Оны залуус энэ сарын 27-нд Төрийн ордны их танхимд лекц уншина
2014/09/16
“Монголын Залуучуудын Холбоо”, “Залуу удирдагч сан” санаачлан МонголУлсын өнөөгийн нийгэм улстөр, эдийн засгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөх, залуу төр нийгмийн зүтгэлтэн, бизнесмэнүүдийн нэр хүндийн рейтинг тогтоох зорилгоор 1992 оноос “Оны залуу”-г алдаршуулан шалгаруулдаг “Next Stop” харшийн наадмыг уламжлал болгон зохион байгуулж ирсэн түүхтэй.
21 жилийн туршид үнэ цэнээ алдаагүй, илүү амжилттай, нэр хүнд нь өсөн нэмэгдэж байгаа “Next Stop” наадам манай улсын хамгийн том харшийн наадам, ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа гэдэгтэй хэн ч маргадаггүй.
Энэхүү наадмаас төрөн гарсан хүмүүс бол манай нийгэм улс төр, эдийн засаг бизнесийн салбарын томчууд байгаад зогсохгүй салбар бүртээ манлайлагчид тодорхойлогчид байдаг юм. 1992 онд нийгэм улс төрийн оны залуугаар МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, эдийн засаг бизнесийн оны залуугаар Монгол банкны ерөнхийлөгч Н.Золжаргал нар тодорч үүнээс хойш жил бүр нийгэм улс төр, бизнесийн гол эрхмүүд тодорч байсан бөгөөд 2013 оны нийгэм улс төрийн оны залуу АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь, эдийн засаг бизнесийн салбарын “Оны залуу”-аар “Вульф Петролеум” ХК-ийн ТУЗ-ийн дарга Т.Лхагвадорж нар тодорч байсан юм.
Ц.Оюундарийн хувьд “Next stop” наадмаас төрөн гарч буй 3 дахь хүчирхэг эмэгтэй болж байгаа гэдгээрээ тун ч онцлог. Харин Т.Лхагдоржийн хувьд бизнесийн салбарт аргагүй л хүлээн зөвшөөрөгдөж буй бизнесмэн гэдгээрээ олон хүн талархалтай хүлээн авдаг ажээ.
Оны залуучууд тогтсон уламжлалын дагуу залуучууддаа зориулан лекц тавьдаг юм. Энэ жилийн оны залуус тун удахгүй буюу энэ сарын 27-ны бямба гарагт Төрийн ордны их танхимд “Оны залуу” лекцээ тавих гэж байгаа юм байна. Лекцэнд мөн байгууллагуудын шилдэг залуучуудыг урьж оролцуулна гэдгээ хэлж байна.