Үүлэн хүү, Лантуу хүү нар хамтран гинжийг тасаллаа
2014/09/28
Өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хүний наймаа, хүчирхийллийн эсрэг залуус нэгдэн, спортлог аргаар тэмцэл хийлээ.
Учир юу вэ гэвэл Лантуу хүү ТББ-аас санаачилсан хүний наймааны эсрэг “Гинжийг тасалъя” нэртэй нөлөөллийн марафон гүйлтэд хэдэн зуун залуус нэгдлээ. Энд наян настнаас найман настай балчир хүртэл ирж, марафон гүйлтэд оролцон, “бид хүний наймааны эсрэг хамтдаа тэмцэж чадна” гэдгийг харууллаа.
Хүний наймаа, хүчирхийллийн эсрэг залуусыг нэгдэхэд уриалж, олонд үлгэр дууриал үзүүлж манлайлан оролцсон хамгийн онцгой “тэмцэгч” бол Үүлэн хүү байлаа. Нүдэндээ галтай, сөөсгөр бор хүү үе тэнгийн хүүхэд багачууддаа хогоо хогийн саванд хийхийг уриалж, тэдэнтэй тоглож наадан, дурсгалын зураг татуулж, 5 км-ийн зайнд уралдах марафон гүйлтэд хүртэл оролцсон. Үүлэн хүү, хүний наймааны эсрэг нөлөөллийн марафонд гүйж байхдаа хамт уралдаж буй тэргэнцэртэй иргэд болоод ная гарсан өндөр настанд тусалж, хамтран гүйж байгаа нь олонд талархалтай санагдаж байв. Дашрамд дуулгахад удахгүй “Үүлэн хүү” нэртэй цуврал ном худалдаанд гарах гэж байгаа юм байна. Тус цуврал номонд Үүлэн хүү, хүүхэд багачуудад олон зөв зүйтэй зүйлсийг зааж зааварлан, ээж аавын сайн хүү, эмээ өвөөгийн элбэрэлт охин, ах эгчийн онц дүү байхын тулд ямар байх ёстойг үлгэрлэн харуулах юм. “Үүлэн хүү” цуврал ном нь зурагтай учраас уншихад сонирхолтой, түүнчлэн хүүхдүүдийн ертөнцөд өрнөдөг үйл явдлыг бодитоор харуулж, үлгэр дууриал болж байгаа учраас багачуудын хүмүүжилд сайнаар нөлөөлөх юм. Ийнхүү үлгэр жишээч Үүлэн хүү өнөөдрийн хүний наймааны эсрэг нөлөөллийн марафонд ч гэсэн манлайлан оролцож, сайн хүү гэдгээ харууллаа.
“”Гинжийг тасалъя“ нөлөөллийн марафонд нэгдсэн эдгээр залуусын цаана, хүний наймаа болоод хүчирхийлэлд өртсөн маш олон хүн байгаа. Гэхдээ эдгээр хүмүүст “та нар ганцаараа биш шүү, бид хамтдаа тэмцэж чадна” гэдгийг өнөөдрийн үйл ажиллагаа хэруулж байна” хэмээн ”Лантуун дохио” ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан хэллээ. Дэлхий дахинд аливаа хүчирхийллийн эсрэг нэгдсэн нөлөөллийн гүйлтүүд маш олон болдог. Монголд ч гэсэн залуус энэ үйл ажиллагаанд нэгдсэн нь энэ. Үүнээс гадна тэргэнцэртэй, харааны бэрхшээлтэй, саажилттай зэрэг хөгжлийн бэрхшээлтэй иргэд хүртэл гүйж, хүний наймааны эсрэг тэмцлээ спортлог аргаар илэрхийллээ. Үүлэн хүү, Лантуу хүү нар ийнхүү олныг уриалж, хүчирхийллийн эсрэг хүчээ өргөлөө.