Ажлын долоо хоногийн эхний едрөө ийм хар бараан мэдээлэл уншигчиддаа хүргэх байгаадаа хүлцэл өчье. Гэхдээ бичихээс өөр арга алга.

Элгийг нь дэвтээн, гэрийг нь гийгүүлэх гэж ирсэн бяцхан баяр баясал нь би шүү гэсэн шиг ход ход инээх инээд, хөөрхөн нүдээрээ зальтай нь аргагүй хэлэх үггүй болтол өмнөө сөхрүүлэх тэр адтай амыны бэртэж, гэмтэх нь хүртэл эх хүнд хүндээр тусдаг.


Сүүлийн хоёр өдөр олон нийтийн цахим сүлжээгээр цэцэг ургамал дайрсан хоёр, гурван машиныг харуулж, торгосон тухай мэдээ сэлт нь ч цацагдаад авав. Зөв л дөө, буруу зүйл хийсэн жолоочийг хариуцлага хүлээлгэх нь зөв. Гэхдээ ингэж бодогдоод салдаггүй ээ, юу гээч.

Цэцэг дайрсаныг нь тэгдэг юм байж, цэцэг цэврүү шиг охины "амьдралыг дайраад гарсан"-ыг нь яах юм болоо? гэсэн хүлээлт нийгмийн дунд үүслээ. Бас хариултаа ч нэхэж байна. Энэ мэдээллийн араас албаныхны өгсөн мэдээллээс иш татъя. Үнэндээ авах юм алга гээч.

Саяхан нэг телевиз 12 настай охин автын ослоор амиа алдсаны дараа албаны хүнийг уриад зам тээврийн ослын талаар ярьж байна аа. Уригдсан нөхөр "Хэдийгээр явган зорчигч ногоон гэрлээр зам хөндлөн гарч явсан ч яаралтай, зайлшгүй ажлаар явж буй машинд /тусгай албаны түргэн, цагдаа/ зам тавьж өгөх ёстой. Үүнийг манайхан мэдэхгүй, энэ талаар мэдлэг муу" гэж яриад байв.

Энэ санаагаа тойруулаад л мөлжөөд яриад л, яриулаад л байсны цаад санаа юу байв. Өнгөрөгч 2013 онд улсын хэмжээнд 37 хүүхэд зам тээврийн ослын улмаас амь насаа алдаж, 197 хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтэл авчээ. Энэ бол нэг сургуулийн нэгэн ангийн сурагчидтай дүйцэх тоо.

Зөвхөн ганцхан жилийн дотор 37 ээжийн өр өмөрч, 37 айлын гэр дүнсийж, 37 эцэг гашуун нулимсаа залгижээ. Зам тээврийн осолд өртсөн хүүхдийн 76,8 хувь нь явганаар буюу гэрээсээ сургууль, сургуулиасаа гэр хүртэлх замд явж байгаад осолд орсон. 21,4 хувь тээврийн хэрэгслээр, 1.3 хувь нь дугуйгаар зорчиж байгаа осолд өртсөн бол 0.5 хувь нь гэртээ, хашаандаа байж байгаад зам тээврийн ослын хохирогч болжээ.

Хүүхдүүд замын хөдөлгөөнд анхаарал болгоомжгүй оролцох, зам хөндлөн гарахдаа гарц, гарамтай хэсгээр гарахгүй байх, асран хамгаалагчгүй хөдөлгөөнд оролцох, ойртон ирж буй тээврийн хэрэгслийн урдуур гүйх зэрэг замын хөдөлгөөний мэдлэг дутмагаас осолд өртдөг. Гэхдээ жолоочийн хариуцлагагүй үйлдэл, замын байгууламжаас хамаарч осолд өртөх явдал багагүй байгаа юм.

Дээрх тоо баримт бол зөвхөн зам тээврийн ослоор бяцхан үрсийн хорвоог орхисон мэдээ юм. Бидний дунд байгаа бас нэгэн аюул нь барилгын хөдөлмөр аюулгүй байдал. Жилийн дөрвөн улиралтай монголчуудын хувьд бүтээн байгуулалтын ажил хавар, зуны цагт ид өрнөдөг.

