Хүнд, онц хүнд гэмт хэрэгтнүүдийн хэргийг шийдвэрлэжээ
2014/09/16
Төв аймгийн Прокурорын газраас он дамжсан, удааширсан хүнд, онц хүнд гэмт хэргүүдийг шийдвэрлэсэн байна. Тухайлбал, Төв аймгийн Баян -Өнжүүл сумын нутаг Хонхорууд гэх газар 2013 оны 11 сарын 10-ны өдөр иргэн Ц-г хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож түүний хэвлийн тус газар хүнд гэмтэл учруулан санаатай алсан Т.Бат-Өлзийд холбогдох хэрэгт аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Сум дундын 23 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанаар хэргийг 2014 оны 09 сарын 10-ны өдөр хянан хэлэлцээд шүүгдэгч Т.Бат-Өлзийг хүндрүүлэх бүрэлдэхүүнгүйгээр хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Монгол улсын Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хорих ялыг жирийн дэглэмд эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Дэлгэрхаан сумын төвд 2013 оны 09 сарын 10-нд иргэн Т-г зодож санаатай алсан хэрэгт холбогдсон О.Атарсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар,
2014 оны 03 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө 03-04 цагийн үед Төв аймгийн Цээл сумын 5 дугаар баг “Хүүлэй хаан” гэх газарт оршин суух Д-г танхайн сэдэлттэйгээр, санаатайгаар хутгалж алсан гэмт хэрэгт холбогдсон Р.Олзвойд холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан, Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.