Чулуун хахууль буюу “Үнэнд гүйцэгдсэн чулуу”-ны нулимс
2014/09/29
“Миний муусайн найз нар” нэг нэвтрүүлэг хийжээ. Энэ нэвтрүүлгийг үзээд олон нийт “миний муусайн найз нар”-ыг камер барьсан “алуурчид” гэж нэрлэдэгтэй санал нийлэх шахав.
Учир нь нэвтрүүлгийг “урласан” сэтгүүлчдийн хувьдмэргэжлийн ёс зүйн талаасаа ч, ур чадвараа эсгэж хийх, хөдөлмөрөө шингээх талаасаа ч дутуу ажилласан нь илт харагдаж байлаа.
Нэвтрүүлгийн зорилго нь тун тодорхой. Ерөнхий сайдын нэр хүндэд сөргөөр нөлөөлөөд байгаа АТГ-аас охиныг нь сэжиглэн шалгасан хэргийг олон нийтэд хэлмэгдүүлэлт болгон харагдуулах, иргэн А.Саранзаяа / хувь хүн болсон тул ингэж бичиж, ярьж бай гэсэн/ -ийн нулимс болон хоолой зангируулах нь хүмүүний сэтгэлийг хөндөнө гэдгийг ч тооцоолжээ. Харин асуудлыг хөндөж олон нийтэд хүргэхдээ наанадаж гурван төвшний эх сурвалжийн байр суурийг хүргэж байж тэнцвэржинэ гэдэг дүрмийг “алгассан” байв.
Тэд үнэхээр эрэн сурвалжилсан нэвтрүүлэг хийхийг хүссэн бол нэг талаас өгсөн цаас болон тодорхой сэжмүүдээр холбоотой, хэний тал, юуны төлөө вэ гэдэг нь шууд ойлгогдох эх сурвалжуудаар яриулахын сацуу төрийн өмнө хариуцлага хүлээсэн, тухайн иргэнд хариуцлага хүлээлгэж буй гол объект гэж хэлж болох АТГ-ын байр суурийг нэвтрүүлэгтээ оруулах ёстой байсан. Мөн “хохирогчгүй” гэж цээжээ дэлддэг энэ хэргийн бас нэг субъект болох “Багануур” компанийнхан үгээ заавал хэлэх учиртай. Учир нь хэргийн ээдрээ нь төсвийн хөрөнгийн асуудал байсан. Тэр хөрөнгө сэжигтнүүдэд очоогүй бол “Багануур” компанид очих ёстой билээ.
Нөгөө талаас яагаад Ерөнхий сайдын охины тухай л эрэн сурвалжлах болов гэдэг нь хардлага дагуулсан. Монголд өнөөдөр олон сэжигтэн өөрийгөө хэлмэгдсэн гэж үздэг. Яах аргагүй энэ хүнийг хэлмэгдүүлчихэж дээ гэмээр хэрэг ч цөөнгүй байна. Нулимс дусаах биш асгаруулж яваа олон арван хэлмэгдэгч, гэр бүлүүд өдөр тутам таардаг шүү дээ. Гэтэл заавал Ерөнхий сайдын охиныг өмөөрч “Үнэнд гүйцэгдсэн чулуу” нэвтрүүлэг төрсөн нь ханцуйдаа наймаалцах буюу “чулуун хахууль”-тай холбоотой үйл явдал болсон юм биш биз гэсэн хардлагыг зүй ёсоор төрүүлээд авав.
“Миний муусайн найз нар” камер бариад “алуур” хийж болно. Тэр нь “тархи угаах”-аас бус иргэдийн сонгох эрхийг “угаадаггүй” тул ирэх сонгуулиар “Ийм нэгэн Ерөнхий сайд”-ыг дахин сонгохгүй юм шүү. Яах аргагүй энэ хүн ураг төрлийн холбоотой хэд хэдэн хүнээ төрийн чухал албанд ажиллууллаа. Тэд нь асуудалд холбогдож байсан гэдгийг ард түмний ой санамж яахин мартах билээ.
Өнөөдөр төмөр замын царигийн асуудлаар ч, давхар дээлний асуудлаар ч улстөржсөн нэвтрүүлэг хийхээр камер бариад гарахдаа “буугаа сумаар цэнэглээд” сэтгэхүйн аян дайнд гарч, үүгээрээ харилцан “буудалцаж”, үүнд нь иргэд төөрөлдөх явдал цөөнгүй гарч байна. Гэвч төрийн байгууллага байр сууриа заавал илэрхийлэх ёстой. Хувь хүнээс ч илүү мэдээлэл өгөх эрх тэдэнд буй. Үүнийг алгасч үзэл бодлоороо ижиллссэн тодорхой бүлэглэлийн хийсэн нэвтрүүлгийг олон нийтэд цацах нь хэр хохиролтойг тунгаан ёстой л “цензур” тавьмаар бодогдов. Энэ нь сэтгэлзүйн аян дайныг намжаах цорын ганц арга ч байж магадгүй. Ямартай ч баримт гэх цаасуудыг олж өөртөө итгэлтэй чанга хашхирахыг сэтгүүл зүй гэдэггүй гэсэн жирийн сэтгүүлч миний үгтэй олон хүн санал нийлнэ гэдэгт итгэж байна.
Н.Батнягт
Зочин · 2014/09/30
Энэ нэг усны ухэр шиг нухур одоо болих хэрэгтэй. Чухал царайлаад л байдаг ийм ч нэвтруулэг хийх ч гэж... Бугс улайгаад ичдэггуй юм байхдаа. Унэндээ дутуу юм байна даа
Зочин · 2014/09/30
eurn bol setguulch y.a.n.k.h.a.n 2 adilhan yumshigee, mungu l ugch baival yuch hiihees butsahgui muuhai uls yum
маш зөв сэдэв б · 2014/09/30
маш зөв сэдэв баярлалаа