Монголын нийгэмд нэг гаж хэлж болохоор тогтолцоо байна.  Автобусанд хөнгөлөлттэй болон үнэгүй зорчигчдийн тооноос хүүхдүүдийг хассан. Тэдгээр нь ихэвчлэн сурагчид байгаа.  Улмаар сурагчийн үнэмлэхгүй бол 500 төгрөгөөр автобусанд зорчино гэсэн  хачин хууль, журмыг эрхтэн дархтан нь батлаад өгөв.  

Өнөөхийг нь зарим кондуктор ягштал биелүүлэх юмаа.  Нялх амьтнаас  сурагчийн  үнэмлэхгүй бол 500 төгрөгөө өг гээд шалаад зогсчих юм. 10 арай хүрээгүй бололтой жаал  үнэмлэхээ  мартсан бололтой “Эгчээ үнэмлэхээ мартчихаж, гэхдээ дэвтрээ үзүүлчихье тэгэх үү?” гээд их л өрөвдмөөр асуух, гуйх зэрэгцэх юм. Өөдөөс нь кондуктор “Юу яриад байгаа юм бэ? 500 төгрөгөө өг. Эсвэл буу” гэж ирээд л загнах юм. “Хоёрхон буудал  ш дээ эгчээ” гээд өнөөх сурагч гуйхад загнасаар байгаад буулгах нь ээ. 300 төгрөг болохоор нь өнөө жаалын өмнөөс мөнгийг нь өгөөд “авч үлдэв”. Аав ээж нь автобусны мөнгө өгдөггүй юм уу гэхээр  өгснийг нь үрчихсэн.  Заримдаа дээд ангийнхаа ах нар дээрэмдүүлчихдэг болохоор оройдоо хичээл тарахаар ихэвчлэн  ингэж царайчилж явдаг. Хааяа дулаан байвал алхчихдаг гээд жаал хоёрхон буудал явахдаа учирласан юм.  Яг ийм дүр зурагтай нэг биш нилээд хэдэн удаа таарлаа.

Нийслэлийн Боловсролын газрын мэдээллээр 2014-2015 оны хичээлийн жилд 7 дүүргийн 48 сургуулийн 127 автобус 4609 сурагчдад үйлчилж байгаа. Энэ нь хүрэлцэхгүй болохоор л хүүхдүүд ийнхүү кондукторуудад нүд үзүүрлэгдэг.

 160 мянган оюутанд сар бүр 70 мянган төгрөг өгч, нийтийн тээвэрт  бараг үнэгүй зорчуулна. Сурагч ч бай, оюутан ч бай адилхан л Монгол улсын ирээдүй.  Тэгтэл насаар нь боловсролоор нь ингэж ялгах нь муухай шүү.  

Автобус компаниуд сурагчийн 200 төгрөгөөр дутахгүй л байх. Өмнө нь хүүхдээс мөнгө авахгүй яваад болоод л байсан.  Тэгтэл төлөвшиж, сурч, биеэ дааж байгаа ийм үед нь өдөр бүр 200 төгрөгний хэрүүл хийж харуй бүрий, хүйтэн сэрүүн орсон үед “нялх” хүүхдүүдийг ингэж нүд үзүүрлэх шаардлага байгаа эсэхийг бодох хэрэгтэй.  Нөгөө талаас тухайн хүүхэд эрүүл мэнд, сэтгэл зүйгээрээ хохироод өнгөрвөл автобуснаас хөөж буулгасан кондуктор хариуцлага хүлээхгүй нь тодорхой.

Монго­лын сурагчдын холбооныхон Ерөнхийлөгчтэй уулзаж хүүх­дийг үнэгүй автобусаар зор­чуулах хүсэлтэй байгаагаа дуулгажээ. Хариуд нь Ерөн­хийлөгч “Хүүхэд өөртөө тохирсон хэмжээгээр төлбөр төлж байх хэрэгтэй” гэжээ.

Гадаадад бол сурагчдын автобусаа хангалттай гаргачихдаг юм билээ. Манайд энэ үйлчилгээ дөнгөж эхэлж байгаа. Тиймээс жигдэртэл нь сурагчдаас, хүүхдүүдээс  мөнгө нэхэхгүй л баймаар юм...

УИХ-д сууж байгаа эмэгтэй гишүүд  хүүхэдтэй л баймаар. Энэ асуудалд нэг анхаарч хуулийн төсөл өргөн барина байгаа... Хөөрхий хэдэн сурагч, эцэг эхийн магнай тэнийж та хэдийг дахиж сонгох л байх шүү

Т.Энгүүн