг хийж байсан 17-23 насны гурван залуугийн зогсч байсан дүүжин хав­тангийн олс тасарч өндрөөс унасан аж. Ослын улмаас тэдний хоёр нь газар дээрээ нас барж нэг нь эмнэлэгт хүргэгдэх замдаа амьсгал хураасан.

Дээрх оюутнууд тус барилга дээр түр гэрээгээр ажиллаж байсан аж. НМХГ-аас барилгын үйл ажиллагааг өнгөрсөн тавдугаар сард зогсоосон ч гүйцэтгэгчээ сольж “БоБэ” компанийг ажиллуулж байжээ.

Эл хэргийн талаар хуу­лийн байгууллага шалгаж байгаа учир ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй байгаа аж.

Ослын гол шалтгаан нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүйгээс үүдэлтэй гэдгийг албаны болоод бусад эх сурвалжууд хэлсэн. Өөрөөр хэлбэл, уг барилга дээр ажиллаж байгаа ажилчид хөдөлмөр хамгаалалтын багаж хэрэгслээр хангагдаагүй, тэдэнд зааварчилгаа өгөх хөдөлмөр хамгааллын инженер ч байгааагүй гэдгийг хэлж байна.

2005-2013 онд барилгын салбарт нийт 581 удаагийн үйлдвэрлэлийн осол гарч, 246 хүн осолд өртөж нас барж, 130 хүн тахир дутуу болж, 272 хүн хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алджээ. Гэтэл өнөөг хүртэл эл байдлыг таслан зогсоож барилгын компаниудыг дийлэх "хууль"алга. 

"Мөнгөтэй нэгэнд хууль үйлчилдэггүй" гэх явган яриа биелэлээ олно гэхэд хүний аминаас үнэтэй баймааргүй юм. Ид хийж бүтээх насандаа яваа залуусаа "цатгалан" гэх тодотголтой хэдэн барилгын компаниудын золиос болгосоор байх уу? Эдгээр иргэдийн ард хэчнээн аав ээж, ах дүүс уйлан шар махтайгаа хатаж байгаа бол гэж бодож үзэх сэтгэл Монголчуудад дутаагүй л байгаасай билээ. 

Мэргэжлийн хяналтаас хөдөлмөр аюулгүй байдлын хуулиа дагаж мөрдөөгүй барилгуудын үйл ажиллагаа явуулахыг нь олонтоо хааж, зогсоодог ч маргааш нь юу ч болоогүй юм шиг л хээв нэг ажиллаж барилгаа барьсаар байдаг. Шөнө дөлөөр иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулсаар сүндэрлэх барилгууд ч нэлээд хэд бий. 

Хуулиа мөрдөж чадахгүй бол хүний амиар сүндэрлэж байгаа барилгуудыг "нураа"-чихвал яасан юм бэ, гэх санаа  олон удаа төрж байсныг нуугаад яахав. Нялх үрээ гудамжаар хөтлөн гарцаараа гарч явахдаа кран унаж амийг аваад одоход...

Бидний үр хүүхэд өглөө гэрээсээ гараад орой гэртээ амьд харих боломж бий юу гэсэн айдаст олон олон аав ээжүүдийг автуулсан хэрэг өнгөрсөн онд гарсан хэдий өнгөрсөн хэрэг ч гэлээ бид мартах ёсгүй. Хэрэв барилгын компанийхан аюулгүй ажиллагааг мөрдөж, барилга барих үеийн хамгаалалттай ажиллаж байсан бол өнөөдөр 7  настай охин, 19 настай хүү, 26 настай залуу, 17 настай оюутан залуу, 23 настай залуу эгэл бидний дунд мөр зэрэгцэн алхаж явах байсан. 

Х.Даваа