Ахуйн үйлчилгээний уулзвар өнөөдөр ашиглалтад орлоо. Тус уулзвар өмнө нь тойрог хөдөлгөөнтэй буюу бүх чиглэлдээ шууд хөндлөн нэвтрэх боломжгүйгээс авто замын түгжрэл байнга үүсэж, зорчигчдыг ихээхэн бухимдуулдаг байсан. Харин “Гудамж” төслийн захиалгаар энэ уулзварыг бүх чиглэлдээ шууд хөндлөн нэвтрэх боломжтой, хөдөлгөөний зөв зохион байгуулалттай, нэвтрүүлэх чадвар сайтай болгон өөрчлөн шинэчлэх зураг төслийг “Дөрвөн тэнхлэг” ХХК боловсруулж, зам барилгын ажлыг “Наранбулаг Хан” ХХК гүйцэтгэсэн юм. “Наранбулаг Хан” ХХК нь өнгөрсөн онд “Гудамж” төслийн хүрээнд Саппорогийн уулзвар, Чингисийн өргөн чөлөөний замыг өргөтгөн шинэчлэх томоохон ажлыг хариуцлагатай гүйцэтгэсэн туршлагатай компина аж.

Уулзварын өргөтгөл шинэчлэлийн зурвастай давхацсан дулаан шугамуудыг шинэчлэн шилжүүлж, хоёр байршилд дулааны худгийн узелийг авто замын даацад тохируулан хана, тагийг хүчитгэж, бетон-арматурчлал хийсэн. Цэвэр усны 220 метр шугамыг хамгаалалттай болгосон, 55 ширхэг шүүрт болон үзлэгийн худаг, борооны ус зайлуулах 1200 метр шугам шинээр хийж, төвийн шугамд холбосон, троллейбусны хуучин шугамуудыг сольж, гудамжны гэрэлтүүлгийн хамт шинээр суурилуулсан гэх мэт инженер дэд бүтцийн маш олон ажил давхар хийгдсэн байна.

Энэ уулзварт 28 318 ам метр талбайд хатуу хучилт, 5 547 ам метр талбайд ногоон байгууламж, 7 565 ам метр талбайд явган зорчигчийн зориулалтын зам барьснаараа хамгийн том уулзвар боллоо.

Авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлж, иргэдэд эдийн засгийн хэмнэлт бий болгох зорилго бүхий энэ ажлыг хэрэгжүүлэхийн тулд уулзварын голд байсан Л.Энэбиш агсны хөшөөг зүүн урагш 10 метр зайд шилжүүлж, цэцэрлэгт хүрээлэнг дахин шинэчлэн байгуулж байгаа юм. Төр нийгмийн зүтгэлтэн Л.Энэбиш агсны хүү Э.Мөнх-Очир бүтээн байгуулалтын ажлыг ойлгон дэмжиж, хөшөө шилжүүлэх асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэсэн.

Л.Энэбиш агсны хөшөөт цогцолборыг “Энэбиш-Булган хөгжил сан” ТББ өөрийн хөрөнгөөр барьж байгуулсан бөгөөд одоо шинэчлэн тохижуулах ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэх юм. 

Ахуйн үйлчилгээний уулзварыг өртгөн шинэчилж, хөдөлгөөний зөв зохион байгуулалттай болгох ажлын урьдчилсан нийт төсөвт өртөг 4.5 тэрбум төгрөг болж байна.