Гүйцэтгэх засаглалын тэргүүн Хууль зүйн сайдын гарын үсэг зурж баталгаажуулсан хуулийн заалтыг зөрчсөн явдал гараад удаагүй байна.

Өөрөөр хэлбэл, “Аливаа хэрэгт сэжигтнээр тооцон хоригдож байгаа хүнтэй уулзахын тулд заавал холбогдох байгууллагын ал бан тушаалтнаас зөвшөөрөл авна” гэсэн Хууль зүйн сайдын үзэглэсэн хүчин төгөлдөр хуулийн заалтыг Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрсөн долдугаар сард зөрчиж, “Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө хувьдаа завшсан байж болзошгүй гэх үндэслэлээр Урьдчилан хорих төвд саатуулагдаж байгаа өөрийн ахлах зөвлөх Л.Гансүхийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн хамт эргэж очсон юм. Энэ бол албан тушаалтан, тэр дундаа монгол төрийн №3 дахь эрхэм “Хуулийг зөрчих гэж гаргадаг юм” гэсэн мессежийг олон нийтэд өгсөн явдал байлаа. Харин түүний энэхүү үйлдлийг тэр дор нь үлгэрлэж, хуулийг гууль болгосон явдлыг ЗГХЭГ-ынхан давтасныг илчилсэн баримтыг АТГ ил болгосон. Өөрөөр хэлбэл, төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр иргэдэд олгож байгаа ТҮЦ машины хураамжийн мөнгө улсын төсөвт төвлөрч байх ёстой атал хувийн компанийн дансанд орж байгааг иргэн Б.Энхбаяр АТГ-т мэдээлж, шалгуулах хүсэлт гаргасны дагуу өнгөрсөн сарын 1-нд АТГ-ынхан илрүүлсэн юм. ТҮЦ машины төлбөр хураамжийн асуудлыг ЗГХЭГ хариуцдаг. Энэ утгаараа төлбөр хураамжийг ч мөн ямар журмаар хэрхэн хурааж, улсын төсөвт төвлөрүүлэх вэ гэдэг нь Ч.Сайханбилэг даргын шууд мэдэлд байдаг гэсэн үг.

Харин Ч.Сайханбилэг дарга ажилдаа хайхрамжгүй хандаж, өнгөрсөн хугацаанд ТҮЦ машинаас олсон орлогыг улсын төсөвт төвлөрүүлэх ажлыг зохион байгуулаагүй нь ийнхүү өөрийн нэр дээр АТГ-аас албан тоот авах үндэслэл болсон юм. Энэ бол өнгөрсөн сарын 1-нд ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэгт хаягласан албан тоот. Гэхдээ зүгээр ч нэг ажил хэргийн шугамаар явуулсан албан бичиг биш. “Та бүхэн хууль зөрчиж байна. Үүнийгээ нэн даруй засч залруулан бидэнд хариу илгээнэ үү” гэсэн агуулгатай. Уг албан тоотод заасан хугацаа нь наймдугаар сарын 15. Гэтэл энэ хугацаа өнгөрөөд даруй нэг сар болж байхад байдал хэвэндээ л байна. АТГ-ынхны хэлж байгаагаар Ч.Сайханбилэг дарга заасан хугацаанд тэдэнд хариу өгсөн ч ТҮЦ машины орлого хувийн компанийн дансанд орсон хэвээр байна. Иргэний бүртгэлийн ес, татварын ерөнхий газрын дөрөв, УИХ-ын дөрөв, төрийн орон сууц захиалга, гаалийн байгууллагын татвар, лавлагаа мэдээллийн үнэт цаасны зарлагыг улсын төсвөөс гаргадаг. Нэг ёсондоо эдгээр байгууллагын орлого улсын төсөвт төвлөрч байх учиртай ч ТҮЦ машинаар үйлчлүүлсний хураамж төслийг хэрэгжүүлэгч “Аствишн”, “Нью соник” компанийн дансанд орж байсныг АТГ тогтоосон юм. Хураамжийн төлбөрийг дээрх компани есөн төрлийн урсгал зардалдаа зарцуулдаг байна. Урсгал зардал гэдэг улсын төсөвт тушааж байна гэсэн үг биш.

