Тахарын албаныхан Ататуркийн нэрэмжит Тав дугаар сургуулийн номын санд “Залуу хүний заавал унших ёстой 100 номын жагсаалт”-д багтсан 9 номыг хүлээлгэн өгч байна. Эдгээр ном нь сүүлийн жилүүдэд олдоц багассан, эрэлт ихтэй номууд юм. Хүүхэд, залуусын ертөнцийг харах цонх болсон сургуулийн номын санд “Залуу хүний заавал унших ёстой” энэхүү 9 номыг өгч байгаа нь 5 дугаар сургуулийн 2600 гаруй сурагчийн оюуны санд оруулж буй томоохон хөрөнгө оруулалт болж байна. Тахарын албаныхан бидний ирээдүй болсон хүүхэд залуусын төлөө эхэлсэн энэхүү үйлсээ Хууль зүйн яамнаас зохион байгуулж буй “Эрх чөлөөтэй Монгол хүн” 10 хоногийн аяны хүрээнд зохион байгуулж байгаа юм байна.

Хууль зүйн яамнаас энэ сарын 13-ны өдөр “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулна. Дээрх өдөрлөгийг угтан зохион байгуулж байгаа энэхүү аян нь нийгмийн сайн сайхны төлөө, хүүхэд залуусын боловсролын төлөө хийж байгаа буянтай ажил болохыг Ататуркийн нэрэмжит 5 дугаар сургуулийн сурагч, багш, удирдлагууд онцлон хэлж байсан юм.