“Гурван найз”, “Хувь тавилангийн ээдрээ”, “Хайрын эрэлд” зэрэг телевизийн цуврал бүтээлүүдээрээ үзэгчдээс өндөр үнэлгээ авсан “Боловсрол суваг” телевизийн шинэхэн бүтээл үзэгчдийн хүртээл болохоор бэлэн болжээ. 

Тодруулбал, “Мөрдөгч” олон ангит киног Хууль зүйн яамтай хамтран бүтээжээ. Уг кинонд цагдаагийн албан хаагч болон иргэдийн харилцаа, иргэдийн өдөр тутмын амьдралд түгээмэл тохиолддог асуудлыг хууль эрх зүйн хүрээнд хэрхэн шийдвэрлэдэг талаар мэдлэг өгөх зорилгоор бүтээсэн аж.

Мөн гэмт хэргийн нууцыг хэрхэн илрүүлж байгааг хүмүүст уйтгартай үзэгчдийн сонирхол татахуйц байдлаар хүргэхийг зорьжээ.

Киноны гол дүрд СТА Н.Ялалт, СТА Ч.Болд, СТА Н.Амарсанаа, жүжигчин Н.Мөнхсоёл, Б.Анхбаяр нар тогложээ. Кино зохиолыг Г.Анхбаяр (Аанхаа), Д.Билгүүн (Гаамп), Д.Түмэн-Өлзий (Артаньян) нар болон А.Миеэгомбо нар хамтран бичсэн байна.

“Мөрдөгч” киноны зураг авалт өнгөрсөн оны 12-р сард эхэлж, бүтэн 6 сар гаруй хугацаанд үргэлжилжээ. Анги бүртээ өөр өөр хэргийг мөрдөж, нууц гэмт хэргийг учгийг тайлах энэхүү 40 ангит кинонд нийт 570 гаруй жүжигчин оролцон тоглосон гэдгийг дуулгалаа.

Гэмт хэргийг илрүүлэхийн төлөө сэтгэлээ зориулж, ухаанаа уралдуулан ажиллаж байгаа хошууч Дондог, ахмад Батнягт, дэслэгч Гарьд, Гэрэлмаа болон шинжээч мөрдөгч Оюунболд нарын түүхээр энэ салбарыг иргэдэд харуулсан “Мөрдөгч” киног энэ сарын 22-ний өдөр буюу даваа гарагаас эхлэн үдэш бүр 22:10 цагаас “Боловсрол суваг” телевизээр хүлээн авч үзэх боломжтой болж байна.