Ерөнхий сайд Н.Алтанхуяг Засгийн газартаа бүтцийн өөрчлөлт хийнэ гэдгээ албан ёсоор зарласан билээ. Үүний дараа Шинэчлэлийн Засгийн газрыг бүрдүүлэгч улс төрийн намын удирдлагууд өөрсдийн байр сууриа илэрхийлж эхлээд байна.

МАХН-ын ЕНБДарга Г.Шийлэгдамба : "Мана нам сайд нараа сэлгэхгүй. Бүтцийн өөрчлөлтөнд АН-ын сайд нар л хамрагдах байх" гэсэн хариулт өгсөн юм.


Харин тус намтай хамтарч "Шударга ёс" эвслийг бүрдүүлж буй МҮАН-ын ЕНБДарга, Үйлдвэр, Хөдөө Аж Ахуйн дэд сайд Б.Цогтгэрэл : "Ерөнхий сайд бүтцээ цомхотгох гэж байгаа бол засагт хамтарч байгаа пропорцоо бариад өөрчлөлт хийх байх" хэмээн байр сууриа илэрхийлжээ.


Түүнчлэн "Үндэсний шуудан" сонинд өгсөн ярилцлагадаа тэрээр  Х.Баттулгын орлогч буюу Үйлдвэр, Хөдөө Аж Ахуйн дэд сайдаар ажиллаж байсны хувьд  өөрийн намын дарга болон сайд асан хоёрынхоо зөрчлийн талаар байр сууриа илэрхийлсэн нь тун сонирхол татаж буй юм.
Тэрээр энэ тухай : "Нэг нь суурь судалгаагүйгээр бодлого санаачлах, хамгийн хүчтэй Орос, Хятад гэсэн факторуудын олон жилээр хийж байгаа төлөвлөлтөд уялдуулахгүйгээр бодлогоо хэрэгжүүлэх гэж үзсэн. М.Энхсайхан дарга бол олон улсын нөхцөл байдлыг судалдаг хүний хувьд хөрш орнуудтайгаа уялдуулах асуудал тавьсан. Би үүнийг том зөрчил гэж үзээгүй. Хооронд нь зохицуулах гэж ч яваагүй. Ганц нэг хэлж жаахан зөөлрүүлэхээс биш өөр өөрийн итгэл үнэмшилд маш хүчтэй байгаа хүмүүсийн санаа бодлыг эргүүлнэ гэж байхгүй л дээ. Үүнийг хувь хүмүүсийн хоорондын зөрчилдөөн гэж харж болохгүй. Бодлогын зөрчилдөөн. М.Энхсайхан, Х.Баттулга гэдэг хоёр хүн хонь чоно болчихсон гэж ойлгох хэрэггүй. Цаг хугацааны богинохон л зөрчил. Ер нь урт хугацаанд зөрчилдөхгүй байхын тулд бодлогоо нэг мөр тодорхой болгох л хэрэгтэй. Тэгэхгүй бол би дараа бас хэн нэг хүнтэй хэрэлдээд суухыг үгүйсгэхгүй. ."
гэжээ.


Мөн  сүүлийн үед М.Энхсайхан, Х.Баттулга нар ойлголцсоноор үл барам тогтмол уулзалдах болсон, хамтарч нам байгуулан УИХ-ын 2016 оны сонгуульд оролцох гэж буй тухай зарим эх сурвалж өгүүлж буй юм.

П.Мандах