Л.Гансүхийг зовох цагт Д.Дорлигжавын чанар танигдана
2014/09/19
“Нүүрс” хөтөлбөрөөс болж Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийг АТГ-аас баривчлаад багагүй хугацаа өнгөрч байна.
АТГ-аас түүнийг баривчлах болсон шалтгаанаа “Нүүрс” хөтөлбөр хэрэгжүүлэх явцдаа мөнгө угаасан байж болзошгүй хэмээн сэрдэж буйгаа хэвлэлийнхнийг цуглуулж байгаад сүр дуулиантайхан мэдэгдсэнээс хойш чимээ аниргүй болжээ.
Харин Л.Гансүхийн өмгөөлчийн зүгээс үйчлүүлэгч нь “Нүүрс” хөтөлбөрөөс мөнгө угаах ямар ч боломжгүй, тэр тусмаа шийдвэр гаргах, гарын үсэг зурах эрхгүй байсан гэдгийг онцолж, АТГ-ын мөрдөгч Үндсэн хуулинд заасан өмгөөлөх, өмгөөлүүлэх эрхийг нь ноцтой зөрчиж байгаа талаар ч шүүмжилж байсан билээ.
Л.Гансүх одоогоор Төв аймгийн урьдчилан хорих төвд цагдан хорьсон бөгөөд АТГ-ын мөрдөгч н.Золжаргал нэг удаа ч мэдүүлэг аваагүй болохыг өмгөөлөгч нь хэлж байгаа. Энэ нь түүнийг улстөрийн зорилгоор хорьж цагдсан байх магадлалтай. Өөрөөр хэлбэл, МАНАН-г байгуулах сонирхол бүхий бүлэглэлийн эхлүүлсэн намрын улс төрийн золиос нь Л.Гансүх болжээ гэсэн хардлагыг улам бататгаж байгаа юм. Нөгөө талаар Л.Гансүхийг АТГ-аас шалгахдаа хорьж саатуулах шаардлага байсан эсэх нь эргэлзээтэй. АТГ-аас сав л хийвэл хэн нэгнийг хорьж саатуулан, дараа хэргийг хэрэгсэхгүй болгодог явдал олон гардаг. Харамсалтай нь, хэн нэгний хайран цаг хугацааг “яллаж” өнгөрөөснийхөө төлөө, нэр төрд нь халдаж, сэтгэл санааны дарамтад учруулсныхаа хувьд хохирлыг нь барагдуулах нь битгий хэл уучлал гуйхгүй өнгөрөх нь бас олон. Л.Гансүхийг хувьд онц хүн гэмт хэрэг үйлдээгүй. Мөн оргон зайлах үндэслэлгүй. Ийм байдал хамгийн хүнд нөхцөлтэй гэгдэх Төв аймгийн хориход саатуулсан шалтгаан нь юу байв аа гэсэн асуултыг тавихад хүргэж байна.
АТГ-аас Л.Гансүхийг хорьсонтой холбоотойгоор Ардчилсан намын журмын нөхөд нь одоо хүртэл таг чиг байгаа. Нэгэн цагт хундага тулгаж, нэг фракц хэмээн хамтарч, нөхөрлөж явсны хувьд Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав найзынхаа төлөө хуруугаа ч хөдлөхгүй суугаа нь зовох цагт нөхрийн чанар танигдана гэсэн үгийг сануулахад хүргэв.
Инээсэн бүхэн нөхөр биш гэсэн нэг үг бий. Магадгүй Л.Гансүхийн хувьд өнгөрсөн нэг сарын хугацаа хэн нь хэн байв гэдгийг танихад нь ихээсэн сургамж өгсөн болов уу. Харин ч Ерөнхий сайд нэг фракцийн нөхрийн үүднээс, нөгөө талаар, эр хүнийхээ хувьд Л.Гансүхийг эргэж очсоноороо хэрэгт холбогдсон хэн нэгнээс зайгаа барьж, бушуухан шиг нөхөрлөлөө таслахыг оролддог Монголын улстөрчдөд том үргэлэл болсон биз. Манай улс төрчдийн хувьд гэмт хэрэгт холбогдсон хэн нэгэнтэй найз байх нь нэр төрд харшилна гэж үздэг талтай. Жаргах цагтаа хамтдаа наргиж, дарвиж явсан нэгнээ хэрэгт холбогдоход “Бид танихгүй” гээд мэлзэж байсан явдал МАН-ынхан дунд гарч л байлаа. Өвөр түрийдээ орох нь холгүй, андалж, нөхөрлөж явсан нэгнээсээ урваж шарвах, унаж явах үед нь түлхэхээс сийхгүй зан манай улстөрчдөөс өлхөн илэрдэг. Танихгүй, мэдэхгүй, хараагүй, нөхөрлөөгүй гэж улаан амиа л хамгаалж үлдэж байвал андын тангараг, нөхөрлөлийн үнэ цэнийг уландаа гишгэхдээ санаа зовохгүй нь олон. Тиймээс хүний чанар, бусдын нөхөрлөл зовох үед л танигддаг гэдгийг манай өвөг дээдэс зүгээр ч нэг хэлчихээгүй биз. Ямар ч байсан журмын нөхөр болох Улсын Ерөнхий прокуор Д.Дорлигжав өөрт нь хэрхэн хандахыг Л.Гансүх хүлээж л суугаа нь лавтай. Эр хүний замын хүзүү урт гэгчээр энэ хоёр хүн хэзээ нэгэн цагт нүүр тулж л таараа. Тэр үед журмын нөхрийнхөө зовох цагт хэрхэн хүн чанараа харуулсан талаарх хариулт нэхэгдэж магадгүй л юм. Өдөр бүр хоол цай бариад гүйгээд байдаггүй юм аа гэхэд өнөөх нөхөр маань юу болж байгаа бол хэмээн санаа тавьчихад илүүдэхгүй л байх.
С.Сэргэлэн
Зочин · 2014/09/23
Дорлигжав даргаа хуулийн байгууллага шудрага ажиллах хэрэгтэй. Даан ч үгүй юмаа. Өнгөрсөн жил Баян-Өлгийд Бауржан гээд залуу буу ************ хэрэглээд хэвлэлээр бөөн юм болсон. Сүүлдээ энэ хэрэг замхраад алага болсон. Энэ мэтийн арай дэндүү юм их байгааг анхааралдаа аваарай. Уг нь таныг бол шудрага хүн гэж боддог