Хэдийгээр жил ирэх бүр нийслэл хот өндөр шилэн барилгуудаар өнгө нэмж байгаа ч бидний дундаас хэн нэгнийг маань авч одсоор л байх уу. Ямар сайндаа л олон нийтийн дуйд "Өвөлдөө масктай, зундаа касктай" гэдэг орчин цагийн хэлц гарч байх вэ дээ. Өвөл болохоор утаа нь амьсгал боож алчих гээд, зун нь барилгын төмөр дарж алчих гээд амьд явах язгуур эрх гээч зүйл биднийг хаяад холоо одчихсон бололтой.

Үнэндээ хотынхоо төвөөр эрх дураараа алхах боломж битгий хэл амьд явах баталгаа алга. Өглөө босоод л үхэж, хатсан гэх "зүрх зүссэн" мэдээ сонсдог боллоо. Нийслэлчүүдтэр аяараа "Хаанаас барилгын төмөр унаж, утсан чинээ улаан амийг минь авч одох бол" гэсэн түгшүүртэй амьдрах боллоо.

Гэтэл энэ салбарынхны буруутай үйл ажиллагаанаас олон залуус "өөр ертөнц" рүү цаг бусаар одсоор байна. Нэгээр ч тогтохгүй болсныг ар араасаа гарах барилгын ослууд баримт болон гэрчилнэ. Бид яах ёстой юм бэ.

Барилгын шинэ технологи, стандарт бидэнд шинэ зүйл болохоос энэ салбар ардын хувьсгалтай зуузай холбон манайд нэвтэрсэн гэхэд хилсдэхгүй. Гэтэл бид урд хожид огт мэдэхгүй зүйл оруулж ирээд, хэрхэн ашиглахааа ойлгохгүй байгаа мэт хариуцлагагүй хандан, тэр байдал нь иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, амьд явах эрхэнд нь ноцтой халдаж эхэллээ.

Хамгийн эмгэнэлтэй нь үйл явдал болсны дараа амтай бүхэн ярьж, байж боломгүй үйлдэл гэх ч хэсэг хугацааны дараа ор тас мартдаг. Түүгээр зогсохгүй хариуцлага алдсан хүмүүсииг торгоод л эсвэл тэнсэн харгалзах ял оноогоод л хэргийг хаана.

Монголын төр хэзээ иргэнийхээ амь насыг хамгаалдаг, хохирогчдын сэтгэл санааны хохирлыг тооцож үздэг болох юм бол. Монгол хүний амь нас үнэ цэнэтэй гэдгийг харийнханд ойлгуулах ёстой гэж бид бичиж, шаарддаг. Гэсэн атлаа өөрсдөө ойлгохгүй, ухаарахгүй байхад хэн бидний үгийг сонсох билээ.

Гуниг дагуулсан энэ үйл явдлын цаана ердөө л хариуцлага хэрэгтэй байгааг хүн бүхэн ухаарч буй ч биелүүлэхгүй байгаа нь харамсалтай. Бид хэн нэгнийг заавал торны цаана суулгаж шийтгэх ёстой гэхээсээ илүүтэй хянадаг нь ч шалгуулдаг нь ч хууль дүрмээ ягштал баримтлах юм бол хариуцлага нэхэх шаардлага бий гэж үү.

Зүгээр л үйл явдал болсон хойно нь тэгж ч торгосон, ингэж ч зөвшөөрлийг нь цуцалсан хэмээн цэцэрхэж суухын оронд болохгүй байгаа хууль дүрмээ засаад явмаар байна. Мэргэжлийн хяналт нь дийлэхгүй байгаа юм бол мэддэг, чаддаг хууль хяналтын байгууллагад нь шилжүүлээд арга хэмжээ авъя л даа.

Тэгээд үнэхээр болохгүй бол олон нийтийн сүлжээгээр зарлаад үйл ажиллагаа эрхлэх эрхийг нь хамтдаа хязгаарлая л даа. Бизнесийн ашиг харахаасаа илүүтэй бие биенээ хайрлаж амьдармаар байна шүү, хүмүүс ээ.

П.Дөлгөөн
 

Нийслэл таймс