“Шунхлай” ШТС-ыг битүүмжилжээ (фото)
2014/09/09
-Мэдээллийг худалдаж авна-
Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байрлах “Шунхлай” шатахуун түгээх станцад өнгөрсөн наймдугаар сарын 17-18-нд шилжих шөнө хүн амины ноцтой хэрэг гарсан билээ. Гэмт этгээд тус шатахуун түгээх станцын түгээгч бүсгүйн амийг хөнөөн улмаар эд мөрийн баримтаа үгүй хийхийн тулд хяналтын камерын бичлэг бүхий хард дискийг нь аваад зугтсан байдаг. Мөн талийгаачийн биед байсан орлогынх нь мөнгө болох нэг сая гаруй төгрөгийг авсан гэдэг.
Хэрэг гарсан даруйд ЦЕГ-ын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн албан хаагчид болон аймгийн Цагдаагийн газрынхан хэргийн газарт үзлэг хийн, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай эхлүүлсэн хэдий ч өнөөдрийг хүртэл гэмт этгээдийг саатуулаагүй байгаа юм.
Гэмт этгээдийн хурууны хээ болон гутлын мөрнөөс үзэхэд тэрбээр үйлдсэнийхээ дараа 4-5 явганаар яваад Бугатай даваа орчмоос замын унаанд дайгдсан болох нь тогтоогдоод байгаа аж. Өөрөөр хэлбэл, түүний хөлийн мөр Төв аймгийн Бугын сангийн аж ахуй цаана байдаг Бугатай даваа орчмоос тасарчээ.
Гэмт этгээдийг эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд хэргийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллага худалдаж авна гэдгээ мэдэгдээд байна.
Түүнчлэн хэрэг гарсан “Шунхай” шатахуун түгээх станцыг цагдаагийн байгууллагынхан битүүмжилсэн байна.
А.Ариун