ЦЕГ-т дахин түгшүүрийн дохио хангинаж эхэллээ. Учир нь Хууль зүйн сайд Х.Тэмүүжин ЦЕГ-ын дарга асан Б.Билэгтийг “Салбарын сайдаа тагнаж чагнасан, “шинэчлэл”-ийн Засгийн газраас хийж хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрийг дэмжиж ажиллахгүй эсэргүүцэл илэрхийллээ” хэмээн албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан.

Уг шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар дэмжиж түүнийг өнгөрөгч наймдугаар сард албан тушаалаас нь чөлөөлсэн билээ. Энэхүү шийдвэрийг Б.Билэгт хүлээн зөвшөөрөхгүй шүүхэд хандсан бөгөөд гомдлыг шүүхээр хэлэлцээд албан тушаалд нь эргүүлэн томилох шийдвэр гаргасан нь дээрх түгшүүрийн дохио дахихад хүргэв.
 

Тодруулбал, ЦЕГ-ын дарга асан Б.Билэгтийн нэхэмжлэлтэй Монгол Улсын Засгийн газарт холбогдох иргэний хэргийг Дүүргийн иргэний хэргийн анхан шатны I шүүхээр уржигдар хэлэлцсэн байна. Харин хэвлэл мэдээллээр “Б.Билэгтийн гомдлыг хэлэлцэх шүүх хурал хойшилсон”, “Өмгөөлөгчид нь ирээгүй” зэрэг буруу ташаа мэдээлэл гарсан учраас Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхийн Тамгын газрын дарга Э.Батмөнх өчигдөр албан ёсны мэдээлэл хийлээ.
 

Тэрбээр “Нэхэмжлэгч Цагдаагийн ерөнхий газрын дарга асан Б.Билэгт нь 2014 оны наймдугаар сарын 15- ны өдөр тус шүүхэд Монгол Улсын Засгийн газрын 2014 оны наймдугаар сарын 14-ний өдрийн 258, 269 дүгээр тогтоолыг хүчингүй болгох мөн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгохыг Засгийн газарт даалгах тухай нэхэмжлэл гаргасан.
 

Шүүх нэхэмжлэлийг хүлээж аваад эрүүгийн хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 11-ний өдрийн 08.00 цагт шүүх хуралдааныг товлож явуулсан.
 

Шүүх хуралдаанаар Засгийн газрын 2014 оны наймдугаар сарын 14-ний өдрийн 258 дугаар тогтоолын 1 дэх заалт, 2014 оны наймдугаар сарын 28-ны өдрийн 296 тогтоолын 1 дэх заалт нь Хөдөлмөрийн болон Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн нь тогтоогдож байгаа тул нэхэмжлэгч Б.Билэгтийг Засгийн газрын тохируулагч агентлаг ЦЕГ-ын даргын үүрэгт ажилд эргүүлэн томилохыг Засгийн газарт даалгасан.
 

Мөн нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин 3.817.000 төгрөгийг Засгийн газраас гаргуулж, Б.Билэгтэд олгохоор шийдвэрлэсэн” гэв. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг төлөөлж Ариунболд, харин хариуцагч Засгийн газрыг төлөөлж Зүмбэрэл нар ажилласан аж. Уг шийдвэрийг талууд эс зөвшөөрсөн тохиолдолд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрх нь нээлттэй юм байна.
 

Хамгийн гол нь давж заалдах шатны шүүх анхан шатны хуралдааны шийдвэрийг баталгаажуулбал Б.Билэгтийн оронд ЦЕГ-ын даргаар томилогдсон С.Баатаржавын томилгоо хууль бус болж таарна. Тэгэхээр хууль бус даргын гаргасан шийдвэр, албан тушаалын томилгоо, бүтэц бүрэлдэхүүнд хийсэн өөрчлөлт мөн хууль бус болж таарах болж байна.
 

ЦЕГ-ын даргаар С.Баатаржавыг томилсноос хойш нийслэлийн бүх дүүрэг, аймаг, орон нутгийн цагдаагийн дарга нарыг сольсон. Тэрбээр хамгийн түрүүнд Эрүүгийн цагдаагийн газрын таван хурандааг хууль хүчний байгууллагын албан тушаалтнуудтай үгсэн тохирч, сэжигтэн яллагдагчийн хэрэгт хөндлөнгөөс нөлөөлж, салбарын сайдаа “унагах” ажиллагаанд оролцсон гэх үндэслэлээр албан тушаалаас нь чөлөөлж, ЭЦГ-ыг татан буулгасан билээ.
 

Тэгвэл ЦЕГ-ын даргаар Б.Билэгт эргэн ирвэл дээрх хурандаа нар буйрандаа буцаж ирнэ гэх бор шувуу аль хэдийнэ нисч эхэллээ. Тэр байтугай С.Баатаржав даргын томилгоогоор албан тушаалд очсон хүмүүс “Байдал биш боллоо. Эртхэн аргаа бодсон нь дээр байх. Б.Билэгтийг эргүүлэн томилох шийдвэр гаргачихлаа. Тэгэхээр бидний томилгоо ч бас хууль бус болж таарах байх” хэмээн эх сурвалжууд онцолж байна.
 

Нэг ёсондоо Х.Тэмүүжин явж, Б.Билэгт ирэх нь” гэж дүгнэх хүмүүс ч байна. Харин хуулийн хүрээнд асуудал цаашид хэрхэн өрнөх, эрхзүйн хувьд ямар өөрчлөлт гарах талаар зарим хуулийн хүнээс тодрууллаа.

