“...Эдийн засгийн алуурчид гэж хэн бэ? Эдийн засгийн алуурчид бол дэлхийн улс орнуудыг луйвардаж, ард түмнийг нь олон наяд ам.долларын өрөнд унагах ажлыг хийж байдаг. Үүнийхээ төлөө маш өндөр цалин харамж авдаг мэргэжлийн хүмүүс юм.

Тэд бол Дэлхийн банк, Америкийн олон улсын хөгжлийн агентлаг зэрэг бусад олон тооны зээл, тусламжийн байгууллагуудаас улс орнуудаар авахуулсан зээлийн мөнгийг зальт аргаар завшиж өөрсдийн асар том корпорациудын болон тухайн орны эрх мэдэл бүхий хэдхэн гэр бүлийн дансанд шилжүүлж байдаг. ...Үүнийг надаас өөр хэн сайн мэдэх вэ дээ? Учир нь би өөрөө тэдний нэг, эдийн засгийн алуурчин байсан юм чинь ...” гэж Жон Перкинс  “Эдийн засгийн алуурчин ном”-доо 1982 онд бичиж байжээ.

Мөн одоогийн УИХ-ын гишүүн С.Одонтуяа 2007 онд “...Эдийн засгийн алуурчны үүрэг нь тусгаар улсуудад өндөр үнэтэй эдийн засгийн зөвлөхүүдийн зөвлөмж жорын дагуу эдийн засгаа шинэчлэх, орчин үеийн зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татаж дэвшилтэт технологи нэвтрүүлэх, эдийн засаг-нийгмийн багц реформ явуулахыг итгүүлэх явдал.... 

...Эдийн засгийн алуурчин нь тухайн улсын лидерүүдийг икс-орнуудын худалдааны сонирхлын сүлжээний нэг хэсэг болгож, тэднийг үнэнч байлгадаг улс төр-эдийн засгийн урхи бэлтгэж, өрийн хавханд оруулна. Дэд бүтцийн хөгжилд зээл өгнө. Ард түмэнд нь хурдны зам, технопарк, цахилгаан станц, онгоцны буудал барьж өгснөөр тэдгээр лидерүүдийн улс төрийн байр суурь бэхждэг.

Зээлийн хөрөнгөөр тухайн улсад бүтээн байгуулсан икс-орнуудын инженер, барилгын компаниудын эзэд үлгэрийн мэт баяждаг. Үнэндээ санхүүжүүлж буй мөнгөний ихэнх нь хилээс гаралгүй икс-орнуудын барилгын компанийн дансанд нь ордог” хэмээн “Эдийн засгийн алуурчин” нийтлэлдээ бичиж байв.

Энэ бол бидэнд маш аймшигтай, бас тээр хол сонсогддог эдийн засгийн алуурчин гээчийн тодорхойлолт. Тэр хүмүүсийн хийдэг “ажил”-ын талаарх товч мэдээлэл.

Эндээс үзэхүл, тэдний гол “захиалагч” нь хөрөнгө оруулалтаар тэтгэдэг, үүнтэй ямар нэгэн холбоотой этгээд байдаг аж. Энгийнээр бол гаднын аль нэг томоохон хөрөнгөтний өмнөөс дуугарч, тэдний эрх ашгийн төлөө тэмцэгчид гээд ойлгочиход болох. Гэхдээ тухайн хөрөнгө оруулагч чухам ямар ашиг сонирхлын үүднээс хамгаалах чадвар багатай улс орон, эдийн засгийг объектоороо сонгосон бэ гэдэг асуудлын гол ажээ. 

Энэ бүгдийг хэлж байгаагийн учир нь сүүлийн үед Bank of China буюу Хятадын банк Монголд салбараа нээхээр улайран тэмцэж байгаа. Bank of China-г оруулж ирэхээр Монголын банкны салбарын, улс төрийн хүрээний зарим эрхмүүд зүтгэж, олон нийтийн тархийг угаах ажилдаа хэдийнэ ороод байна. Bank of China бол Монголын Худалдаа хөгжлийн банк, эсвэл ХААН банк биш. Манай банкуудыг хэдэн арав нийлүүлсэн чинээ активтай,  дэлхийн хэмжээний аварга том банк юм. Аварга загас, жараахай гээд л жишээд байгаа даа.

