Манай мэдээллийн сайтад уншигчдаас нэгэн зүйл гуйлтыг ирүүлсэн учраас ерөнхий санааг дор сийрүүлэв. Тэгэхдээ бид уншигчдынхаа өмнөөс ямар нэгэн хачир нэмсэнгүй яриаг нь журмын дагуу эмхэтгээд орууллаа.  
    Учир нь сэтгүүлч Б.Ганчимэг “Ерөнхий сайд аа, эхнэр хүүхдийнхээ зугаацах зардлыг ядаж өөрөө дааж болохгүй юу” гэх гарчиг бүхий нийтлэлийг цахим ертөнцөд тараасан. Баримт бүхий Б.Ганчимэгийн энэ нийтлэлийг уншаад Н.Алтанхуяг сайдыг мөн ч ядарсан эр юм даа хэмээн бодохын сацуу урьд өмнө өдүүлж байсан бүх хэргийг шат дараалалтай боджээ, уншигчид. Төрөөс мөнгө идсэн уусан, тендер будилуулсан гэхээр л Ерөнхий сайдын охин, ах дүү амраг садангийн нэрс явж байдаг зэргээс харвал Н.Алтанхуяг эхнэр хүүхдээ төрийн мөнгөөр зугаацуулчихаа огт тоохгүй толгой гэдгийг ч бид сайн мэднэ. Гэтэл энэ тухай хариу няцаалтыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Санхүү, хөрөнгө оруулалт, үйлчилгээний хэлтсийн дарга  Ж.Бямбасүрэнгээс тодруулсан байна лээ. 
     Тодруулахдаа хувийн нэг муу хонзонгоор, тулга тойрсон хэрүүлийн араас явж байгаа чулуу хаялт гэдгийг бид шууд л мэдлээ. Б.Ганчимэгийн салбарынхан руугаа дайрсан удаа дараагийн дайралт, Ж.Бямбасүрэн гэгчийн тодруулга гаргасан хэвлэлийн эх сурвалж зэргээр харвал тулга тойрсон хэрүүлээс үл хэтрэх аж. Тэрээр сэтгүүлч Б.Ганчимэгийн энэхүү нийтлэлийг “Хэн хаанаас тийм зохиомол зүйл үйлдэж тараасныг би мэдэхгүй байна” гэж эрс няцаасан. Энэ няцаасан хэвлэлийн эх сурвалж ч яах аргагүй нэгийг өгүүлж байна лээ. 
      Сэтгүүл зүйн салбарын хоёр эмэгтэй хоорондоо түнжин хагарсан төлөө уншигч олон талцахгүй нь лавтай. Талцах шалтаг нь лав сэтгүүлч эмэгтэйчүүд биш. Нөгөө талаар хаалтын гэрээнээс үүдсэн нэг муу өчүүхэн хэрүүл уншигч бидэнд хортойгоор нөлөөлж байна. Хаалтын гэрээнд хамрагдаж чадаагүй бол дараа жилийг л хүлээнэ биз, нэр төртэй сэтгүүлчтэй хаалтын гэрээ байгуулж л таарна. Гуйж очсон нь онодог хорвоо шүү дээ. Таныг гуйж очихгүй бол хэн ч гуйхгүй гэдгийг сайн сана. 
      Тэгэхээр энэ мэт зүйлээ уншигчдаа хүндэтгэх үүднээс хэвлэлээр бус шүүхээр шийдээд цаашаа явчихаж болдоггүй юм уу, эсвэл хоорондоо зохицно биз. Эцэст нь хэлэхэд уншигчид гэж хоёр сэтгүүлчийн хоорондын хэрүүлийг унших гэж бэлтгэгдээгүй гэдгийг сайн санаарай. Худалч хулгайч луйварчид гэх муусайн улстөрчид ч ийм өчүүхэн хэрүүл хийдэггүйг мэдэх болов уу  хэмээснийг хүргэхээс өөр арга алга. 
      Тэд цааш хэлэхдээ “ер нь сүүлийн үед хэвлэл мэдээллээр үнэн худлыг бүү мэд хоорондоо байлдах нь ихэслээ. Энэ бол байдаг л үзэгдэл мэт харагдавч уншигч олныг хордуулж буй хамгийн арчаагүй сэтгүүл зүйн хэлбэр юм. Манайхан улстөрчдийн, бизнесмэнийн, урлаг спортын оддын тухай ташаарсан мэдээлэл цацаж, дараа нь шүүхийн хаалга татахдаа тулж л байдаг. Харин хэвлэлээр ийн өш хонзонгийн сэдэлтэй, хоёр сэтгүүлчийн хоорондын хэрүүл хийсэн нь тун ховор. Тодруулбал, ийм тулга тойрсон сэтгүүл зүй хийдэггүй л дээ. Тэгэхээр сэтгүүлч, албаны эх сурвалж хоёр сэтгүүл зүйн хэлбэрээр бус шүүхээр явж асуудлаа шийдвэл яасан юм бэ. Үүний ар талд хувийн өчүүхэн өс л уншигч олны дунд түгэж байна шүү дээ” хэмээн учирласан юм. 

Н.Дөл