Монгол Улсын 2015 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого долоон их наяд 159.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 29.8 хувь, тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлсэн нэгдсэн төсвийн нийт зарлага долоон их наяд 599.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 31.7 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал 439.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 1.8 хувь болохоор батлагдсан.

Ерөнхий сайдгүй, Сангийн сайдгүйгээр баталсан хэмээн шүүмжлүүлж буй энэ төсөв өмнөх жилүүдтэй харьцуулахад танасан, хассан гэдгээрээ онцлог гэдгийг албаныхан хэлсэн юм. Харин өнгөрсөн онуудтай харьцуулахад нэг их наядаар өссөн дүн харагдаж буй билээ. Хэдийгээр эзэнгүй төсөв гэх боловч Ерөнхий сайдтай, Засгийн газар нь чадамжтай байх үедээ энэхүү тооцооллыг гаргасан тухай Сангийн дэд сайд С.Пүрэв хэллээ. Ирэх оны төсөв орлогыг бодитой биелүүлж, татварын орчинг тогтвортой байлган, хэмнэлтийн горимд шилжсэн төсөв болсныг албаныхан онцолсон. Түүнчлэн тэвчиж болох зардлыг танаж буй бөгөөд гол баялаг үйлдвэрлэгчид, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих бодлогыг үргэлжлүүлнэ гэдгээ тэд хэлж байлаа.

Ямартай ч хэл ам дагуулсаар ирэх оны төсвөө баталчихлаа. Харин хэмнэсэн танасан төсвийн орлого, зарлага өмнөх онуудтай харьцуулахад өссөн харагдана. Магадгүй хөрөнгө оруулалт нэмэгдэхийн хэрээр орлого өсөх нь тодорхой гэх биз. Тэгвэл танасан, хассан гэх дүгнэлтийг юугаар илэрхийлэх вэ. Мэдээж төрийн албан хаагчийн орон тоог цөөлсөн, түдгэлзүүлсэн, шинээр барилга байшин барихгүй байгаа зэрэг олон зүйлийг дурдаж болно. Энэ мэтчилэн танаад байхад өсөөд байдаг орлого, зарлагын учрыг хаанаас олох вэ. Улсын төсвийн тэнцвэржүүлсэн орлого, зарлага тэлээд байна уу, танагдаад байна уу.

 

Д.ОЮУНЧИМЭГ

  "Зууны мэдээ" сонин