Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах асуудлаар МАН-ын бүлэг Ерөнхий сайдаас мэдээлэл авсан тул УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаагүй билээ.

Харин баасан гаригийн үдээс хойшхи нэгдсэн хуралдаан Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн "Эзэн-100" хөтөлбөрийн үр дүнгийн талаар мэдээлэл хийснээр эхэллээ. Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хугацаа гэдэг бол гурван сар гаруйн хугацаа. Энэ хугацаанд эдийн засгийг эрчимжүүлэх олон чухал арга хэмжээг Засгийн газраас санаачилж Улсын Их Хурлаар батлуулж, олон хууль, тогтоомж батлагдаж, олон хүнд суртал багасч эдийн засаг эрчимжихэд нэмэр хандив боллоо гэдгийг Ерөнхий сайд мэдээллийнхээ эхэнд онцолсон юм. Ерөнхий сайдын дэргэд байнгын ажиллагаатай Эдийн засгийн зөвлөл байгуулагдсан. Энэ зөвлөл Улсын Их Хурлаар хэлэлцэгдэх хуулиуд, мөн бизнест учирч байгаа саад бэрхшээлийг тодорхойлж 100 хоногийн хугацаанд маш идэвхтэй ажилласан. Цаашид ч мөн ажиллана гэлээ. Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн 28 хууль, тогтоолын төсөлд тэдний санал тусгагдсан аж. Тус зөвлөлийн санаачилгаар Монгол Улсын Засгийн газрын бүх шийдвэрүүд "Монголын бизнесийг дэмжсэн байх" гэсэн үндсэн зарчмыг баримталж байхаар болжээ. 100 хоногт Засгийн газар 53 тогтоол, тэмдэглэл баталсан бол Ерөнхий сайдын захирамжаар 14 ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа юм байна. Түүнчлэн жижиг, дунд бизнес эрхлэгчид гааль болон НӨАТ-аас чөлөөлөгдсөн гэдгийг дуулгалаа. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн импортолж буй тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэлд төлөх гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх хууль батлагдсанаар иргэдэд 3.8 тэрбум төгрөг үлдлээ. Иргэд төлсөн татвараа буцаан авдаг болно гэв. Засгийн газрын шийдвэрээр Алтанбулаг, Гашуунсухайт-Ганц мод, Шивээхүрэн-Сэхэ олон улсын боомт өнгөрөгч долдугаар сарын 1-ний өдрөөс 24 цагаар ажиллаж эхэллээ. Энэ нь иргэдийн харилцан зорчих, бизнес эрхлэхэд таатай нөхцөлийг бүрдүүлж байна. Мөн Гашуун сухайтын гарцын хүчин чадал гурав дахин нэмэгдсэн тухай хэлсэн юм. УИХ дахь МАН-ын бүлгээс Ерөнхий сайдын мэдэгдэлд дургүйцлээ илэрхийлж "Хувийн хэвшлийнхний чадан ядан хийсэн ажлыг та нар өөрсдөө хийсэн гэж хэлж байна. Тэдэнд ямар ч нэмэр болоогүй байж бид хийсэн гэж хэлэх эрх байгаа юм уу" хэмээн нэлээд бухимдалтай байсан юм.

УИХ дахь МАН-ын бүлэг "Эзэн-100" хөтөлбөр хэрэгжих хугацаанд талхны үнэ 850 төгрөгөөс 1150 төгрөг болж 300 төгрөгөөр өссөн бол орон сууцны үнэ хоёр жилийнхээс 2.6 дахин өссөн. Ам.долларын төгрөгтэй харилцах ханш 1906 төгрөгтэй тэнцсэн нь Монголын түүхэнд анх удаа валют дээрх жишигт хүрч, ханшийг шинэчлэн тогтоосон. Хоёр жилийн хугацаанд 54 мянган аж ахуйн нэгж хаалгаа барьсан төдийгүй зөвхөн "Эзэн 100" хөтөлбөр хэрэгжсэн 100 хоногийн хугацаанд 2000 гаруй аж ахуйн нэгж хаалгаа барьсан нь эдийн засаг сэргэх биш хүндэрсэн гэж дүгнэхээс аргагүй байна гэв.