ТҮЦ машины олсон мөнгийг дээрх компаниуд ажилчдынхаа цалинг тавих гэх мэт дотоод ажилдаа зарцуулж байна гэсэн үг. Харин ТҮЦ машины эвдрэл, гэмтэл, арчилгаа тордолтын зардлыг улсын төсвөөс гаргаж байгаа. Ийнхүү улсын төсөвт төвлөрч байх учиртай төрийн үйлчилгээний хураамж хувийн компанийн дансанд орж байгаа нь ЗГХЭГ-ынхны гаргасан алдаа гэдгийг гомдол гаргагч хэлж байна. Өөрөөр хэлбэл, анхнаасаа ТҮЦ машины ашиглалт үйлчилгээ, хариуцах байгууллагыг тооцоогүйгээс эсвэл анхнаасаа хувийн компанийг тэтгэх зорилгоор ингэж улсын төсөвт төвлөрөх учиртай орлогыг төрөөс гадуур авч байгааг нэгнийхээ бизнесийг дэмжих бодлого гэж хардах хүн ч байна. Угтаа Шинэчлэлийн Засгийн газар энэ төслийг хэрэгжүүлэхдээ ашиглалт, үйлчилгээ харицсан байгууллагын асуудлыг шийдвэрлээгүйгээс ийнхүү ТҮЦ машиныг нийлүүлсэн “Нью соник” болон “Аствишн” компанийн дансанд цахим машинаар үйлчлүүлсэн иргэдийн үйлчилгээний хураамж орсоор байгаа юм. Ийм тодорхой зохицуулалтгүй байдал нь төсвийн төвлөрөл, зарцуулалтад тавих хяналтыг сулруулах, авлига үүсэх нөхцөл болж болзошгүйг АТГ-аас сануулаад байгаа. 2013 оны зургадугаар сарын 19-нд Шинэчлэлийн Засгийн газар төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилгоор ТҮЦ машиныг нийслэлийн 19 цэгт байршуулж байсан.

Үүнээс хойш улсын хэмжээнд 108 ТҮЦ машиныг байршуулаад байгаа юм байна. Ингэснээр бүтэн жилийн хугацаанд 357 мянга 900 иргэн уг машинаас лавлагаа мэдээлэл авсан байна. Лавлагаа мэдээллийг 1000 төгрөг гэж үзвэл 3.5 тэрбум гаруй төгрөг хувийн компанийн дансанд төвлөрсөн гэсэн үг. Гэтэл бүх лавлагааны хураамж 1000 төгрөг байдаггүй бөгөөд ТОСК-иас иргэдийн дунд сугалаа явуулан худалдсан “Буянт-Ухаа” хорооллын лавлагаа ч мөн энэ машинаар дамжсан. Ингэхдээ орон сууцны лавлагааны хураамж 5000 төгрөг байсан юм. Ингээд бодвол дөрвөн тэрбум хол давах хэмжээний мөнгө улсын төсөвт төвлөрч чадаагүй гэсэн үг. Энэ талаар гомдол гаргагч иргэн Б.Энхбаяр “Засгийн газар маань үндсэндээ зальны хүүдий болсныг АТГ харуулсан гэж ойлгож болно. Гоё, сайхан санаа гаргаж, иргэддээ үйлчилж байгаа гэж байсан атлаа төрийн нэрийг бариад хэдхэн хүн хувийн бизнесээ хийж байна гэсэн үг шүү дээ. Энэ бол товчхондоо, цагаандаа гарсан дээрэм” хэмээсэн.

Үнэндээ Засгийн газар хувийн компанийг тэтгэж, улаан цагаандаа гарсан дээрэм хийгээгүй л бол Ч.Сайханбилэг дарга энэ асуудалд анхаарал хандуулж, АТГ-аас өгсөн чиглэлийн дагуу ямар арга хэмжээ авч, ТҮЦ машины төлбөрийг ямар байдлаар улсын төсөвт төвлөрүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа мэдээллэх хэрэгтэйг энд дуулгая.

 

М.Өнөржаргал