 

Х.Бат-Ялалт: Томилгоо хийсэн нь Засгийн газрын том алдаа болсон
 “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн, хууль зүйн ухааны магистр

 

Б.Билэгт Засгийн газрын тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй шүүхэд гомдол гаргасан тохиолдолд хэргийг шийдвэрлэх хүртэл түүний оронд өөр хүнийг томилох ёсгүй. Өөрөөр хэлбэл, ЦЕГ-ын орлогч дарга нь үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байх байсан.
 

Гэтэл томилгоо хийсэн нь Засгийн газрын том алдаа болсон. Одоо ЦЕГ-ын даргаар ажиллаж байгаа С.Баатаржав гэж хүн цалин авч байгаа. Гэтэл шүүхээс Б.Билэгтийг ажилд нь эргүүлэн томилж, ажилгүй байх хугацааны цалинг олгох шийдвэр гаргалаа.

 

Нэг орон тоод хоёр хүний цалин олгосон асуудал гарч ирж байна. Энэ мөнгө төсвөөс гарч байгаа. Тухайлбал, татвар төлөгчдийн мөнгөнөөс төлж байгаа мөнгө шүү дээ. Тэгэхээр бүгд хуулиа зөрчиж байна.
 

Өнөөдөр албан тушаалаас нь түдгэлзүүлээд шийдэхгүй байх атал шийдээд орных нь хүнийг томилчихдог. Нөгөө хүнээ эргүүлээд албан тушаалд нь томилдог. Иймэрхүү байдлаар Монгол улс 2011, 2012 онд 25 тэрбум төгрөгийг хүмүүст өгсөн байдаг.
 

Ер нь бол шүүхийн эцсийн шийдвэр гартал тухайн хүнийг ажлаас нь халсан шийдвэрийг түдгэлзүүлэх ёстой. Засгийн газар буруу шийдвэр гаргасан учраас давхардал цалингийн хохирлыг шийдвэр гаргасан хүнээр төлүүлэх ёстой.
 

Засгийн газрын тэргүүнийг сонгоогүй нь хамаагүй шүү дээ. Тухайн үед шийдвэр гаргасан хүн л хариуцлага хүлээх ёстой. С.Баатаржавыг ЦЕГ-ын даргаар томилсон нь хүчин төгөлдөр биш болохыг шүүх тогтоочихлоо.

 

Г.Батбаяр: С.Баатаржавыг хууль бусаар томилсныг шүүх тогтоочихлоо

 

Шүүхийн энэ шийдвэр хүчин төгөлдөр биш. Хоёр сарын дараа хүчин төгөлдөр болох захирамж гэж ойлгож болно. Шүүхийн шийдвэр долоо хоногийн дараа бичгээр гарна. Үүнийг гомдол гаргагч тал гардаж аваад 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд хүсэлт гаргана. Гомдол гаргаснаас гурав хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд очно. Ингээд 30 хоногийн дотор хурлыг зарладаг.
 

Энэ шатлалаар явахад хоёр сарын дараа дээрх шийдвэр хүчин төгөлдөр болох эсэх нь тодорхой болно. Хугацаа удаашрах тусам эрх зүйн хор холбогдол улам ихэснэ. Б.Билэгтийг үүрэгт ажлаас нь чөлөөлснөөс хойш гарсан гэм хорын хохирол гэж гарна.
 

Тухайлбал, хууль бус даргын шийдвэрээр олон газрын дарга нарыг солилоо. Бүх аймгийн Цагдаагийн газрын даргыг солилоо. Энэ бүх шийдвэр хүчингүй болох нөхцөл бүрдэж байна. Тэгэхээр сөрөг үр дагавар ихтэй шүүхийн шийдвэр гарсан. Аливаа газар агентлагийг захирах эрх бүхий дээд байгууллага нь яам шүү дээ.
 

Яам ямар нэгэн байдлаар доод албан тушаалтнаа халж болохгүй болчихоод байна. Жишээлбэл, яам өөрийнх нь эсрэг ажиллаад байгаа агентлагийн дарга нарыг халахаар эргээд шүүхээр заргалддаг. Шүүхээр буцаан томилуулах шийдвэр гаргуулаад эргээд ирдэг.
 

Тухайлбал, Б.Билэгтийг наймдугаар сард ажлаас нь халсан. Түүнээс хойш гарсан бүх тушаал шийдвэр ойлгомжгүй байдалд орж байна. Зөвхөн томилгооноос өөр цагдаагийн байгууллагын төсөв, аж ахуйн нэгжийн бүтэц бүрэлдэхүүн цаашид хүчин төгөлдөр биш байх утгыг агуулж байна шүү дээ.
 

Учир нь С.Баатаржавыг хууль бусаар томилсон гэдгийг шүүх тодорхойлчихлоо. Хууль бусаар томилогдсон ЦЕГ-ын даргын тушаал шийдвэр бүгд хүчингүй байх утгыг агуулж байна. Маш ойлгомжгүй нөхцөл байдал үүснэ.
 

Б.Билэгт эргэж ирлээ гэхэд дээрх халаа сэлгээ хийсэн газруудын дарга нарыг эргүүлэн томилох уу гээд үнэхээр ойлгомжгүй байдал үүснэ. Ер нь цагдаа хүчний байгууллага утгаа алдаж байгаагийн илрэл гэж харж болохоор байна.
 

 

Б.Цэцэгдэлгэр