Монголын бүх оюутны төлөөлдөг байгууллага бол Монголын оюутны холбоо юм. Хоёр жил тутам энэхүү байгууллагын ерөнхийлөгч,  хоёр дэд ерөнхийлөгчийг сонгодог бөгөөд дараагийн хоёр жил  тэргүүлэх эрхмийг маргааш  Дархан хотноо сонгох гэж байна.  

Энэ жилийн  хувьд  дөрвөн хүн нэр дэвшиж байгаа.

Тодруулбал,

1.      МОХ-ны одоогийн ерөнхийлөгч Х.Батсайхан

2.      МОХ-ны дэд ерөнхийлөгч Д.Батчулуун

3.      НАМОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга  Д.Гантулга

4.      “Номтой нөхөрлөе” клубийн үүсгэн байгуулагч Н.Хүлгэн нар нэр дэвшээд байгаа юм.  

Энэ дөрвөн эрхмийн нэгийг Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүх их дээд сургуулийн  223 төлөөлөл санал өгч хамгийн олон санал авсан нь  МОХ-г хоёр жил тэргүүлэх юм.  Энэ удаагийн сонгуулийн гол өрсөлдөөн Х.Батсайхан, Д.Гантулга нарын дунд өрнөх төлөв байна.  Учир нь өмнөх сонгууль мөн л тэдний хооронд болсон бөгөөд  тухайн үед  Д.Гантулга нь Х.Батсайхандаа найр тавьж байсан түүхтэй.  Харин энэ жил Д.Гантулга найр тавилгүйгээр  “үзэлцэх”-ээр шийдсэн бололтой юм.

 

Х.Батсайхан хэн бэ?

 

Х.Батсайхан нь  МОХ-ны Ерөнхийлөгч, “Зохиомж” дээд сургуулийг олон улсын  сэтгүүлч мэргэжлээр төгссөн тэрбээр Монголын оюутны холбооны  ерөнхийлөгчийн зөвлөхөөр хоёр жил,  дэд ерөнхийлөгчөөр улиран сонгогдож дөрвөн жил,  ерөнхийлөгчөөр хоёр жил, нийт найман жил МОХ-нд ажиллаж байгаа юм.  Жил бүр  “Оюутан” номыг  жил бүр  оюутан залуудаа зориулан эмхлэн гаргадаг.

 

Д.Гантулга хэн бэ?

Д.Ганутулга нь  Нийгмийн ардчилал  монголын оюутны холбооны ерөнхий бичгийн дарга. Хувь хүний хөгжлийн чиглэлээр  “ Хөгжлийн түүчээ сан”-г байгуулан Монгол бүх их дээд сургуульд лекц уншсан. “Дэлхийн зөн” олон улсын байгууллагын  Монгол дахь  оюутны байгууллагыг дөрвөн жил удирдаж,  хүүхэд залуучуудын чиглэлээр  олон хэмжээнд бэлтгэгдсэн. МАН-ын оюутны холбоог  тэргүүлж байгаа ч  АН-ынхантай төвөггүй хэл амаа ололцдог эрхэм.

 

Х.Батсайхан, Д.Батчулуун нарын хувьд  хувийн тоглолт хийх магадлал хамгийн өндөр.  Учир нь  хоёр жилийн өмнө  Х.Батсайхан “Намайг сүүлийн удаа дэмжээч” хэмээн  гуйж байж одоогийн суудалдаа суусан гэдэг. Харин Д.Батчулуун өнгөрсөн хугацаанд  оюутнуудтайгаа тулж ажилласан гэдэг утгаараа,  өмнө нь Х.Батсайханд найр тавьсан гэдгээрээ  энэ жил амбицлах эрхтэй болж байгаа юм.

Д.Гантулга  МОХ-ны Ерөнхийлөгч болохын тулд  эртнээс олон алхам хийсэн нэгэн. Тэрбээр өөрийгөө дэмжүүлэхээр  Н.Хүлгэнийг нэр дэвшүүлсэн гэж байгаа. Үүгээр ч зогсохгүй Д.Батчулуун болон  МОХ-ны хамаг ажлыг нугалдаг нөхдүүдтэй мөр зэрэгцэн  одоогийн НАМОХ хуучнаар  МАСОХ-д ажиллаж, удирдаж байсан.  Тэгэхээр энэ удаагийн  МОХ-ны ерөнхийлөгчийн сонгуулийн хамаг  хөзрийг мэдэж байгаа  шэсэн үг бөгөөд замаа эртнээс зассан гэж хэлж болно. 
 

МОХ-г хэн тэргүүлэхийг  Монгол их дээд сургуулийн төлөөллүүд маргааш Дархан хотноо шийдэх бөгөөд шийдвэрийг хүлээх л үлдлээ. 

 

А.Маша