Ичиножёо А.Ичинноров ердөө жилийн өмнө л Японы мэргэжлийн сумогийн дэвжээн дээр гарсан ч өдгөө дээд зиндаанд секивакэ цолтойгоор барилдахаар бэлтгэлээ базааж байна.

Дээд зиндаад дэвшсэн эхний башёдоо 13 давж, 2 унахдаа 1 ёкозүна, 2 озэкиг давж Архангайн Батцэнгэл сумын уугуул залуу Арлын орныхныг гайхшруулж, элэг нэгтнүүдээ баярлуулсан билээ. Тэгээд ч түүний энэ гайхалтай амжилт секивакэ цолын эрэмбэд бичигдэхэд хүргэжээ.

Аки башёгийн үеэр мөн дараагаар нь Ичиножёогийн биеэр улаан юм туурсныг эмч нар “хэт их анхааралд өртөж, түүндээ санаа зовж, шаналсны илрэл” гэж оношилсон юм билээ. Тиймээс ч хэд хоног эмнэлэгт хэвтэж, сэтгэлзүйн хувьд харьцангуй тайвширч, Кюүшюү башёгийн өмнөх бэлтгэлдээ Ичиножёо гарчихаад байна.

Энэ башёгоос Ичиножёо чёнмагэ буюу мэргэжлийн сумочдын үсний засалтыг бүрэн ёсоор засуулж дэвжээнээ гарах юм. Өмнө нь түүний үс хангалттай урт ургаж амжаагүй байсан тул боож барилдаагүй. Ичиножёогийн үсийг зассаны дараагаар цугласан олон сэтгүүлчид түүнд асуулт тавьжээ. Тэгэхэд 21 настай залуу сумоч маань инээмсэглэн “Одоо л би сумоч шиг харагдаж байна уу?” гэж асууснаар хошин шогийн мэдрэмжтэй залуу гэдгээ харуулж, сэтгүүлчдийг инээлгэж чадсан гэнэ.

“Үнэндээ би ийм өндөр эрэмбэд шууд хүрнэ гэж бодоогүй. Есдүгээр сарын башё миний хувьд дээд зиндааны эхний тэмцээн маань байсан шүү дээ. Би маэгаширагийн 10-аас босч барилдсан. Гэвч 13 даваа минь намайг ийм гайхалтай өндөр эрэмбэд гаргалаа. Жилийн дотор итгэмээргүй амжилтад хүрсэндээ би их баяртай байна. Ердөө жилийн өмнө л би мэргэжлийн сумогийн дохёд анх хөл тавьсан.

Аравдугаар сарын үзүүлэх барилдаануудад оролцож чадаагүйдээ би харамсаж байна. Эмч нар намайг сэтгэл шаналж, хэт санаа зовсны улмаас бие, сэтгэлзүйн нервт өртсөн байна гэж хэлсэн. Гэвч 10 хоног эмнэлэгт хэвтсний дараагаар бүх зүйл хэвэндээ орсон. Одоо би бэлтгэлээ бүрэн дүүрэн хийж байгаа. Надад итгэж буй хүмүүсийн итгэлийг алдалгүй, хүрсэн цолоо хамгаалж барилдахыг хичээнэ” гэж Ичиножёо өгүүлсэн байна.

 

Монголын 55 сумоч өмнө нь мэргэжлийн сумод тоот бөхийн тоонд орсон ч гэсэн Японы хэвлэлүүдээр ганцхан Ичиножёог л Монголын жинхэнэ малчин айлын хүү гэдгийг ихэд онцолж буй ажээ. Кёкүшюүзан Д,Батбаяр нэгэн удаа “Монголын олон бөхчүүд байгаа ч бүгд л хот, аймгийн төвд өсч торнисон залуус. Хар багадаа мал маллаж өссөн нь үгүй” гэж хэлж байсныг хэвлэлүүд онцгойлон дурьдсан байна.

Ичиножёо Японд ирээд сургуульд суралцаж байхдаа ар гэр рүүгээ тэр бүрий яриад байж чаддаггүй байж. Японы мэргэжлийн сумогийн дэглэм журам хатуу тул тэр бүрий “нялхраад” байх боломж олдохгүй. Хүний нутагт тодорхой зорилготой ирсэн залуу нутгаа, эцэг эхээ санаж байна гээд “нялцагнаад” байх бас хэцүү. Тиймээс хааяа Ичиножёо бороонд зогсож буй нэртэйгээр нутгаа, эцэг эхээ санаж уйлдаг байснаа дурсан ярьжээ.

Дэвжээний багшийнх нь эхнэр Ичиножёог нутгаа, эцэг эхээ санагалзаж, сэтгэлзүйн хувьд хүндхэн байгааг мэддэг байсан тул монгол дуу сонсгож, сэтгэл зүйн дэм өгөхийг хичээдэг байж. “Япон ээж” хэмээн нэрлэгдсэн тэр эмэгтэй Ичиножёог Японд дасч, хөлөө олоход багагүй тусалсан юм байна.

 

Ичиножёогийн япончуудыг гайхшруулж буй бас нэгэн зүйл бол 192 сантиметр өндөр, 199 кг жинтэй хэрнээ дугуйг маш сурмаг, хөнгөхөн уначихдаг явдал гэнэ. Тэрбээр сургууль хүртлээ 5 километр газрыг ажрахгүй жийчихдэг байснаа ч ярьсан удаатай гэнэ.

Ичиножёог Японы хэвлэлүүд “Монгол араатан”, “Монгол мангас” гэж нэрлээд байгаа. Мэргэжлийн Сумогийн холбооны Ёкозүна нарын асуудал эрхэлсэн хорооны тэргүүн Хитоши Учияма Аки башёгийн дараахь хуралдаан дээр Ичиножёогийн барилдааныг магтахдаа дээрх үгийг хэрэглэсэн нь ийнхүү хэвлэлээр тархжээ.

Анхны юм бүхэн амттай, бас харьцангуй хялбар байдаг. Цаашид мэргэжлийн сумогийн дээд зиндааны хоёр, гурав, дөрөв… гээд дараалсан олон башё, түүний барилдааныг судалчихсан олон хүчит сумочид Ичиножёог хүлээж байгаа.