Жүжигчин Г.Ундармаа хамтлагаасаа түр чөлөө аван сайн үйлсийн аянаа үргэлжлүүлж, шинэ дэлгэцийн бүтээлээ үзэгчиддээ хүргэхээр тун завгүйхэн яваа. “U-Film” анхны уран бүтээлээ туурвин олонд хүргэхэд магтаалаар хүлээж авсан. 

“Single ladies” уран сайхны киногоороо амжилтын шатаа нэгээр ахиулсан жүжигчин Г.Ундармаа уг бүтээлдээ эмэгтэй хүний тухай өгүүлсэн билээ. Тэгвэл түүний ээлжит кино нь мөн л адил сэдэвтэй гэнэ. Тэрбээр “Би охин, хүүхэн, бүсгүй, эмэгтэй, эхнэр хэмээн нэрлэгдсэн эмэгтэй хүн. Хэдэн жилийн дараа эмээ гэж бас нэрлэгдэнэ. Эмэгтэй хүний сэтгэлийг, эмэгтэйчүүдийнхээ хүсэл мөрөөдлийг, тэднийхээ амьдралыг ямар ч эрдэм номноос илүүтэйгээр мэдэх учраас уран бүтээлийнхээ сэдвийг эмэгтэйчүүдээр сонгож аваад байгаа юм” гэлээ. 

“Single ladies" кинондоо өөрөө тоглож байсан харин шинэ кинондоо найруулагчаар ажилласан учраас оролцон тоглоогүй аж. Одоогоор нэр нь "нууц" байгаа дэлгэцийн бүтээлийн зураг авалт аль хэдийнээ дуусчээ. Киноны нээлт ирэх оны нэгдүгээр сард болох юм.

Д.Ана