энхсайхан
АН-ынхан толгойгоо гашилгаж байна. Хэнийг засагтаа урьж, хэнээс татгалзсанаар Ч.Сайханбилэгийн Засгийн газраа 2016 оны сонгуультай золгуулах вэ?
Улмаар яаж сонгуульд ялах вэ гэсэн шатрын өрөг бодогдож эхлэв. Намуудтай хамтран ажиллах ажлын хэсгээ бүлгийн дарга Д.Эрдэнэбатаар ахлуулж байснаа болиулав. Асуудалд эв дүйтэй ханддаг гэж М.Батчимэг гишүүнээр удирдуулав. Энэ нь албан ёсны ажлын хэсэг ч гэсэн албан бус ажлын хэсэг давхар уулзалтууд хийж байгаа гэж эх сурвалж мэдээлэв. 

    АН-ын зарим удирдлагын яриагаар бол маш олон хувилбаруудаас хамгийн ашигтайг нь сонгохоор ярьж байгаа гэнэ. Тэр нь бүх намуудыг засагтаа урьж оролцуулах. Эсвэл Н.Энхбаярын тэргүүлдэг МАХН-ыг засгийн гадна үлдээх. Энэ хоёрын аль нэгийг нь сонгохоор төлөвлөж эхэлсэн гэнэ. 

    Өөрөөр хэлбэл "Шударга ёс" эвсэлийг задалж байгаа бололтой. Н.Энхбаярын МАХН-ыг засагтаа оруулахгүй үлдээж, М.Энхсайханы тэргүүлдэг МҮАН-ыг татаж оролцуулах бололтой. Тэгэхдээ М.Энхсайханыг Засгийн газартаа уриад яриа хэлэлцээрүүд өрнүүлж байгаа аж. Шалтгаан нь нэгд М.Энхсайханы эдийн засгийн шинэчлэлийн бодлого хэрэгтэй. Хоёрт дан дээлтэй сайд гэсэн зарчимд нийцэж байгаа. Гуравт "Шударга ёс" эвслийг задлах бодлогод нийцэж байгаа аж. АН-ын энэхүү бодлого үнэн бол түүнд нь МАН-ынхан оролцсон магадлал өндөр юм. 

    Хэрэв М.Энхсайханы намыг засагтаа уриад оруулчихвал эвслийн 11 гишүүнээс М.Сономпил, Г.Уянга, Н.Батцэрэг гэсэн гурван гишүүн эрх баригчдын талд дуугарна гэсэн үг. Харин Д.Тэрбишдагва, Ч.Улаан, О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ, Ц.Цолмон, Ц.Оюунбаатар гэсэн гишүүд тойргын гадна үлдэнэ. УИХ-ын дэд дарга Л.Цог намаасаа хөөгдөж магадгүй учир МАН, АН-ын аль нэгтэй нь нэгдэх магадлал илүү. Намдаа үлдлээ гэхэд МАХН-ынхантай нийлэхгүй. Тэгээд ч МАХН-ын гишүүдээс Д.Тэрбишдагва, Ч.Улаан, Ц.Оюунбаатар гурав МАН-ынхантай илүү ойртох болсон. Ингээд бодвол Н.Энхбаярын талд О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ, Ц.Цолмон гурав л үлдэж байна гэсэн үг л дээ. Өөрөөр хэлбэл эдгээр гишүүд АН-ын бодлогын гадна үлдэж байгаа бололтой. 

    Энэ хувилбарыг илүү үндэслэлтэй гэсэн яриа саарал ордноор тарж байна. Тийм гэж үзвэл АН, МАН, МҮАН, ИЗНН гэсэн дөрвөн намын нэгдэл Ч.Сайханбилэгийн танхимд оролцох нь тодорхой боллоо. Бодлогын гадна МАХН ба бие даагчид үлдвэл сөрөг хүчний байр суурьт шилжих нь тодорхой юм. Хэлэлцээр үргэлжилж байна.