Bank of China Монголоос ашиг харахгүй. Олох ч үгүй. Учир нь Монгол бол Bank of China-ийн хувьд дэндүү жижигхэн зах зээлтэй.

Уг нь банк санхүүгийн мэргэжлийн хүмүүсийн хэлж байгаагаар том банкууд буурай оронд салбараа нээх томоохон шалтгаан нь өөрийнхөө харилцагчдын хэрэгцээ шаардлага, стратегийн хөрөнгө оруулалтыг дэмжих зорилготой байдаг гэнэ. Энэ бол гоёор хэлсэн тайлбар л даа.

Мэдээж хэрэг, Bank of China-ийн харилцагчид Монголыг сонирхож байгаа. Монголд хамгийн элбэг байгаа ашигт малтмалын лиценз бараг тэр чигтээ Bank of China-ийн барьцаанд байгаа гэх мэдээлэл бий. Тиймээс энэ банкны салбар орж ирвээс цаасан дээр байсан ашигт малтмал бодитоороо Bank of China-ийн халаасанд орно гэсэн үг. Ер нь ч энэ банкны хувьд Монголын харилцагчид гэхээсээ Монгол Улс тэр чигээрээ ганцхан харилцагчийн хэмжээнд үнэлэгдэж байгаа. Өөрөөр хэлбэл, энэ аварга загас Монголыг тэр чигт нь залгиж чадах тийм том ажээ.

Дэмжигчдийнхээ тусламжтайгаар Bank of China орж ирснээр үүсэх сөрөг үр дагавар өнөөдөр ч тодорхой харагдаж байгаа талаар учир мэдэх улс хэлээд эхэллээ. Хамгийн түрүүнд банкны тогтолцооны хувьд нэг оролцогчоос буюу Bank of China-аас хараат болох магадлал шууд харагдаж байгаа аж. Энэ нь Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдалд харшилна гэсэн үг.

Мөн Bank of China шиг аварга банк орж ирснээр хүссэн хүсээгүй зах зээлд шууд нөлөөлөх хэмжээний оролцогч болно. Ийм болсныхоо дараа тус банк Монголын зах зээлийг орхих аваас манай зах зээлийг тогтворгүй байдалд оруулна.

Анхаарахгүй байхын аргагүй  нэг аюул бол Bank of China Монголд хөл тавихад дотоодын банкуудын өрсөлдөх чадвар суларна. Энэ нь эхэндээ манай банкуудын ашиг орлогод, улмаар санхүүгийн чадавхид нь нөлөөлөх ажээ.

Асуудал үүгээр дуусахгүй. Монгол Улсын мөнгөний бодлого хүчгүйдэх аюул бас бий. Түүнчлэн Bank of China нь Хятадын хилийн чанад дахь эдийн засгийн ашиг сонирхлыг хамгаалах, уул уурхайн бүтээгдэхүүн нийлүүлэлтээр стратегийн ач холбогдолтой бүс нутагт улсынхаа худалдааны бодлогыг дэмжих үүрэгтэй ажилладаг гэсэн мэдээлэл бий. Bank of China нь эрхзүйн хувьд ашгийн төлөө гэх боловч төрийн өмчит хуулийн этгээд. Тиймээс Монголд байгуулах салбарынх нь үйл ажиллагаа банкны ашиг гэхээсээ илүүтэй Хятад улсын ашиг сонирхлын төлөө чиглэгдэнэ гэсэн үг. Энэ бүхний эцэст Монгол Улсын үндэсний эдийн засгийн аюулгүй байдал гэдэг онц чухал эрх ашигт маань халдах нь гэдгийг л ойлгох хэрэгтэй гэж байгаа.

Чухамдаа дээр дурдсан сөрөг үр дагаврууд зүгээр нэг яриад өнгөрөх, хэлээд орхих асуудал биш юм. Үндэсний эдийн засгийн аюулгүй байдал гэдэг айхтар үг. Bank of China-г Монголд дэмжигчид үүнийг маш сайн ойлгож буй. Гэвч тэдэнд тавьдаг татгалзахын аргагүй санал энэхүү үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг өөрийнхөө эрх ашиг, олз омгийн дараа тавихад хүргэдэг ажээ.
 

 "Зууны мэдээ" сонин