Монголын хөрөнгийн зах зээлийг бусниулагч “Учиртай дөрвөн толгой” хэн хэн вэ?
2014/09/17
Монгол улсын үндэсний аюулгүй байдалд заналхийлэх Лондонгийн хөрөнгийн биржийн санаархал
2014 оны 09 сарын 09-нд Сангийн сайд Ч.Улаан тэргүүнтэй төлөөлөгчид Лондонгийн хөрөнгийн биржтэй Стратеги түншлэлийн гэрээг дахин 3 жилээр сунгасан байна. Гэрээнд шинээр нэмж Post trading infrastructure буюу Арилжааны дараах төлбөр тооцооны системийг Монголын хөрөнгийн биржид нэвтрүүлэхээр тусгажээ. / http://www.mse.mn/news/show/id/1012 /
Өөрөөр хэлбэл Төрийн өмчийн хороо, Лондонгийн хөрөнгийн бирж /Цаашид ЛХБ гэх/, Монголын хөрөнгийн бирж ХК нарын хооронд 2011 оны 04 сарын 07-ны өдөр байгуулсан “Ажлын мастер гэрээ”-ний дагуу Монголын хөрөнгийн бирж ТӨХК дээр суурилагдсан “Миллениут Ай Ти ” систем иж бүрэн бус байсан, төлбөр тооцоо гар аргаар хийгдэж байсан гэдэг нь үүгээр нотлогдож байна. Өмнө авсан системийг 14 сая доллараар авч өнөөг хүртэл төлбөрийг нь төлж чадсан эсэх нь тодорхойгүй байхад дахин Арилжааны дараах төлбөр тооцооны системийг хэдэн саяар авах гэж байгаа нь өөрийн эрхгүй сонирхол татаж байна. Сураг сонсоход үлдэгдэл төлбөр болох 6 сая ам.долларыг Хөгжлийн банкнаас зээл авч төлсөн бололтой.
Тухайн үед ЛХБ групп нь шинээр МХБ групп байгуулж түүнд Хөдөө аж ахуйн бирж, “Үнэт цаас төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв” /цаашид ҮЦТТТХТ гэх/ ТӨХХК-г нэгтгэхийг зөвлөж байжээ. Үүний дагуу Сангийн яам болон МХБ ажиллаж эхэлсэн байна. Өөрөөр хэлбэл Засгийн газрын хуралдаанаар “ҮЦТТТХТ” ТӨХХК-ийг Сангийн яамны мэдэлд авах, улмаар “Монголын хөрөнгийн бирж” групп байгуулж түүнд “ҮЦТТТХТ” ТӨХХК-г нэгтгэх тухай асуудлыг хэлэлцүүлэх гэж байна. Ийнхүү нэгтгэх нь Монгол улсын үндэсний эрх ашигт дараах сөрөг нөлөөтэй болно. Үүнд :
- “Монголын хөрөнгийн бирж” ХК нь цаашид үнэт цаасны арилжааны төлбөр болон тооцооны үйл ажиллагааг давхар эрхлэхээр тусгажээ. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 47.4.2-т зааснаар “үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллага болох хөрөнгийн бирж нь зөвхөн үнэт цаасны тооцооны үйл ажиллагааг Хорооны зөвшөөрлөөр хавсран эрхэлж болох”-оор заасан бөгөөд бусад төрлийн зохицуулалттай үйл ажиллагааг давхар эрхлэхийг мөн хуулийн 47.5-т зааснаар хориглосон байдаг. Гэтэл ийнхүү нэгтгэж хууль зөрчсөн үйл ажиллагааг Сангийн яам, Монголын хөрөнгийн бирж нууцаар хууль зөрчин байж хэрэгжүүлэх гэж байгаа нь харамсалтай. Үүний цаана хэний, ямар эрх ашиг сонирхол яваад байгаа сонин. Сураг ажиг тавибал Ерөнхий сайдын зөвлөх Д.Батмөнх гэгчийн нэр холбогдох нь бололтой.
- “Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК нь Монгол улсын бүх иргэд, хувьцаа эзэмшигчид болон бүх хувьцаат компаниудын эзэмшиж байгаа хувьцааны мэдээлэл болон иргэд болон байгууллагын регистрийн дугаар хадгалагддаг төрийн тусгай хамгаалалтанд байдаг, нууц мэдээлэл хадгалдаг байгуулллага юм. Гэтэл тус байгууллагыг Сангийн яам мэдэлдээ байлгахын зэрэгцээ “Монголын хөрөнгийн бирж” группт нэгтгэх гэж байгаа нь үндэсний аюулгүй байдалд шууд аюул учруулахуйц үйлдэл болж байна. Энэхүү үйл ажиллагаа нь Монголын хөрөнгийн биржийг хувьчлах тухай яригдаж байгаа үетэй зэрэгцэж байгаа нь анхаарал татаж байна. ЛХБ-тэй байгуулсан “Ажлын мастер гэрээ”-нд Монголын хөрөнгийн биржийг хувьчлах тохиолдолд Лондонгийн хөрөнгийн биржид тэргүүн ээлжинд санал болгоно гэсэн байдаг ажээ.
- “Монголын хөрөнгийн бирж” групп байгуулж, түүнд “Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-г нэгтгэснээр одоо яригдаж байгаа Эрдэс баялгийн бирж байгуулагдах асуудал үгүй болж, Хөдөө аж ахуйн бирж цаашид оршин тогтнох үндэслэлгүй болно. Цаашид Монгол улсын үнэт цаасны зах зээл Лондонгийн хөрөнгийн биржээс хараат болох аюул нүүрлэж, улмаар улс орны хөрөнгийн зах зээл нэг улсаас хамааралтай болж, Үндэсний эдийн засгийн хараат бус байдалд бодитой аюул заналхийлэлийн нөхцөл үүснэ. Учир нь аливаа улс оронд бирж олон байж болох боловч Үнэт цаасны хадгаламжийн төв зөвхөн нэг л байдаг ба үүнийг Монголын хөрөнгийн бирж группт нэгтгэсэнээр тус бирж нь монополь статустай болох боломжийг бүрдүүлж өгч байгаа юм.
Энэхүү нууц ажлыг Сангийн сайд Ч.Улаан болон түүний гарын хүн болох МХБ-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчД.Ангар нар хамтран хэрэгжүүлж байна.
Монголын эдийн засгийн ирээдүй болсон Хөрөнгийн зах зээлийн онцлог зохион байгуулалтыг мэдэхгүйн улмаас нэр бүхий зарим хүмүүс, албан тушаалтнууд улс орны эдийн засаг, хөрөнгийн зах зээлийн нөхцөлд нөхөж баршгүй гарз хохирол учруулах шийдвэрийг ийнхүү хэрэгжүүлэх гээд сууж байна.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг, түүний зөвлөх Д.Батмөнх,МХБ-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Ангар, Сангийн сайд Ч.Улаан нар энэ шийдвэрээ нэн даруй эргэж харахгүй бол энэ салбарын ажилтнууд дараа дараагийн алхам хийхийг үүгээр дамжуулан илэрхийлж байна.
Ц.Мөнх
Зочин · 2014/09/18
Алцанхуяггүй юм алгаа.