Дөнгөж сая НАМЗХ-оос мэдээлэл хийлээ.  Н.Номтойбаяр,  Ч.Гантулга болон НАМЗХ-ны гишүүд уг хуралдаанаар хөдөлмөрийн асуудлаар мэдээлэл хийсэн юм.  Тэд 10 хоногийн хугацаатай хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд ямар ажиллаагаа явуулбал зохистой вэ гэсэн сэдвээр бүх нийтээс 10 хоногийн хугацаатай санал авахаар төлөвлөөд байгаа бөгөөд энэхүү ажилд  улс төрийн нам, хувийн хэвшил, иргэд идэвхтэй оролцон, хамтарч ажиллахыг  уриалсан юм.  

Н.Номтойбаяр:  “2012 оноос Монгол улс Хөдөлмөрийн яамыг дангаар нь буюу бие даасан бүтцээр  байгуулсан.  Улмаар тус салбарт бодлогын тохоон өөрчлөлт гарна, хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөр эрхлэлтийн салбар эрс шинэчлэлүүд хийгдэнэ гэсэн хүлээлт нийгэмд байсан боловч хангалттай үр дүнд хүрсэнгүй.  ё нь статистик тоогоор нотлогдож байна. Бүртгэлтэй ажилгүй иргэд 2012 оны 8-р сарын байдлаар 42700  байсан бол 2014 оны 8-р сард 62830-д хүрсэн байна.  Иймээс ажилгүйдлийг бууруулах нь төр, төрийн бус бүхий л байгууллагуудын үндсэн үүрэг бөгөөд уг асуудлаар холбогдох яам, төрийн бус байгууллага, улс төрийн нам, хувийн хэвшлийн байгууллагууд, иргэд, сошиаль хэрэглэгчид идэвхтэй хамтарч ажиллаарай” гэв.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлын хүрээнд  дараах 12 ажилд анхаарал хандуулахаар төлөвлөөд байгаа юм байна.   Тухайлбал:

1.      Статистик мэдээллийн үнэн бодит байдлыг хангаж, түүнд тулгуурлан стратеги, гарц шийдлийг тодорхойлон төлөвлөх

2.      Хувийн хэвшилд суурилсан эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэх

3.      Хөдөлмөрлөх хүсэл тэмүүллийг өдөөх бодлого: цалингийн үнэлэмжийг инфляц болон хөдөлмөрийн бүтээмжтэй уялдуулах, улмаар хариуцлагыг нэмэгдүүлэх хууль эрхзүйн орчныг сайжруулах

4.      Бүхий л салбарын үйлдвэрлэл, үйлчилгээг нэмэгдүүлэх зорилгоор дэд бүтцийг эрчимтэй хөгжүүлж, улмаар зах зээлийг тэлэх

5.      Хөдөлмөрийн яамыг шинээр байгуулсан бүтцээ эргэж харах: хөдөлмөрийн салбар нь бусад бүх салбартай зуузай холбох гол салбар байж чадаж байна уу?

6.      Хөдөлмөрийн баланс алдагдсан: Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийг салбарын яамдын урт хугацааны төлөвлөлттэй уялдуулан тодорхойлох чадавхыг сайжруулах, Энэхүү тодорхойлсон эрэлтэд тулгуурлан хөдөлмөрийн зах зээлийн нийлүүлэлтийг тодорхойлох.

7.      ХЭДС, ЖДҮХС, Сум хөгжүүлэх сангуудын уялдаа холбоог сайжруулж, ашиглалтын үр дүнг нэмэгдүүлэх

8.      Татвар: ААНОАТ, НД-ын шимтгэл төлөлтийн бодлогоор ажил олгогчийг урамшуулах

9.      Төрийн үйлчилгээг төрийн бусаар гүйцэтгүүлэх ажлыг ажил хэрэг болгох. Ямар хэсгийг шилжүүлэх (төрд алийг нь авч үлдэх вэ гэдгийг гаргаж ирэх) вэ гэдгийг тодорхойлох

10.  Амьжиргааны доод түвшин, баталгаат түвшинг тооцох аргачлалыг эргэж харах, сайжруулах

11.  Төрийн албан хаагчдын тоо 150 мянга гарсан байна. Үүнээс төрийн үйлчилгээг 2.9 сая иргэдэд хүргэхэд төрийн албан хаагч (151200)-ын зохистой харьцааг тогтоож, бүтцээ тодорхойлох ажлыг нэн даруй гаргах.

Жишээ нь: 1 төрийн албан хаагчийн сарын цалин 650 000, жилд 7800 000

1000 төрийн албан хаагчийн сарын цалин 650 000 000, жилд 7 800 000 000

10000 төрийн албан хаагчийн сарын цалин 6 500 000 000, жилд 78 000 000 000

12.  Төрийн албан хаагч болон улс төрчдийн ёс суртахууны асуудлыг гаргаж ирэх. Жишээ нь: Төрийн албан хаагч, улс төрчдийн тансаглах мөнгийг бүрдүүлж байгаа татвар төлөгчид цалингаа тавьж чадахгүй байхад

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талаар ямар арга хэмжээ авсан талаар  НАМЗХ-ны УЗГ Ч.Гантулгаас цөөн зүйл тодрууллаа.

-          Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх энэхүү ажлын хүрээнд дүүргүүдийн Хөдөлмөрийн хэлтэст ажилласан уу?

-          Дүүргүүдийн хөдөлмөрийн хэлтэст ажиллаж, судалгаа хийсэн. Судалгааны дүн, Засгийн газраас  хийж байгаа мэдээлэлтэй зөрж байгаа.

-          Тухайлбал?

-          5000 ажлын байранд иргэдийг зуучилсан гэж тайлан гаргасан байгаа юм.  Дүүргүүд дээр судалгаа хийхэд ажилд зуучилсан иргэдийн тоог давхцуулсан, ажилд зуучлуулахаар бүртгүүлсэн хүнийг ажилд зуучилсан гэж тайлбар гаргасан зэрэг хуурамч бүртгэл цөөнгүй байсан. Энэ мэтээр олон асуудал байгаа.

-          Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх олон санал байгаа байх.  Тэднээс дурьдбал?

-          Хөдөлмөрийн яам дүүргүүдийн Хөдөлмөрийн хэлтсээрээ дамжуулаад мэдээлэл гаргаад ажиллаж байгаа. Үүний хажуугаар ТББ-ууд ч гэсэн судалгаа хийгээд явж байгаа.

Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд анхаарах хэрэгтэй нэн тэргүүний ажил бол салбар салбарын судалгаа байгаа. Уул уурхай, барилга, ЖДҮ, дэд бүтцийн салбарт ямар боловсон хүчин хэрэгтэй байгаа зэрэг судалгаануудыг хийж бодит тоог гаргана.  Үнэн бодит мэдээлэл гарснаар аль салбарт, хэчнээн залуу ямар мэргэжлээр ажиллаж болох вэ гэсэн боломжийг тодорхой болгочихно. Үүнээс цааш цаашдын ажил хийгдээд явна. Үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна.  

А.Баярмаа