Сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр “Хүүхэд алга болсон тул энэхүү зарыг цааш нь дамжуулж өгнө үү” гэсэн зар тархах болсон билээ. Тэгвэл энэхүү мэдээллийн талаар ЦЕГ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ.

ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн албаны дарга Б.Баатархүү "Алга болсон хүүхдүүд тухайн хоногтоо багтаж олддог.  Олон нийтийн сүлжээнд яваад байгаа хүүхдүүдээс одоо болтол олдохгүй, эрсэдсэн тохиолдол байхгүй. Бүх хүүхдүүд олдсон. Харамсалтай нь цахим сүлжээгээр байнга давтамжтай явж байгаагийн улмаас хүүхдүүд олдохгүй байгаа гэх сэтгэгдлийг олон нийтэд төрүүлээд байна.

Мэдээж хүүхэд нь алга болвол эцэг эхчүүд айж эмээнэ. Олон нийтийн сүлжээнд мэдээлэл байршуулахаасаа өмнө, цагдаагийн байгууллагад хандахыг зөвлөж байна. Учир нь олон нийтийн сүлжээнд тавигдсан мэдээллийг эргээд авах боломжгүй байдаг гэдгийг иргэд маань зөвөөр ойлгох хэрэгтэй" гэлээ. 

Мөн Цагдаагийн байгууллагад хүүхэд алга болсон, төөрсөн, ирэх ёстой газраа ирээгүй гэх мэдээлэл 102 тусгай дугаарын утсанд ирдэг. Үүний дагуу цагдаагийн байгууллага эрэн сурважлах ажиллагааг явуулдаг. Сүүлийн үед иргэд өөрсдөө болон гудманд тавьсан зарыг фэйсбүүк хуудсанд байрлуулаад энэ нь олон нийтэд түгэхдээ маш амархан байдаг.

Тухайлбал, 2014 оны есдүгээр сарын 4-ны өдөр алга болсон хүүхдийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн ажилтнууд хоёр цагийн дотор олоод хүлээлгэж өгсөн байтал, тэр мэдээлэл 10 хоног олон нийтийн сүлжээнд яваад байна. 10.000 гаруй хүн бусадтай хуваалцсан байх жишээтэй.

Түүнчлэн энэ үеэр тэрбээр таны хүүхэд алга болсон, очих ёстой хугацаандаа очоогүй бол цагдаагийн байгууллагын 102 тоот утсанд мэдэгдэх хэрэгтэй. Үүний дагуу цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулдаг. Эрэн сурвалжлах ажиллагаа явагдаж байх үед зарим тохиолдолд хүүхэд нь олдчихсон байхад эргээд цагдаагийн байгууллагад мэдэгддэггүй тохиолдлууд байдаг. Иймд цагдаагийн байгууллагтайгаа хамтарч ажиллаасай гэж хүсэж байна гэдгийг онцоллоо.

Хүүхэд алга болсон шалтгаан нь ихэвчлэн компьютер тоглоомонд донтсон, гэр бүлийн таагүй уур амьсгалаас дайжсан, найз нөхдийндөө хоносон, салсан гэр бүлийн хэн нэг нь хүүхдээ авч явсан зэрэг олон хүчин зүйлсээс болдог байна.