МАН саналыг нь гаргаад АН Засгаа унагасан талаар хүн бүр өнөөдөр ам уралдан ярьж байна. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүйн адилаар одоо АН-д матрын нулимс зохихгүй нь мэдээж.
Хамгийн гол нь АН дотроо эв найрамдалгүй байж багийн бус фракцийн тоглолт хийж Засгийн газраа унагачихсан нь олны шүүмжлэлийг ихээхэн дагуулаад байгаа.

Ер нь Н.Алтанхуягийг огцруулах асуудал нь парламентад суудалтай гишүүдийн хэн нь хэн бэ гэдийг түмний өмнө харуулаад авав. Цагаа тулахаар хэн нь эцсээ хүртэл хамт байхыг хүсдэг харин хэн нь замын дундаас хаяад зугтдагийг эртхэн таниулсан үйлдэл болсон гэхэд хилсдэхгүй. 

Тэр дундаа УИХ-ын 11 эмэгтэй гишүүн өнөөдөр ямар улс төрчид гэдгээ тод томруунаар харуулав.  Одоо тэднийг шийдвэр гаргах чадамжгүй бусдыг аялдан дагагч утсан хүүхэлдэй гэцгээж байна. Л.Эрдэнэчимэг гишүүн л гэхэд Н.Алтанхуягийг огцруулах асуудлыг чуулганы хуралдаанаар хэлэлцэхийн яг өмнөх өдөр нь “МАН-тай нийлж засаг унагах тоглолт хийхгүй” хэмээн ярьж байснаа санал хураах эцсийн мөчид огцруулах кнопыг дарсан. Энэ нь түүнийг үг, үйлдэл нь хол зөрдөг туйлбаргүй улс төрч гэдгийг нь илтгэж байгаа юм. 

Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар санал хураахад УИХ-ын дарга З.Энхболдын тэргүүлдэг “Шонхор” фракцийн Д.Арвин хуралдаанд оролцоогүй бол “МОАХ—ын Р.Бурмаа, Л.Эрдэнэчимэг С.Одонтуяа нар эсрэг санал өгсөн юм. Үүн дээр нэмэгдэж “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүн Г.Уянга мөн огцруулах саналыг өгсөн. Д.Оюунхорол, Д.Сарангэрэл нарын хувьд мэдээж сөрөг хүчин учраас эсрэг санал өгөх нь ойлгомжтой байсан. Мөн М.Батчимэг гишүүн хашаа ч юм алга болж тэр өдөр Төрийн ордонд бараг харагдаагүй. 

Ямартай ч Г.Уянга, Л.Эрдэнэчимэг, Р.Бурмаа гурвын хувьд Засаг барьж буйгаа умартаж ил цагаанаар Засгийн газрыг огцруулахад нэмэр болсон бмлээ. Харин Д.Арвин, С.Одонтуяа, М.Батчимэг нарын хувьд нэрээ цэвэр авч үлдэхийн тулд зугатаж алга болж хуралдаанд оролцоогүй. 

Харин Ц.Оюунгэрэл, С.Оюун,  З.Баянсэлэнгэ нар Засгийн газрыг огцруулахгүй гэсэн кнопыг дарсан билээ. Ц.Оюун, Ц.Оюунгэрэл нарын хувьд Засгийн газрын гишүүн учир мэдээж ийм санал өгсөн байж таараа. З.Баянсэлэнгийн хувьд ч мөн ялаагүй.  Учир нь түүний нам засагт хамтарч байгаа гэдгийг мартаж болохгүй. Хэрвээ энэ гурав эрх ашгаа бодож ийм шийдвэр гаргаагүй бол эмэгтэй гишүүд бүгдээрээ Н.Алтанхуягийн эсрэг санал өгөх байлаа. 

Ямартай ч эмэгтэй гишүүдийг бие даан шийдвэр гаргах чадваргүй, урваач шарваач, улс төрд  шал хэрэггүй хүмүүс гэдгийг нотолоо хэмээн хүмүүс ярьж байна. Уг нь бид 2012 оны сонгуулиар 11 эмэгтэй гишүүн парламентад суух болсонд ихээхэн баяртай хүлээж авсан. Гэтэл өнөөдөр парламентын түүхэнд өмнө нь байгаагүй үзэгдэл гарч 11 эмэгтэй УИХ-д багтсан нь тийм ч баярлаад байх зүйл биш байж хэмээн саарал ордныхон ярьж байна. 2016 оны сонгуульд эмэгтэй гишүүдийн квотыг нэмэгдүүлж 25 хувьд хүргэнэ гэсэн саналаа эргэж харахгүй бол ер нь болохгүй нь гэдэг ч яриа гарав. 

Гэхдээ өдөр тутмын аж, амьдралд гар бие оролцож сайн мууг хэнээс ч илүү мэддэгийнхээ хувьд тэд ийм шийдвэрийг гаргасан ч байж болох юм. Ард түмний амьдрал доройтож буйг илүү сайн мэдэрч буй хүмүүсийн хувьд бодит байдалд үндэслэж шийдвэрээ гаргасан байж болох. Ер нь ард түмний амьдрал уруудаж, өгсөж буйг өдөр тутмын хоол унд, гэр орны төсвийг зохицуулдаг эмэгтэйчүүдээс илүү өөр хэн сайн мэдэх билээ. 
Т.Энхэлээ