Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 412 дугаар тогтоолоор “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх” журамд Монголын багш нарын өдрийг жилийн бүрийн 10 дугаар сарын 05-нд тэмдэглэж байхаар өөрчлөлт оруулсаны дагуу 2014-2015 оны хичээлийн жилд анх удаагаа Монголын багш нарын баярын  өдрийг 10 дугаар сарын 5-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлэх юм.

Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Боловсролын газраас сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ жилийн Монголын багш нарын 48 дахь өдөр анх удаа 10 дугаар сард болохоос гадна нийслэлийн 375 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд хамтатган тэмдэглэх гэж байгаагаараа онцлог.

Баярын өдрийг тохиолдуулан олон үйл ажиллагааг зохион байгуулах гэж байна. Хүндэтгэлийн хурал 10 дугаар сарын 03-ны өдөр 14:00 цагт Монгол Бөхийн өргөөнд, Япон улсын Элчин сайдын яам, “Эндо Минорү” сантай хамтран  “Япон дууг хэн сайн дуулах вэ?“ уралдааныг  ЕБС-ийн 13-аас дээш насны сурагчдын дунд 09 дүгээр сарын 27-ны өдрийн 10 цагт Монголын хүүхдийн ордонд болно. Уралдааны 2 дугаар шатны шалгаруулалтад нийслэлийн 60 сургуулийн 60 сурагчид оролцоно.

Мөн нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн багш нарын дунд 2011 оноос жил бүр уламжлал болгон зохион байгуулагдаж буй  "Спорт наадам-2014 " спортын 6 төрөлт  тэмцээн 2014 оны 09 дүгээр сарын 27-28-ны өдрүүдэд Монгол бөхийн өргөөнд болох бөгөөд 9 дүүргийн 20000 гаруй багш, ажилтан оролцоно. 10 дугаар сарын 03-ны өдөр “Спорт наадам”-ын хаалтын ажиллагаа үндэсний  бөхийн барилдаанаар өндөрлөнө. Ахмадын өдөр буюу 10 дугаар сарын 01-ны өдөр “Ахмад багш нарын нэг өдөр”, 10 дугаар сарын 06-ны өдөр “Сурагчийн нэг өдөр” сэдэвт өдөрлөгүүд ерөнхий боловсролын сургуулиуд дээр болох юм.

Харин 10 дугаар сарын 29-ний өдөр буюу нийслэлийн 375 жилийн ойн өдөр нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид ерөнхий боловсролын сургуулиудын  Иргэний боловсрол хичээлийн цагаар “Улаанбаатар хотын түүх ба соёл” гэсэн сэдвээр хичээл заахаар төлөвлөөд байна. Нийслэлийн Засаг даргын санаачилгаар “Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын чанар хүртээмжийн үр дүнг индексээр дүгнэх журам”-ын дагуу шалгарсан багш нарт урамшуулал олгох үйл ажиллагааг  2 дахь жилдээ зохион байгуулна. 2013 онд индексээр дүгнэх журмын дагуу 278 багшийг 435 сая төгрөгөөр багш нарыг урамшуулж байсан юм. Үндэсний соёл амралтын цэцэрлэгт хүрээлэнд “Боловсролын төгөл” байгуулах төслийн дэлгэмэл зураг, биет загвар /эскиз, макет/ Landscape design шалгаруулах уралдааныг ЕБС-иудын багш, сурагчдын дунд  зохион байгуулна. Дүүрэг дээр шалгарсан эхний 3  бүтээлийг  10 дугаар сарын 03-нд Нийслэлийн боловсролын газар хүлээн авч Монголын багш нарын 48 дахь өдрийн баярын үзэсгэлэнд байрлуулна. 22 дахь жилдээ зохион байгуулагдаж буй Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Дагвын Лувсаншаравын нэрэмжит “Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг”-ыг шалгаруулах наадамд 100 гаруй сургуулийн давхардсан тоогоор 12000 орчим хүүхэд оролцдог. Тус наадам нь 3 үе шаттай явагдах бөгөөд наадмын Гала тоглолт 10 дугаар сарын 29-ны өдөр болно.

Монголын Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордон, Боловсрол Шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн хороо, “Монголын боловсрол” төв хамтран, Боловсрол шинжлэх ухааны яам, Нийслэлийн боловсролын газрын дэмжлэгтэйгээр "Багшийн авьяасыг алдаршуулъя" урлагийн наадмыг анх удаа хоёр үе шаттайгаар урлагийн есөн төрлөөр зохион явуулна. Уг наадам 09 дүгээр сарын 13-15-ны өдрүүдэд МҮЭСТО –нд зохион байгуулагдаж нийт 100 гаруй байгууллагын 312 урлагийн тоглолт,120 гаруй байгууллага,хувь хүний 500 гаруй дүрслэх урлагийн бүтээлийн үзэсгэлэн гарч нийт давхардсан тоогоор 1500 гаруй гишүүд дэмжигчид, үзэгчид оролцсон байна.  Тус урлагийн наадмын Гала тоглолт 10 дугаар сарын 03-ны өдөр МҮЭСТО-ны Концертийн Их танхимд 12:00 цагт болно Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн шатрын холбоотой хамтран Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Их нүүдэл” шатрын тэмцээнийг  09 дугаар сарын 08-наас  10 дугаар сарын 29-ны өдрүүдэд 3 дахь жилдээ зохион байгуулна. Тус тэмцээнд жил бүр 30000 гаруй хүүхэд оролцдог. Богдхан уулын ноён оргил “Цэцээ гүн”-ий чиглэлд эрүүл агаарт идэвхтэй амралт, байгаль орчноо цэвэрлэх, боловсролын салбарын шинэчлэлийн олон талт асуудалд иргэд, олон нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор 9 сарын 12-оос 10 дугаар сарын 02-ны өдрүүдэд багш нарын  явган аялал спортын арга хэмжээг 2 дахь жилдээ зохион байгуулна гэж Нийслэлийн Боловсролын газраас мэдээллээ.