-Нялхасаа хөлдөөхгүй нь тулд "Улаанбаатар" их дэлгүүрийн удирдлагад 600 сая төгрөгийг төлөх үү-

Сүүлийн хэдэн жилийн дотор Нийслэлийн хоёрдугаар амаржих газрын эргэн тойронд буюу хотын төвд хүн зөрөх зайгүй болох шахаж барилгуудыг эгнүүлэн барих болсон. Үүний улмаас тус амаржих гэзрын халаалт доголдож эхлээд 2 жилийн нүүрийг үзэж байгаа аж.

Энэхүү амаржих гэзрын халаалтын доголдлоос болж эх, нялхас даарч өвлийг өнтэй давж чадахгүйд хүрч энэ байдал нь дахин давтагдах нээ. Халаалтын шугам тавих гэхээр "Улаанбаатар” их дэлгүүр зам дээр нь нийтийн эзэмшил газар хэмээн машин тавих зогсоол хийсэн байна. Тиймээс эмнэлгийнхэн тус дэлгүүрийн удирдлагуудыг буруутгаж өнгөрөгч долоо хоногт жагсаал хийж эсэргүүцлээ илэрхийлсэн билээ.

Тэд “Монгол эх төрөх газаргүй болж, олон эх нярайн эрх зөрчигдөж байна”, "Эх нярай дулаан орчинд төрөх-Эмчлүүлэх эрхтэй”, “Г.Сүхээ та эх нярайд эхийн сэтгэл гарга” гэсэн бичигтэй лоозонг барин жагссан талаар өмнө нь бид мэдээлсэн.

Тэгвэл "Улаанбаатар" их дэлгүүрийн ерөнхий захирал Г.Сүхээ II амаржих газрын удирдлагуудаас 600 сая төгрөгийг нэхжээ. Энэ талаар Нийслэлийн II амаржих газрын чанарын менежер А.Цэцэгмаагаас тодруулахад, "Бид нар жагсаал хийж эсэргүүцлээ илэрхийлсэн. Улаанбаатар их дэлгүүрийн ерөнхий захирал Г.Сүхээ даргад нь өргөх бичгийг өгсөн. Харин энэхүү өргөх бичгийн хариуд 600 сая төгрөгийг нэхэмжилсэн бичиг ирлээ. Улаанбаатар их дэлгүүрийн зүүн тийшээ харсан хаалганы машин тавьдаг зам дээр манайх дулааны сүлжээгээ тавьж засвар хийх гээд байгаа юм. Ингээд ажлаа хийх гэхээр тус дэлгүүрийн орлого хаагдана гэж үзээд байна. Уг нь бол хоёр хаалгатай дэлгүүрийн нэг хаалга нь хоёрхон хоногийн дотор хаагдахад тийм их хэмжээний алданги тооцно гэсэн хуулийн заалт байхгүй шүү дээ" гэлээ.

Тус амаржих газар нь анх 1959 онд ашиглалтанд орж байсан бөгөөд эмнэлгийн хоёр давхар байшингийн нэг давхрын өрөөнүүд 2013 оны өвөл огт халаагүй гэдгийг онцолж байлаа. Тиймээс эмнэлгийн захиргаанаас НЗДТГ, НЭМГ-т хандаж, нэмэлт халаалтын шугам татуулах санхүүжилтийг шийдүүлжээ.

Уг нь тендерт шалгарсан компани инженерийн шугам сүлжээний зургийн дагуу “Улаанбаатар” их дэлгүүрийн зүүн талын нийтийн эзэмшлийн талбайгаар дулааны шугам татах гэтэл тус дэлгүүрийн удирдлагууд ажлыг нь хийлгэхгүй хэмээн 14 хоног саатуулсан байгаа юм.

Тухайн үед үүнийгээ дэлгүүрийн удирдлагууд “Манай байгууллагын халаалтанд сөргөөр нөлөөлнө” гэж тайлбарлаж байжээ. Түүнчлэн “Улаанбаатар” их дэлгүүрийн зүүн талын авто зогсоолоор дайрч гарах дулаан шугам дэлгүүрийн халаалтанд сөргөөр нөлөөлөхгүй гэсэн техникийн нөхцлийг мэргэжлийн байгууллагын тооцооллоор ОСНААУГ-аас дүгнэлт гаргаж өгсөн боловч тус дэлгүүрийн удирдлагууд эсэргүүцсээр өнөөг хүрчээ. Харин ийнхүү удсаны эцэст 600сая төгрөгийг нэхэмжилж байгаад эмнэлгийн ажилтны дургүйцэж байгаа юм. Хэрвээ энэ өвөл дулааны шугамыг нэмж татахгүй бол өдөрт 40-өөд эх амарждаг, 20 гаруй мэс засал хийдэг, сард 670 гаруй нярайг өлгийдөж авдаг төрөх эмнэлэгт хөлдөх аюул нүүрлээд байна. Энэ онд 3000 гаруй эх төрөхөөр жирэмсэний хяналтад байгаа ажээ.

Х.Даваа