“Гудамж” төслийн хүрээнд Улаанбаатар хотын хэмжээнд энэ жил хэд, хэдэн уулзварыг өргөтгөн шинэчлэн засварлахаар болсны нэг нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт хамаарах Ахуйн үйлчилгээний уулзвар юм. Уг уулзварыг өргөтгөн шинэчлэх ажил дууссанаар өнөөдөр албан ёсоор хүлээлгэн өглөө.

Энэхүү уулзварыг бүх чиглэлдээ шууд хөндлөн нэвтрэх боломжтой, хөдөлгөөний зөв зохион байгуулалттай, нэвтрүүлэх чадвар сайтай болгон өөрчилсөн аж. 

Тус ажлын хүрээнд цэвэр усны 220 метр шугамыг хамгаалалттай болгож, борооны ус зайлуулах 1200 метр шугам шинээр хийж, төвийн шугамд холбожээ.

Мөн троллейбусны хуучин шугамуудыг сольсон төдийгүй нийт 28 318 ам метр талбайд хатуу хучилт, 5 547 ам метр талбайд ногоон байгууламж, 7 565 ам метр талбайд явган зорчигчийн зориулалтын зам барьсан байна.

Төсөвт өртөг нь нийт 4.5 тэрбум төгрөг бөгөөд зарим барилгын ажлыг “Наранбулаг Хан” ХХК гүйцэтгэжээ.

 

 

Х.Даваа