УИХ-ын гишүүн Су.Батболд бодит амьдрал ямар байгааг олж харахгүй бол Оюутолгойд ажиллаж байсан залуус хэдэн зуугаараа ажилгүй болж гэр рүүгээ буцсан. Бусад уурхайд ч байдал ийм. Хоёр жилийн өмнө хотын төвийн хамгийн хөл хөдөлгөөнтэй ресторанд ороход ширээ олддоггүй байсан бол одоо 20 хувь нь л хүнтэй. Сонины зарыг харахад "Үл хөдлөх хөрөнгүүдийг зарна" гэсэн зар маш их болсон. Ихэнх нь цайны газар, үйлдвэрлэл явуулж байсан цехээ зарна гэдэг. Хорооллын үйлчилгээний төвүүдийн лангууны 50 хувь хоосон болсон. Түрээсний мөнгөө төлөх боломжгүйгээс болж байдал ийм болчихоод байхад "Эзэн 100" сайн болсон гэж үзэх ёс зүй байхгүй гэдгийг хэллээ. Харин УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр ард иргэдээс авдаг торгууль шийтгэврийн хэмжээ хоёр дахин өссөн байтал ард иргэдийнхээ халаасанд үлдээсэн мөнгө өссөнгүй. Цалин тэтгэврийг хэзээ нэмэх вэ. Өргөн хэрэглээний барааны үнэ "Эзэн 100" хөтөлбөрийг хэрэгжүүлсэн 100 хоногийн хугацаанд 10-60 орчим хувиар өссөн. Төрийн алба тойрсон хулгай тасарсангүй. Монгол Улсын өр 20 тэрбум ам.доллар боллоо. Яагаад ийм байдалд хүрчих вэ гэхэд Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр "Монгол Улсын өр 20 тэрбум ам.долларт хүрээгүй. Бодитой шалтгаанууд бий юу гэвэл бий. Тухайлбал, дэлхийн зах зээл дээр эрдэс баялгийн үнэ хэд дахин унасан. Үүнээс болж, 2011 онд уул уурхайн баялгаар дамжиж орж ирж байсан орлогын хэмжээ 2014 онд хэд дахин буурсан. Үүнийг хаа, хаанаа ойлгох ёстой. Нөгөө талдаа Оюутолгойгоос Монгол Улсад борлуулалтын орлого хэлбэрээр 700 сая ам.доллар орж ирээгүй байна. Энэ бүхэн нь эргээд хүндрэл учруулж байна" гэж хариулсан юм. Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав "Улсын хэмжээнд нийт 99600 аж ахуйн нэгж бүртгэлтэйгээс 54 мянга орчим нь үйл ажиллагаа эрхэлж бусад нь Х тайлан гаргадаг. Энэ нь одоо бий болсон үзэгдэл биш, өмнөх Засгийн газрын үед ч байсан. Өнөөгийн байдлаар 44854 жижиг дунд үйлдвэрлэл ажиллаж байна. Жижиг, дунд үйлдвэрлэл өмнөх жилүүдийнхээс өссөн тоо гардаг. Хөдөлмөрийн яам энэ онд 51 мянган иргэнийг ажилтай болгох зорилт тавьсан, түүндээ хүрч байгаа. Ажилгүй иргэдийн тоо өссөн асуудал байхгүй, бүртгэл сайжрахын хэрээр, хороо бүрт Хөдөлмөрийн бирж ажиллаж, иргэдийг ажил хөдөлмөрт зуучилдаг болсон. Тодорхой бэрхшээлүүд гарч байгааг үгүйсгэхгүй" гэсэн юм. Тэгвэл УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар "Засгийн газар алдаагаа засахгүй бол зургаан сарын дараа нийгэм, эдийн засгийн байдал улам хүндэрнэ гэлээ. Эдийн засгийн голлох үзүүлэлтүүдээр тооцож үзэхэд энэ онд эдийн засгийн өсөлт сайд Н.Батбаярын хэлж байсанчлан 10 хувьд хүрэхгүй зургаан хувьтай гарна. 2014 оны төсвийн орлого 1 их наяд төгрөгөөр тасарна. Төлбөрийн тэнцэл 2012 онд 1.4 тэрбум ам.долларын ашигтай гарч байсан бол 2014 онд 1.5 тэрбум ам.долларын алдагдалтай гарахаар байгаа аж. Өрийн хэмжээ 2011 онд ДНБ-ий 32.7 хувьтай тэнцэж байсан бол өнөөдөр өр ДНБ-ий 67.5 хувьтай тэнцэнэ. Чанаргүй зээлийн хэмжээ оны эхнээс 40 хувиар өссөн. Ханшийн хямрал санхүүгийн хямрал болчих вий, бодлогын алдаагаа засч чадаагүй учраас энэ үзэгдлүүд гарч ирээд байна" гэсэн юм. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг "Эзэн-100" хөтөлбөр хэрэгжүүлэхэд зардал мөнгө дорвитой гаргаагүй. Хоёр жилийн ажлын тайланг оруулаагүй. Гадаадын хөрөнгө оруулагчидтай уулзалт хийхэд л тодорхой мөнгө зарцуулсан гэсэн бол Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр Дэлхийн зах зээл дээр эрдэнэс баялгийн үнэ хэд дахин унасан. "MCS"-ийн Л.Энх-Амгалан, "МАК"-ийн Н.Номтойбаяр нар хаана байна. Тэд нар мэдэж байгаа. Хэлээд өгнө" гэж байлаа.

УИХ-ын чуулганы үдээс хойшх хуралдаанаар Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцсэн юм. Энэ тухай дэлгэрэнгүйг даваа гаригийн дугаараас уншаарай.

Э.ЭНX