Нийслэлийн прокурорын газраас хорих ангиудад шалгалт хийлээ
2014/09/16
Нийслэлийн прокурорын газраас Нийслэл, дүүргийн прокурорын газрын харьяа хяналтанд байгаа хорих ангиудад “Ялтнаас хорих ангийн захиргаанд гаргасан өргөдөл, гомдол, хүсэлтийн шийдвэрлэлт”-ийн байдлыг шалгасан байна.
2014 оны эхний хагас жилийн байдлаар хорих ангиудад ял эдэлж буй нийт 2327 ялтнаас 2437 өргөдөл, гомдол, хүсэлтийг хорих ангийн захиргаа нь хүлээн авч шийдвэрлэсэн ба ялтнуудаас гаргасан өргөдөл, гомдол, хүсэлтийн 1840-ийг нь хорих ангиудын өөрийн эрх хэмжээнд шийдвэрлэх асуудлаар, 35 өргөдөл, гомдлыг прокурорын байгууллагад хандаж, 562 өргөдөл, гомдол хүсэлтийг бусад байгууллагуудад хандаж гаргажээ.
Шалгалтаар нийт хорих ангийн захиргаа ялтнаас амаар гаргасан өргөдөл, гомдол, хүсэлтийг хүлээж авахдаа зохих бүртгэл судалгаанд хамруулж улмаар тэмдэглэл үйлдэж тухайн ялтнаар гарын үсэг зуруулж авдаггүй, нийгмийн ажилтнууд ялтны гаргасан өргөдөл, гомдол, хүсэлтийг бүртгэлд бүрэн хамруулдаггүй, өргөдөл, гомдлын бүртгэл нь эмх цэгцгүй, замбараагүй, ойлгомж муутай бичсэн, ялтнуудын гаргасан өргөдөл, гомдол, хүсэлтийн шийдвэрлэлтийн хариуг тухайн ялтанд танилцуулж гарын үсэг зуруулж ялтны хувийн хэрэгт хавсаргадаггүй зэрэг нийтлэг зөрчил дутагдал илэрсэн бөгөөд шалгалтын дүнг үндэслэн Нийслэл, дүүргийн прокурорын газраас хорих 401, 409, 429 дүгээр ангийн дарга нарын нэр дээр прокурорын шаардлага хүргүүлсэн ба цаашид анхаарах асуудлуудын талаар хорих 405, 461 дүгээр ангийн дарга нарт прокурорын албан тоот хүргүүлэн ажиллажээ.