МАХН-ын дарга Н.Энхбаяр өнгөрөгч пүрэв гаригт эх орондоо ирлээ. МАХН-ынхан хөлөө хуглах шахаж, бусад улстөрийн хүчнүүд битүүхэндээ ажиглаж угтсан болов уу.

Юутай ч тэр ирэхээсээ өмнө Солонгосын хэвлэлээр улстөрийн орогнол хүссэн тухай мэдээлэл цацуулж, түүнийгээ Монголын нэр нөлөө бүхий улстөрчдийн явуулга хэмээн тайлбарлуулсаар ирлээ. Өдий удаан алга болчихоод яаж чив чимээгүй хүрээд ирэхэв дээ. Бас л нэг юм бодож сэтгэж байж араас нь ирэх бол яах аргагүй Н.Энхбаярын араншин мөн дөө.

      Түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа болон бусад улстөрийн нөхцөл байдал ч түүнийг улстөрийн оргонол хүсэхэд хүргээгүй. Тийм хүчин зүйл бол энд байхгүй. Нөгөө талаар манай нэр бүхий улстөрчид Н.Энхбаярын эсрэг ийм зүйлийг далайн чанад давуулан цацах учир байхгүй. Тэгээд ч яах юм. Ямар ч үндэслэл алга. Н.Энхбаяр хэдийгээр парламентад арав орчим суудалтай намын дарга ч гэлээ тэр хүчирхэг биш. Мөн улстөрийн том тоглолт хийх боломж алга. Тэгээд ч ойрын эх сурвалжийн хэлж байгаагаар бол МАХН-ын дарга Н.Энхбаярыг Солонгос улсаас улстөрийн орогнол хүссэн гэх мэдээлэл нь үнэн аж. Гэхдээ үүнийг МАХН-ынхан зохион байгуулсан гэдгийг хэлж байна. Түүнээс экс Ерөнхийлөгчийн өөрийнх тайлбарласан шиг “Монголоос энэ талаар мэдээллийг өгсөн" гэдэг бол бас л худлаа болж таарна. Гэхдээ Монголоос, тэр тусмаа МАХН-аас өгсөн болж таарах гээд байна.

     Эвсэл засгаас гарах ямар ч боломж байхгүй. Тэдний амь зогоож байгаа ганц боломж нь засгийн хатавчинд хөөгдөтлөө суух. О.Баасанхүүгийн цахимд цацаж байгаа шиг МАХН МАН-тай нэгдэх тухай асуудал бол бүр ч байхгүй. Эвслийн засгаас гаргах орох тухайд бол МАН-тай ямар нэгэн том тохироо хийсний үр дүнгээс харагдах зүйл. О.Баасанхүүгийн хувьд намын даргынхаа төлөвлөгөөт мессэжийг нийгэмд илгээж суугаа царай нь тэр. Өөр ямар улстөрийн нүүдэл байх вэ гэдэг асуудал зүй ёсоор урган гарч таарна. Арав орчим гишүүнээ аваад Солонгост амьдрахгүй, парламентийг хаяхгүйгээс хойш ямар ч нүүдэл харагдахгүй байна. Харин олны жиг жуг гэж байгаагаар бол Засгийн газрын шинэ бүтэцэд ямар нэгэн тохироо байхыг үгүйсгэхгүй.

     Яахав экс Ерөнхийлөгч маань өөрөө тайлбарлахдаа "Түр хугацаагаар эмнэлгээсээ чөлөө авч эх орондоо ирлээ. Дахин эмчилгээ хийлгэх шаардлагатай учир эргэн БНСУ-ыг зорино. Мөн энэ хугацаанд Засгийн газрын бүтцийн асуудлаар намынхантайгаа хэлэлцэнэ гэж бодож байна. БНСУ-аас улс төрийн орогнол хүссэн гэх асуудал бол ташаа мэдээлэл юм. Тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн ямар шалтгаанаар ийм мэдээлэл тараасныг тодруулахад “Монголоос энэ талаар мэдээллийг өгсөн" гэж хариулсан. Надад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа асуудлаар ярьмааргүй байна” гэсэн байна лээ.

Н.Дөл